“Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орох тухай хуулийн төсөл өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2018.09.06-нд нийтлэгдсэн

“Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орох тухай хуулийн төсөл өргөн барилаа

“Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орох тухай хуулийн төсөл өргөн барилаа

Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орох тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Хэлэлцээрт нэгдэн орох тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Монгол Улс 1997 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Дэлхийн худалдааны байгууллагын 130 дахь гишүүн болсноор тус байгууллагын гишүүн 164 оронтой нэн тааламжтай нөхцөлөөр худалдаа хийх, гишүүн орнуудын худалдааны бодлого, баримт бичгүүдийн мэдээллээр хангагдах, өөрийн улсын эрх ашгийг хамгаалах, техник туслалцааны хүрээнд дэмжлэг авах нөхцөл бүрдсэн билээ.

Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр” нь 1980 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд 32 улс нэгдэн орсон байна. Хэлэлцээрийн гол зорилго нь цэргийн зориулалтаас бусад иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон холбогдох тоног төхөөрөмжийн худалдаанд үүсэж байгаа бэрхшээлийг арилгах, хэлэлцээрийн хавсралтад тусгагдсан тоног төхөөрөмж, эд ангийг гаалийн татвараас чөлөөлөх зохицуулалттай юм.

Монгол Улсын иргэний нисэхийн салбарт 2018 оны тавдугаар сарын байдлаар зорчигч тээврийн 18, хөдөө аж ахуй, сургалт, ачаа тээврийн 13 агаарын хөлөг ашиглагдаж байна.

Иргэний нисэхийн салбар нь нийгэм, эдийн засгийн онцгой чухал бүрэлдэхүүн болохын хувьд агаарын тээврийн зах зээлийг өргөжүүлэх, агаарын хөлгийн тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх, технологийн цаашдын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх зорилгоор иргэний агаарын хөлөг, түүнийг сэлбэг, тоног төхөөрөмжийг худалдан авах ажиллагааг хялбаршуулах, Засгийн газраас татварын бодлогоор дэмжих зайлшгүй шаардлага гарч байгаа юм.

ЭНЭХҮҮ ХЭЛЭЛЦЭЭРТ НЭГДСЭН ОРСНООР:

  • Агаарын хөлөг, түүний сэлбэг, тоног төхөөрөмжийн худалдаанд учирдаг саад бэрхшээлийг багасгаж, хялбаршуулах, улмаар арилжааны агаарын тээврийн салбараас гадна хөдөө аж ахуй, түргэн тусламж, хувийн хэрэгцээний зэрэг ерөнхий зориулалтын агаарын тээврийн салбарын хөгжилд дэмжлэг болох;
  • Зорчигч тээврээс гадна цэргийн зориулалтаас бусад бүх төрлийн иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр, түүний эд анги, иргэний агаарын хөлгийн бүрэлдэхүүн хэсэг болох эд ангиуд, газар дээрх нислэгийн бүх төрлийн дадлагын төхөөрөмж татвараас чөлөөлөгдөх боломжтой болсноор иргэний нисэхийн салбарт агаарын хөлөг авч ашиглах татварын таатай нөхцөл бүрдэх;
  • Агаарын хөлгийн засвар үйлчилгээ хийх экспортын үйлчилгээ Монгол Улсад өргөжин хөгжих зэрэг давуу талууд бий болох ажээ.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж