Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгийн байгууллагуудын гадна зам талбайг иж бүрэн тохижуулах ажлыг 2016 оноос эхлүүлж, Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Хавдар судлалын үндэсний төвийн гадна зам талбайг иж бүрэн тохижуулан ашиглалтад хүлээлгэн өгсөн билээ.
Энэ онд нийслэлийн Өргөө амаржих газар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт судлалын үндэсний төв, Амгалан амаржих газар, ХУД-ийн 1-р амбулаторийн гадна зам талбайн тохижилтын ажлыг иж бүрэн хийж ашиглалтад хүлээлгэн өгсөн байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр дээрх эмнэлгүүдийн гадна зам талбайн тохижилттой танилцаж, Амгалан амаржих газрын тохижилтын ажлын нээлтийг хийв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Засаг даргын мөрийн хөтөлбөрт нийслэлийн иргэдийг эрүүл аюулгүй амьдрах орчныг бий болгох гэсэн маш том зорилт бий. Үүний хүрээнд улсын болон нийслэлийн харьяа эмнэлгүүдийн гадна зам талбайн тохижилтын ажлыг хийж байгаа. Эмнэлгээр үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, ажилчдын ажлын байрны нөхцөл байдлыг сайжруулах асуудал маш чухал. Нийслэлээс нийтдээ 18 эмнэлгийн гадна зам, талбайн тохижилтын ажлыг хийхээр төлөвлөсөн. 1980-аад оноос хойш улсын болон дүүргийн эмнэлгүүдийн гадна тохижилтын ажил хийгдээгүй байсан. 2016 оноос хойш 14 эмнэлгийн тохижилтыг хийгээд байна. Ирэх онд дөрвөн эмнэлгийн гадна зам талбайн тохижилтыг хийнэ” хэмээв.
“Иргэд эмнэлгийн хашаанд орж ирсэн цагаасаа эмнэлгийн тусламж, үйлчилгээг авдаг. Нийслэлээс ЭМЯ-ны харьяа улсын эмнэлэг болон нийслэлийн харьяа дүүргийн эмнэлгүүд, амаржих газруудын тохижилтын ажлыг бүрэн хийгээд байна. Иргэд энэ ажлыг эерэгээр хүлээн авч байна” хэмээн нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар ярилаа.
Эмнэлгийн байгууллагын гадна зам зам талбайг иж бүрэн тохижуулж, авто зогсоол, гэрэлтүүлэг, явган зам, ногоон байгууламж, ойн төгөл бүхий амралтын орчин, яаралтай түргэн тусламжийн автомашин, нисдэг тэрэгний стандартын зогсоолуудыг бий болгож, эмнэлгийн орчмын хөдөлгөөний зохион байгуулалтыг шийдвэрлэн орц гарцыг нэмэгдүүлж, иргэд түгжрэлгүй, аюулгүй, эрүүл орчинд эмнэлгийн үйлчилгээ авах, үйлчлүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
Ирэх онд Налайх, Багануур, Багахангай дүүргийн нэгдсэн эмнэлэг, Улсын төв 1 дүгээр эмнэлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний төв, Сэтгэц судлалын үндэсний төвийн гадна зам талбайг иж бүрэн тохижуулахаар төлөвлөж, тохижилтын ажлын зураг төслийг боловсруулж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Холбоотой мэдээ