Б.Навчаа: Эхнэрээ зодож хөнөөсөн этгээд сул чөлөөтэй явж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.07-нд нийтлэгдсэн

Б.Навчаа: Эхнэрээ зодож хөнөөсөн этгээд сул чөлөөтэй явж байна

Та ээжийг минь ингэтэл нь зодоод байх даа яах вэ дээ

Б.Навчаа: Эхнэрээ зодож хөнөөсөн этгээд сул чөлөөтэй явж байна

“Та ээжийг минь ингэтэл нь зодоод байх даа яах вэ дээ. Арай ч дээ хэмээн хашхирах охины дуу эмнэлгийн өрөөнд хадав. Охин цурхиран уйлж гомдол харууслын гунигтай харцаар хойд эцэг рүүгээ ширтлээ…”

2018 оны эхний улирлын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 184 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүний цаана бүртгэгдээгүй өөрөөр хэлбэл, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө хүчирхийллийг тэвчин суугаа ахмад настан, хүүхэд, эмэгтэйчүүд хаалттай хаалганы ард хэчнээн байгааг хэлэхэд бэрх.

Хүчирхийллийн золиос болж амиа алдсан нэгэн эмэгтэйн тухай жүжигчин Б.Навчаа өөрийн цахим хуудаснаа гурван сарын өмнө пост оруулсан. Тиймээс энэ асуудлаар Б.Навчаатай уулзаж болсон хэрэг явдлын талаар сонслоо. Тэрбээр өмгөөлөгч Р.Булгамаагийн хамт бидэнтэй ярилцсан юм.

ТАЛИЙГААЧИЙГ ХАДААСТАЙ БАНЗААР ХЭВТЭРТ ОРТОЛ НЬ ЗОДСОН ГЭВ

Энд өгүүлэх аймшигт хэрэг одоогоос таван сарын өмнө Хэнтий аймагт гарчээ. Жүжигчин Б.Навчаа болон өмгөөлөгч Р.Булгамаагийн ярьснаар  талийгаач  н.Осгонтуяа нөхөр н.Цогтбаяр нар ханилаад 9 жил болжээ. Тэд дундаасаа гарсан есөн настай охины хамтаар Хэнтийд амьдардаг байсан аж. Тэр нэгэн өдөр буюу, талийгаач амиа алдахаас арав хоногийн өмнө 2018 оны дөрөвдүгээр сарын 5-нд тэднийд нөхрийнх нь танил гэх н.Хэрлэнчимэг зочилж, Цогтбаяртай архидан согтуурч, янаг амрагийн явдал үүсгэсэн бололтой.

Хэрэг гарах үед тэдэнтэй хамт байсан есөн настай охины яриагаар “Тэр эгч ээжийг минь гарсан хойгуур аавыг үнсэж, бүсэлхийгээр нь тэвэрч байсан” гэж  төрсөн эгчдээ ярьсан байна. Ингээд тэр оройдоо Хэрлэнчимэг Хэнтий аймагт амьдардаг аавынхаа гэрт талийгаачийг нөхөр бага охиных нь хамтаар авчирчээ. Хэрлэнчимэг, Цогтбаяр хоёр архидаж, улмаар эхнэрийнхээ нүдэн дээр завхайрсан болохыг бага охин гэрчилсэн байдаг. Тухайн үед талийгаач тэсгэл алдан нөхөртөө “Битгий намайг доромжлоод байгаарай” хэмээн бухимдангуй хэлэхэд Цогтбаяр түүнийг толгой, хэвлийн тус газар нь хөлөөрөө дэвсэлж, нүр нүдгүй зодсон байна.

Талийгаач нөхрийнхөө зодуурыг даалгүй өвдөхийн эрхэнд гэрээс гарч зугтаахад ардаас нь Цогтбаяр хадаастай банз сугалан авч бүсгүйг цус нөжтэй нь хутгалдтал нь зодсон талаар жүжигчин Б.Навчаа өгүүлэв. Тухайн үед н.Хэрлэнчимэгийн гэрт олон хүн байсан ч “Эр эмийн явдалд илжиг бүү жороол” гээд тоогоогүй талаараа  тэнд байсан хүмүүс хэргийн шалгалтын явцад мэдүүлсэн гэнэ.

ТАЛИЙГААЧИЙН АМ РУУ ӨВЧИН НАМДААХ ЭМ, АРХИ ЦУТГАЖЭЭ

Талийгаачийг нь үхлүүлт болтол нь зодсон хойноо Цогтбаяр гаднаас орж ирэн есөн настай охиноо гэрээс гарвал ална шүү хэмээн сүрдүүлж, ээжтэй нь уулзуулахгүй хорьсон бөгөөд тэр өдрөөс хойш талийгаач эмэгтэйн бие муудаж, Хэрлэнчимэгийнд хоёр хоног хоригджээ. Маргааш нь буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Цогтбаяр талийгаачийг гэрт нь авчирч, гэрийн хорионд оруулсан болохыг бага охин нь хэлсэн байна. Ингэхдээ Цогтбаяр, Хэрлэнчимэг нар нийлэн талийгаачид ухаан ормогц өвчин намдаах эм, лаа өндөр тунгаар өгч, ам руу нь  архи цутгасан аж.

Удалгүй талийгаачийн бие огцом муудаж, өтгөн шингэнтэйгээ холилдож ухаан алдсан тул түүнийг 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтүүлжээ. Хамгийн ноцтой нь талийгаачийн цусанд будагдсан ор хөнжлийн даавуу, өмссөн хувцас зэргийг нөхөр нь Хэрлэнчимэгтэй нийлэн шатааж эд мөрийн баримтыг ор мөргүй устгасан байна. Ингээд сэхээнд орсон талийгаач бүсгүйн бие өдрөөс өдөрт муудаж 2018 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр амьсгал хураажээ. Бүсгүйг үхлүүт хэвтэж байхад түүний том охин болох н.Уянга хэд хэдэн удаа ээжтэйгээ ярихаар оролдсон боловч Цогтбаяр утсыг авч ээж чинь “Банштай цай хийж байна. Жорлон орсон байна тэгж байгаад яриулъя” гэх мэтээр нэг ч удаа утсаар яриулаагүй байж.

ТАЛИЙГААЧИЙГ ЭЛЭГНИЙ ЦИРРОЗООС БОЛЖ НАС БАРСАН ГЭВ

Талийгаачийн том охиныг Уянга гэдэг энэ жил 19 настай. Тэрбээр энэ хэргийн талаар хүний эрхийн байгууллага, төрийн бус  байгууллага, УИХ-ын нэр бүхий гишүүдэд хандсан ч хэн ч гар сунгаагүй аж. Тиймээс аргаа барсан охин хүчирхийллийн эсрэг киногоор танигдсан жүжигчин Б.Навчаад захидал бичиж энэ хэрэгт туслалцаа үзүүлэхийг хүссэн нь энэ юм.

Уянга охин ээжийгээ сэхээнд байгааг нутгийнхаа эгчээс сонсжээ. Охин энэ тухайгаа Б.Навчаад бичсэн захидалдаа ээжийн найз 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр “Ээжид чинь санаа зовоод утсаа авахгүй болохоор нь нөхөр нь зодсон юм биш байгаа. Юмыг яаж мэдэх вэ гээд эмнэлгээр суртал нүүр ам нь мэдэгдэхгүй хүн аймар юм сэхээнд хэвтэж байна” гэж утсаар сураг дуулгасан. Түүнийг сонссон даруйд Цогтбаяр руу залгаж замын унаагаар ээж дээрээ очсон. Эмнэлгийн өрөөнд ороход ээжийн бие бүхэлдээ хавантай, бүх бие нь хөхөрч, зулгарсан байсан. Би хараад таниагүй. Тэгээд сэтгэл  зүсэгдэх болж  Цогтбаярт хандан “Та ээжийг минь ингэтэл нь зодоод байхдаа яах вэ дээ. Арай ч дээ хэмээн хашхирсан. Гэтэл хариуд нь Цогтбаяр “Би зодоогүй. Ямаа мөргөсөн” гээд түүнийг түлхэж унагаагаад элдвийг хараасан талаар бичжээ.

Энэ явдлын дараа талийгаач охинтойгоо хэдхэн үг солиод амьсгал хурааж Уянга охин хоёр дүүтэйгээ өнчирч үлдсэн юм. Хамгийн харамсалтай нь талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт Цогтбаярын буруутай үйлдлээс биш “Элэгний цирроз өвчнөөс болж амиа алдсан” гэж гарчээ. Охин үүнийг эсэргүүцэж ээжийг нь үхэлд хүргэсэн алуурчдад хариуцлага тооцуулахаар хууль хяналтын байгууллагад хандсан ч тэд авч хэлэлцээгүй аж. Эцэст нь жүжигчин Б.Навчаа охинд туслахаар сэтгэл шулуудаж хоёр сар гаруйн хугацаанд өмгөөлөгч хөлсөлж, энэ хэрэгт анхаарлаа хандуулж ажиллаж байгаагаа бидэнд ярьсан юм.

ШҮҮХ ЭМНЭЛГИЙН БАЙГУУЛЛАГАД МАШ ИХ ГОМДОЛТОЙ БАЙНА

Жүжигчин Б.Навчаа “Талийгаачийн охин намайг “Ларьдма” киног хийсэн болохоор энэ хүн тусалж магадгүй гээд эцсийн байдлаар хандсан юм байна лээ. Би охинд туслахаар болж өмгөөлөгчид хандаад, зардлыг нь өөрөөсөө гаргахаар болсон юм. Энэ хэрэгт талийгаачийг элэгний циррозоос болж нас барсан гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Түүнийг нас барсны дараа гурван ч удаа шүүхийн шинжилгээний байгууллагад хандахад дүгнэлт нь яг өмнөхтэйгөө ижил гарсан. Тэгэхээр шүүх эмнэлгийн байгууллагад маш их гомдолтой байна.  Хамгийн чухал нь шүүх эмнэлгийн эмч нарт итгэл алдарлаа.

Хохирогч нас барахаас өмнө сарын өмнө үзүүлэхэд элэгний алат асат 80,90-тэй  байсан. Гэтэл амиа алдахдаа гурван мянга гарантай байсан юм билээ. Хэрэгт холбогдсон этгээдүүд хуулиар явах юм бол 450 мянган төгрөгийн торгууль төлөөд хэргээс мултрах байх. Яагаад гэхээр талийгаачийг үхэлд хүргээгүй, өвчний улмаас амиа алдсан гэсэн дүгнэлт гарсан болохоор тэр шүү дээ. Гэтэл Цогтбаяр гэдэг хүн өмнө нь дөрөв, таван удаа ял авч байсан. Анхныхаа эхнэрийнхээ хөхийг заазуурдаад хоёр гурван жилийн ял аваад тэгээд өршөөлөөр суллагдсан этгээд байсан. Түүгээр зогсохгүй талийгаачийг өмнөнь удаа дараа зодож дөрвөн жил шоронд суугаад гарсан гэх юм билээ” хэмээн ярилаа.

Одоогоор уг хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газар шалгагдаж буй бөгөөд талийгаачийг үхэлд хүргэсэн Цогтбаяр, Хэрлэнчимэг нар сул чөлөөтэй яваа юм байна. Харамсалтай нь, талийгаачийг үхэлд хүргэсэн Хэрлэнчимэг энэ хэрэгт гэрчээр татагдаж, Цогтбаярыг цагдаагийн байгууллагаас нэг  удаа саатуулаад сулласан аж.

Э.АРИУН

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж