Монгол, Австралийн Гадаад харилцааны яам хоорондын ээлжит буюу 3 дугаар зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо 9 дүгээр сарын 6-ны өдөр болж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Гадаад хэрэг, худалдааны яамны Хойд Азийн асуудал эрхэлсэн Туслах нарийн бичгийн дарга Грахэм Флетчер нар тус тус төлөөлөгчдөө ахалж оролцов.
Хоёр тал 2014 оноос хойш ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтын механизмтай болсон бөгөөд тус механизм нь Монгол, Австралийн харилцааны байдал, төлөвийн талаар санал солилцох, харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэх, хамтын ажиллагааны тодорхой асуудлууд болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар ярилцаж, уялдаа холбоог хангахыг зорьдог.
Энэ удаагийн уулзалтаар Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагаа улс төр, боловсрол, эдийн засаг, уул уурхай зэрэг олон салбарт амжилттай хөгжиж, “Өргөн хүрээтэй түншлэл”-ийн түвшинд хүрснийг талууд тэмдэглэв. Өнгөрсөн уулзалтаас хойш уул уурхай, боловсрол зэрэг уламжлалт хамтын ажиллагааны салбаруудаас гадна гамшгаас сэргийлэх, онцгой байдлын зэрэг чиглэлд ахиц гарч байгааг сайшаав. Улс орны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, тогтвортой хөгжлийг хангахад тус дөхөм болохуйц, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Австралийн тэргүүний техник технологи, хөгжлийн туршлагаас Монгол Улсад нэвтрүүлж нутагшуулах талаар хөндөж ярилцав.
Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
Холбоотой мэдээ