Мал сүрэг 51.6 сая толгойд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2014.12.30-нд нийтлэгдсэн

Мал сүрэг 51.6 сая толгойд хүрчээ

Үндэсний статистикийн хорооноос мал тооллогын урьдчилсан дүнг танилцуулаад байна. Түүгээр 2014 оны жилийн эцэст Монгол Улсын мал сүргийн нийт дүн 51.9 сая толгойд хүрч, 2013 оныхоос 15.1 хувь буюу 6.8 саяар өсчээ. Урьдчилсан дүнгээр адуун сүргийн тоо толгой 2.9 сая, үхэр  3.4 сая, тэмээ 349.3 мянга, хонь 23.2 сая, ямаа 22.0 саяд хүрч, 2013 оныхоос адуу 375.9 мянга, үхэр 503.3 мянга, тэмээ 27.8 мянга, хонь 3.1 сая, ямаа 2.8 сая толгойгоор өссөн байна.

Нийт мал сүргийн дотор адуу 5.8 хувь, үхэр 6.6 хувь, тэмээ 0.7 хувь, хонь 44.7 хувь, ямаа 42.3 хувийг тус тус эзэлж, өмнөх оныхоос ямааны эзлэх хувь 0.3 пунктээр буурч, үхрийн эзлэх хувь 0.2 пункт, хониных 0.3 пунктээр өсч, адуу, тэмээний эзлэх хувьд өөрчлөлт орсонгүй.

Урьдчилсан дүнгээр малын тоо Орхон аймагт 55.9 мянган толгойгоор буурч, бусад аймагт 43.8-625.0 мянган толгойгоор өсчээ. Сүхбаатар, Увс, Говь-Алтай, Завхан, Булган, Ховд, Хэнтий, Дундговь, Баянхонгор, Архангай, Хөвсгөл, Төв, Өвөрхангай аймгуудад  малын тоо  хамгийн олон буюу 326.8-625.0 мянгаар өссөн байна.

Ингэхдээ Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Говьсүмбэр зэрэг 12 аймаг, Улаанбаатар хот малаа 5 төрөл дээр нь өсгөжээ.

Малын тоо, 2014 онд, урьдчилсан дүнгээр

Хамгийн олон мал тоолуулсан  эхний 5 аймагт Архангай (4293.9 мянга), Төв (4181.5 мянга), Хөвсгөл (4156.8 мянга), Өвөрхангай (4111.1 мянга), Баянхонгор (3465.9 мянга) аймгууд орж байна.

Малын тооны өсөлтийг төрөл тус бүрээр авч үзвэл:

Адуун сүргийн тоо 20 аймаг, Улаанбаатар хотод өсч, адууны тоогоор Төв (331.0 мянга), Архангай (304.0 мянга), Булган (253.3 мянга), Өвөрхангай (246.9 мянга), Сүхбаатар (231.2 мянга) аймгууд эхний 5 байрт орж байна.

Үхэр сүргийн тоо 20 аймаг, Улаанбаатар хотод өсч, үхрийн тоогоор Архангай (502.6 мянга),  Хөвсгөл (355.4 мянга),  Төв (289.4 мянга), Булган (259.1 мянга),  Хэнтий (239.8 мянга) аймгууд эхний 5 байрт орж байна.

Тэмээн сүргийн тоо 17 аймаг, Улаанбаатар хотод өсч, тэмээний тоогоор Өмнөговь (112.7 мянга), Баянхонгор (41.7 мянга),  Дорноговь (34.8 мянга), Говь-Алтай (32.7 мянга),  Дундговь (28.0 мянга) аймгууд эхний 5 байрт орж байна.

Хонин сүргийн тоо 20 аймаг, Улаанбаатар хотод өсч, хонины тоогоор Архангай (2229.9 мянга), Төв (2125.7 мянга), Хөвсгөл (1996.9 мянга), Өвөрхангай (1820.9 мянга), Булган (1648.4 мянга) аймгууд эхний 5 байрт орж байна.

Ямаан сүргийн тоо 20 аймаг, Улаанбаатар хотод өсч, ямааны тоогоор Баянхонгор (2138.1 мянга), Өвөрхангай (1838.0 мянга), Говь-Алтай (1619.7 мянга), Хөвсгөл (1619.2 мянга),  Төв (1432.5 мянга) аймгууд эхний 5 байрт орж байна. 

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж