Олон улсын цэргийн наадмын хүрээнд цэргийн морин уралдааныг Монгол Улсад зохион байгуулах тухай ОХУ-аас илгээсэн хүсэлтийн дагуу “Аравт” цэргийн морин уралдааныг туршилтын журмаар Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв, Төв аймгийн Алтанбулаг, Аргалант сумын нутаг дэвсгэрт 8 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Анхдугаар уралдаанд Зэвсэгт хүчний 032, 232 дугаар ангийн офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид 3 тасаг болон өрсөлдсөн бөгөөд уралдаанд ашиглах агт морьдыг Улаанбаатар хот, Хэнтий аймгийн Өндөрхаан, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумаас тээвэрлэн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд хүргэж ирсэн юм. Багийн бүрэлдэхүүнд тасгийн захирагч-1, морьт бүлэг-3, нөөц бүлэг-1 (бүлэг тус бүр 3 хүнтэй), нийт 13 цэргийн алба хаагч багтсан бөгөөд тэмцээн алсын зайн морин марш болон богино зайн холимог буухиа гэсэн 2 үе шаттайгаар явагдлаа. Уралдааны ерөнхий шүүгчээр ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, шүүгчдээр ЗХЖШ-аас томилогдсон бүрэлдэхүүн ажилласан юм. Алсын зайн морин маршийн тэмцээнд ус гатлалт, морь сэлгэх, хээрийн хоноглолт, татан гаргалт гэсэн нийт 4 цэг бүхий 138 км замыг боломжит богино хугацаанд туулж барианд орсноор дүн гарсан юм. Уралдаан явагдах газар орон, зам талбайн маршрут, цэгийг Зэвсэгт хүчний 013, 014, 084, 089, 310, 311 дүгээр ангийн хүч хэрэгслийг ашиглан төхөөрөмжлөн бэлтгэсэн бөгөөд ОБЕГ, “Мобиком” корпораци хамтран баг, тамирчдын аюулгүй байдлыг хангах, холбоо, хяналтын системийг зохион байгуулах ажилд дэмжлэг үзүүллээ.
АЛСЫН ЗАЙН МОРИН МАРШ
Хагас зэрлэг, тэсвэр тэвчээртэй монгол адуу Аугаа их эх орны дайны жилүүдэд Зүүн фронтын хүнд хэцүүг сайн дааж байсан тухай маш олон баримт байдаг. Үүнийг батлан харуулах гэж уул, ус, хад, чулуун саадтай 138 километр замыг 2 хоногийн хугацаанд монгол цэрэг, морь хоёр чадварлаг туулахыг харахад бахархах сэтгэл төрнө.
УС ГАТЛАЛТЫН НЭГДҮГЭЭР ЦЭГТ
Тасаг гараанаас гарч 13 километр замыг туулж, ус гатлалтын нэгдүгээр цэгт тулж ирэхэд 1-1,2 метр гүн, 50 метр өргөн, 1,5 метр секундийн урсгалын хурдтай, хөрс нь чулуулаг ихтэй Туул голын сав газар төхөөрөмжилсөн саад тэднийг угтсан. Хязгаарлах бүсийн цаана усан завьтай ОБЕГ-ын аврах бүлэг аюулгүй байдлыг ханган ажиллаж байв. Тасаг бэлтгэсэн заагт усан саадыг тактикийн ажиллагаатай туулснаар өөрсдийн оноог цуглуулсан юм.
МОРЬ СЭЛГЭХ ХОЁРДУГААР ЦЭГТ
Ус гатлалтын цэгээс хөдлөхийн өмнө цэргийн алба хаагчид нөөцөд авсан хуурай хувцас, хэрэглэлээ сольж, агт морьдоо тодорхой хугацаанд амраасны дараа цааш 32 километр явснаар морь сэлгэх цэгт хүрлээ. Алсын замд алжаасан агт морьдыг хэсэг амраах зуурт, тасгаас сонгогдсон 2 цэргийн алба хаагч адуун сүрэг дундаас 2 адууг бугуйлдан барьж, уналгад бэлдээд оноогоо авч буцаан адуун сүрэгт нь тавих даалгавар биелүүлэв. Энэ цэгт цэргийн алба хаагчид хооллож, хэсэг хугацаанд амарсны дараа дараагийн цэг рүү хөдөлгөөн үйлдсэн юм.
ХЭЭРИЙН ХОНОГЛОЛТЫН ГУРАВДУГААР ЦЭГТ
Өмнөх цэгээс энэ цэгт хүрэхийн тулд 39 км замыг туулав. Энэ маршрут маш өндөр хад асгатай даваа, гуу жалга ихтэйн дээр ой мод шигүү ургасан, харагдах орчин хязгаарлагдмал байв. Тасгийн бие бүрэлдэхүүн төдийгүй агт морьд маш их хүч, тэсвэр тэвчээр гаргасан нь илт. Цэргийн алба хаагч бүр буу, агсамжаа үүрч, агт морьдын нуруун дээр дунджаар 110 кг ачаа оногдсон. Энэхүү хол замыг монгол цэрэг, морь 2 амин холбоогоор нэгдэж туулах нь бахдалтай. Монгол морио гэж, Монгол Улсаасаа илүү түүхтэй ч байж мэдэх юм” гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. Тасаг хоноглох цэгтээ ирж, хүнсэнд хэрэглэх зүйлээ нууцалсан координатаас олж хооллосон юм. Өглөө эртлэн морьдыг барьж уналгад бэлтгэснээр дараагийн цэг рүү хөдөлгөөн үйлдэв.
ТАТАН ГАРГАЛТЫН ДӨРӨВДҮГЭЭР ЦЭГТ
Хоноглолтын цэгээс 34 километр явж, татан гаргалтын цэгт ирэв. Эмнэлгийн зааварлагч шархтанд эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлж, байлдааны талбараас морьтойгоор татан гаргалт хийлээ. Энэ үед бусад цэргийн алба хаагч агт морио ашиглан 36 хайрцаг бүхий сум, галт хэрэгслийг заагдсан газарт зөөвөрлөх дасгалыг хийснээр тасагтаа оноо авч, улмаар дахин 20 километр явж барианд орлоо.
“Аравт” цэргийн морин уралдааны нэгдүгээр шатанд багууд 138 километр замыг 30 цаг 20 минутад туулж, барианд орсон. Үүнээс хөдөлгөөнд зарцуулсан дундаж хугацаа 17 цаг 32 минут, нормативт зориулсан хугацаа 2 цаг 05 минут, амралтад 10 цаг 56 минутыг зарцуулсан бөгөөд оролцогч 3 багийг тэмцээний шүүгч, хянагч, мал эмнэлгийн эмч нар 2 нэгж техниктэйгээр дагасан юм.
ТЭМЦЭЭНИЙ 2 ДУГААР ШАТ
Богино зайн холимог уралдаанд багууд тун тэнцүү өрсөлдөв. Хоёрдугаар шат нийт 5 цэгийг нэвтрэх ёстой. Эхний цэгт тасгийн бүрэлдэхүүн очиж, гранат шидэлтийн талбайд байрлах онооны тойрогт сургуулийн 600 грамм жинтэй гар гранатыг шидэж өрсөлдөв. Үүний дараагаар саадын зурвасыг туулснаар буудлагын талбайд автомат, пулемёт, гар гранатомёт, мэргэн буудагчийн винтовын буудлага хийж, цааш гүйсээр заагдсан цэгээс мориндоо мордож, тасгийн захирагчийн командаар аяны журмаас байлдааны журамд шилжин, дайсныг атаклан устгасан. Ингэснээр хөдөлгөөнөө цааш үргэлжлүүлэн дараагийн цэг болох морин давхилт дунд онооны цэгт гранат шидсэнээр барианд орж, тэмцээн өндөрлөсөн юм.
Уралдааны нэгдсэн дүнг хоёр шатанд эзэлсэн байрын нийлбэрээр бага онооны системээр дүгнэж, тэмцээний тэргүүн байрт Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн сургагч ахлагч О.Шинэбаяр захирагчтай 2 дугаар тасаг шалгарч, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн ахлах дэслэгч Г.Жавхлантөгс, Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн ахмад С.Хонгор захирагчтай тасгууд удааллаа. “Аравт” цэргийн морин уралдаан 4 өдрийн турш амжилттай үргэлжилсэн юм. Тэмцээний хаалтын ёслолын ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд оролцож шагнал гардуулан амжилт хүссэн юм. Энэ үеэр хүндэт зочид Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн бэлтгэсэн морьт жагсаалын үзүүлэх тоглолтыг сонирхсон юм.
Тэмцээний ерөнхий шүүгч, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар шүүгч, дасгалжуулагч, оролцогчдод талархал илэрхийлээд тус тэмцээнээр морьт тасгийн гүйцэтгэх үүрэг, боломжийг бодит байдлаар тогтоосон нь морьт цэргийг бэлтгэх, тэдний үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой уралдаан боллоо. Цаашид уг тэмцээнийг олон улсын цэргийн наадмын хүрээнд явуулахаар төлөвлөж байна гэдгийг онцоллоо.
Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ
Холбоотой мэдээ