Ажилт хаялтыг эсэргүүцэж байгааг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2018.09.07-нд нийтлэгдсэн

Ажилт хаялтыг эсэргүүцэж байгааг эсэргүүцэв

Ажилт хаялтыг эсэргүүцэж байгааг эсэргүүцэв

Ерөнхий боловсролын сургуулийн багш нар энэ сарын 3-наас эхлэн ажил хаяв. Тухайлбал эхний өдөр 12 сургуулийн (Баянгол дүүргийн 93 дугаар сургууль, “Эрдмийн өргөө”, Баянзүрх дүүргийн 79, 84, 97, 102, 120, “Амгалан”, Хан-Уул дүүргийн 34, 41, 118 дугаар сургууль) багш нар ажил хаялтад нэгдсэн юм.  Ажил хаялт хүрээгээ тэлсээр байна. Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлж буйгаар одоогийн байдлаар 47 сургуулийн багш нар ажил хаяад байна. Түүнчлэн ажил хаялтад оролцох хүсэлтээ 33 цэцэрлэг ирүүлснээс 12 нь өчигдөр /2018.9.6/  ажил хаясан гэж МБШУҮЭХ мэдэгдлээ. Үүнд Баянгол дүүргийн 88 дугаар цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 61, 122, 191, Сүхбаатар дүүргийн 130, 135, 143, 225 дугаар цэцэрлэг, Дорноговь аймгийн нэг, Завхан аймгийн нэг, Сэлэнгэ аймгийн хоёр цэцэрлэг багтаж байна.

Ажил хаялтыг олон эцэг эх, зарим багш нар ч эсэргүүцэж байгаа юм. Тиймээс ажил хаясан цэцэрлэг сургуулиудаар очлоо. Нийслэлийн 122 дугаар цэцэрлэг дээр очив. Цэцэрлэгийн хашаанд ажил хаяж байгаа талаар мэдэгдэл наасан байлаа. Цэцэрлэг дотор нам жим байсан тул ажил хаялтын талаар тодруулга өгөх хүн байгаа жижүүрээс лавлахад хоёр давхарт багш нар хуралдаж байгааг дуулгав. Ингээд хоёр давхарт гартал “Ажил хаялтын хүр хороо”, “Ажил хаялт явагдаж байна” гэсэн хаяг наасан өрөөнд багш нар хуралдаж байв.

373 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ ҮЙЛЧЛЭГЧИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ БАЙНА

Ажил хаялтын талаар 122 цэцэрлэгийн багш, Үйлдвэрчний эвлэлийн дарга Ц.Баялагаас тодрууллаа.

-Цэцэрлэгийн хэдэн багш ажил хаялтад нэгдээд байна вэ. Ажил хаялтын гол зорилго нь юу вэ?

-Манай цэцэрлэг 51 цагш, ажилчидтай. Үүнээс 43 нь ажил хаяж байна. Бидний ажил хаялтад нэгдэж байгаа шалтгаан нь багш нарын цалинг нэмүүлэхээс гадна бусад түгээмэл мэргэжилтэн, ажилчдын цалинг нэмүүлэх. Бүгд адил хэмжээний ачаалалтай ажилладаг хэрнэ зөвхөн багш нарын цалинг 12.3 хувь нэмсэнд бусад ажилчид сэтгэл гонсгор байгаа. Тиймээс боловсролын салбарт ажиллаж байгаа бүх хүний цалинг жигд нэмэхийг шаардаж байна. Цэцэрлэгийн багш нарын цалинг 12.3 хувиар нэмж байгааг талархалтайгаар хүлээн авч байгаа ч цэцэрлэгт ажиллаж байгаа ажилчдын цалин бага хэвээр байна. Цэцэрлэгийн үйлчлэгч 373 мянган төгрөгийн цалин авдаг. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхөөс гадна, сард хоёр хувааж цалингаа авдаг. Бид эдгээр хүмүүсийн төлөө тэмцэж байна.

-Ажил хаях мэдэгдлээ хэзээ өгсөн бэ. Өнөө өглөө хүүхдээ цэцэрлэгт нь өгхөөр ирсэн аав, ээж байсан уу?

-Манай цэцэрлэг ажил хаях мэдэгдлээ наймдугаар сарын 22, 27-нд өгсөн. 122 дугаар цэцэрлэгт 911 хүүхэд хүмүүжиж байна. Эдгээр хүүхдийн эцэг, эхэд ажил хаях талаар хоёр хоногийн өмнөөс мэдэгдсэн. Өмнөх өдөр нь бүх хүүхдийн эцэг, эхэд утсаар дахин мэдэгдсэн. Тиймээс хүүхдээ авч ирсэн аав, ээж бараг байсангүй. Бид хүүхдийн эрх ашгийг хохироохыг хүсэхгүй байна. Тиймээс Засгийн газар бидний шаардлагыг сонсч, биелүүлэхийг хүсч байна.

-Багш нар яг одоо хуралдаж байна. Хурлаар юуг түлхүү ярилцаж байна вэ?

-Өнөөдрийн хуралдаанаар ажил хаялтын талаар, үүнд оролцоход ямар хууль эрхзүйн мэдлэгтэй байх ёстой талаар ярилцаж байна.

АЖИЛ ХАЯЛТЫГ ЭЦЭГ ЭХЧҮҮД ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

Дараа нь анхны цахим сургууль гэгддэг 84 дүгээр сургуульд очлоо. Угтагчид хэрэг зоригоо дуулгахад багш нар хуралдаж байгааг учирлаад хүсэлтийг минь тэдэнд дамжуулахаар явлаа. Энэ үед зургаан багш гарч ирэв. Ямар зорилгоор ирснийг дахин лавлаад ажлын үнэмлэхийг маань нэгэндээ дамжуулан шалгав. Тэдэнд багш нарын ажил хаялтын талаар сурвалжлага бэлтгэж яваагаа хэлээд Үйлдвэрчний эвлэлийн дарга, эсвэл гишүүнээс тодруулга авах хүсэлтэй байгаагаа учирлалаа. Тэнд байсан багшийн нэг нь “Үнэн худал нь мэдэгдэхгүй хүмүүс ирээд баахан юм асууж байснаа очоод сөрөг юм бичээд байгаа юм. Үнэмлэх дээрх нэрийг нь сайтаас нь хайгаад үз. Энэ нэрээр багш нарын талаар ямар юм бичсэнийг нь шалга” гэлээ. Энэ хооронд багш нар хэвлэл мэдээллээр тэдний талаар сөрөг мэдээлэл гарч байгаад бухимдаж байгаагаа хэлж, илрхийлж байлаа. Хэсэг хугацааны дараа тодруулга өгөхөөр болж, хурал болж байгаа өрөөнд дагуулж оров. Багш нар ширээ тойрон суусан байлаа. 84 дүгээр сургуулийн Ажил хаялт зохион байгуулах ажлын хэсгийн гишүүн Б.Цэрэндолгор яриа өгсөн юм. Багшийг ярьж эхлэх үед нэгэн багш “Яриаг нь давхар хурааж ав, бас протокол хөтөл” гэв. Түүний хэлснийг ёсоор болголоо.

Тодруулгын эхэнд Б.Цэрэндолгор багш “Ажил хаясан дөрөв хоногийн хугацаанд сөрөг мэдээлэл их орж ирж байна. Багш нар ямар зам туулаад, юуны төлөө ингээд зогсч байгаа талаар бичсэн, хэлсэн ганц ч сэтгүүлч байсангүй. Тиймээс энэ хүмүүсийн цухалдах нь түмэн зөв. Бидний чин зорилго цалингаа нэмүүлэхээр улайран зүтгэх биш. Нийгэм яагаад цухалдалд хүрэв. Оюун ухаан, нэгнээ хүндлэх зүйл хаягджээ. Үүнийг хамгаалах, үүний төлөө тэмцэх ёстой хүн нь багш нар. Тиймээс бид нийгмээс хамгаалал хүсч байна. Нэгдүгээрт, бид эдийн засгийн баталгаат хамгаалалтай баймаар байна. Бидний авч буй цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 200 хүрэхгүй мянган төгрөгөөр л ялгаатай байна. Сонин дээр монголчуудын гуравны нэг нь буюу 29.6 хувь нь ядуу гээд гарсан байсан. 29.6 хувийн нэг хэсэг нь багш нар бид. Ажил хаяад дөрөв хонож байхад багш нарын талаар эерэг  мэдээлэл нэг ч гарсангүй. Бүгд багш нарын эсрэг дайрч байгаа нь тэднийг хамгаалах эрх зүйн орчин байхгүйн шинж. Цалингаар дамжуулан бид нэг зүйлийг ярьж байгаа. Бид ажил хаяснаар хүүхэд хохирч байгаа. Гэтэл хичээлдээ суусаар байгаад хохирч байгаа хүүхдийн эрх ашгийн төлөө хэн ч дуугараагүй. Үүнийг хэн хэлсэн багш нар л хэлсэн.

30 хүүхэд суух ёстой танхимд 60 хүүхэд сууснаар хүүхэд эрүүл мэнд, сурах эрхээрээ хохирч байна. Багш 40 минутад 60 хүүхдэд хүрч ажиллаж чадахгүй. Хичээлийн дараа хүүхдэд дэмжлэг үзүүлэх боломжгүйгээс хүүхэд хоцрогддог. Хоцорсон хүүхдэд дэмжлэг үзүүлэх гэхээр талбай, цаг олддоггүй. Ингэж хүүхэд хохироод байхад үүний төлөө тэмцэж байгаа багш нарын эсрэг Ажил хаялтын эсрэг эцэг, эхийн холбоо байгуулагдсан байна. Холбоо ганцхан шөнийн дотор 5000 гишүүнтэй болсон байна.Бид үүнийг эсэргүүцэн хүлээн авч байна” гэлээ.

Хүүхдүүд хохирсоор л

Түүнчлэн “Танай сургууль ажил хаях мэдэгдлээ хэзээ өгсөн, сургууль хэдэн багш, сурагчтай зэрэг мэдээлэл өгөхгүй юу” гэсэн асуултад “Энэ сургуульд ажил хаялт хэзээ эхэлсэн, хэдэн хүнтэй, хэдэн хүүхдийн төлөө ийм юм хийчхэв гэж асууж байгаа чинь тун харамсалтай байна. Боловсролын салбарт мөрдөх хууль тогтоомжууд гэж байдаг. Бид үүнийг мөрдөж байгаа. Энэ хуультай холбоотой арга зүйг саяхан гаргасан. Чиний цаад зорилгыг ойлгож байна. Яаж ийж байгаад хэдэн багш нарын зоригийг мохоох, унагах зүйл хайгаад байна. Би чамд ганцхан юм хэлье. Бид тавдугаар сарын 1-нд ажил хаяна гэж зарласан, үүнийгээ удирдах дээд байгууллагадаа мэдэгдэж байсан. МҮЭХ, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Энэ хугацаанд Багшийн цалинг нэмүүлэх түр хороогоор уламжлан Монгол улсын эвийг илрхийлэгч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, төрийг төлөөлөгч УИХ-ын дарга, Монголын хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалагч МҮЭХ-д 54 бичиг баримт өгч, тавдугаар сарын 1-нд ажил хаяхаа мэдэгдэж, шаардлага хүргүүлсэн. Үүний дагуу ажил хаялт зарлах гэж байтал яалт ч үгүй 12 дугаар анги төгсөх хүүхэд гарч ирсэн. Тэдэнд боломж олгоё, магадгүй манай мулгуу төр төгсч байгаа хүүхдүүдийн шалгалтыг ч өгүүлэлгүй хүүхдээр тоглочиж магадгүй гэж бид сэрэмжлээд төгсөх шалгалтыг өгүүлсэн. Есдүгээр сарын 1-нээс ажил хаялт хийнэ гэдгийг яамнаас ч МҮЭХ-ноос мэдэгдсэн. Тийм ч учраас МҮЭ долдугаар сарын 2-нд ажил хаялт зарлалаа гэдгийг мэдэгдсэн. Үүнээс өмнө хэлэлцээр гэдэг хадны мангааОУВС гэсэн хоёр зүйлээр шаардлагын хариуг халхалсаар байсан. МҮЭХны ерөнхийлөгч Х.Амагланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн дарга Ж.Батзориг нар олон нийтэд мэдэгдсэн тул ажил хаялт хийх эрх зүй үүсч гэж ойлгон бид наймдугаар сарын 27-нд бүх гишүүдийнхээ хурлыг хийсэн. Ингэхдээ энэ баримт бичгийн дагуу (Боловсролын салбарт мөрдөх хууль тогтоомжуудхурлаа хийж, гарын үсгээ зурсан. Энэ ногоон номд буруу биччихээгүй юм бол бүх зүйл ёс журмынхаа дагуу явж байгаа. Манайх 5022 сурагчтай. Үүнээс өөр мэдээлэл би чамд өгч чадахгүй” гэлээ.

 Тэдний тэмцэл ч, түүнийгээ илэрхийлж байгаа хэлбэр нь ч үнэхээр туйлджээ. Засгийн газар, багш нар хоорондын хэрүүл дунд хүүхдүүдийн эрх ашиг хохирсоор байх нь ээ.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж