“Тайвань Монголын бизнес эрхлэгчдийг холбосноор хамтдаа ашиг тусыг нь хүртэх боломжтой”

Хуучирсан мэдээ: 2018.09.06-нд нийтлэгдсэн

“Тайвань Монголын бизнес эрхлэгчдийг холбосноор хамтдаа ашиг тусыг нь хүртэх боломжтой”

“Тайвань Монголын бизнес эрхлэгчдийг холбосноор хамтдаа ашиг тусыг нь хүртэх боломжтой”

Тайпэйн Худалдаа Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын Төлөөлөгч Хуан Куо Рунтай Тайвань, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай сэтгүүлийн урилгыг хүлээн авч ярилцлага өгч буйд талархал илэрхийлье. Юун түрүүн та өөрийгөө танилцуулна уу, Монголд ирэхээсээ өмнө ямар ажил эрхэлдэг байсан бэ?

-Миний бие 2015 оны 12-р сард Монгол оронд хүрэлцэн ирж, үүрэгт албаа хашиж эхэлсэн. Монголд ирснээс хойш аль хэдийнээ 2 жил хагасын хугацаа өнгөрчээ. Ажил мэргэжил маань мэргэжлийн дипломатч хэдий ч миний хувийн туршлага бусад мэргэжил нэгтнүүдээс бага зэрэг өөр гэж хэлж болох юм. Миний бие өмнө нь Тайваний хоёр дахь томоохон хот болох Тай Жун хотын орлогч даргаар ажиллаж байсан ба хотыг хөгжүүлэхтэй холбоотой үйл хэргүүдэд гар бие оролцож байсан.

-Тайвань Монголын худалдаа, эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааны өнөөгийн хөгжлийн тухай мэдээллийг хүргэнэ үү?

-Тайвань хамгийн анх 2002 оны 9-р сард Улаанбаатар хотноо Төлөөлөгчийн газраа байгуулж байсан. Үүний дараахан нь Монгол Улс 2003 онд Тайпэй хотноо Төлөөлөгчийн газраа нээснээр Тайвань Монгол хоёр орон олон салбарт харилцах, хамтран ажиллах үүд хаалга нээгдсэн. Худалдаа, эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааны хувьд Төлөөлөгчийн газар нээгдсэн тэр онд багтан Тайваний “Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг” болон “Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим” хамтын ажиллагаа тогтоосон ба жил бүр “Тайвань Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны форум, уулзалт”-ыг Тайпэй, Улаанбаатар хотуудад ээлжлэн зохион байгуулдаг уламжлал тогтсон бөгөөд эдүгээ хэдийн 17 дахь жилийн нүүрээ үзэж байна.

Энэ оны хувьд 5-р сард Улаанбаатар хотноо “Тайвань Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны форум” зохиогдож, нийт 200 гаруй бизнес эрхлэгчид оролцсон ба нэлээд хэдэн сая ам.долларын эдийн засгийн далд нөөц боломж, бололцоо бүхий бизнес эрхлэгчид холбоо тогтоож чадсан гэж тооцоолж байна. Үүнээс гадна Тайваний аж ахуйн нэгжүүд “Улаанбаатар Түншлэл” намрын олон улсын үзэсгэлэн яармагт тогтмол оролцдог төдийгүй энэ онд ч бас Тайваний 10 гаруй бизнесийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тус үзэсгэлэнд оролцож, Тайваний үйлдвэрлэсэн шилдэг, сайн бүтээгдэхүүнийг Монголыг хэрэглэгчдэд таниулан сурталчлахаар зорьж байна.

-Тайвань Монголын бизнес, аж ахуй нэгж, үйлдвэрлэлийн эрхлэгчдэд харилцан бие биеэ нөхөх давуу талууд байгаа юу? Хоёр талын аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагыг хэрхэн холбох боломжтой гэж үзэж байна вэ?

-Монгол орон нь байгалийн асар их нөөц баялагтай бол Тайвань нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах тал дээр арвин туршлага хуримтлуулсан. Монгол Улсын Засгийн газрын зүгээс жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг идэвхтэй дэмждэг. Тайвань орны хувьд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр арвин баялаг туршлага хуримтлуулж чадсан. Эдгээрийг бүхэлд нь хоёр орны харилцан бие биеэ нөхөх давуу талууд гэж үзэж болох юм. Манай Төлөөлөгчийн газар өнгөрсөн оноос эхлэн Тайвань Монголын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг хооронд нь холбох ажлыг өрнүүлж эхлээд байгаа бөгөөд үндсэн хоёр хэлбэрээр энэхүү ажлыг өрнүүлж байна.

1-рт, Тайваний Экспорт, импортын банкнаас олгож буй Санхүүжилтийн зээлийг бизнес эрхлэгчдэд таниулан сурталчлах, Монголын зах зээлийн хөрөнгө санхүүжилтийн байдлыг бэхжүүлэх, Тайваний бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадавхыг дээшлүүлэхээр зорьж байна. 2-рт, Бизнесийн цахим мэдээллийн цогц үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж байна. Бид Төлөөлөгчийн газрын цахим хуудаснаа худалдаа, эдийн засаг болон санхүүжилтийн зээл буланг нээж, Тайвань Монголын бизнес эрхлэгчдэд бизнесийн мэдээ мэдээллийг хүргэх болсон.

-Тайваньд жижиг дунд үйлдвэрлэл хурдацтай хөгжсөн. Монгол орны хувьд жижиг дунд үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх шаардлагатай байгаа. Та бүхэн Тайваний жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлсэн туршлагаас хуваалцана уу?

-Тайваний бизнес эрхлэгчдийн 97 хувийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид эзэлдэг бөгөөд тэдгээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бол яахын аргагүй Тайваний эдийн засгийг тасралтгүй өсгөн нэмэгдүүлж буй “Хөшигний цаадах баатрууд” юм.

Тайваний Засгийн газар 1981 оноос эхлэн Эдийн засгийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрлэлийн хэлтсийг байгуулж, хөрөнгө санхүүжилт босгох, хүний нөөцөө сургаж бэлтгэх, технологийн шинэчлэл хийх, бараа бүтээгдэхүүний нэмүү өртгийг нэмэгдүүлэх, зах зээлийг өргөжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, чадавхжуулах, өргөжүүлэх зэрэг өргөн агуулгыг хамарсан цогц бодлого чиглэлийг хөгжүүлж авч хэрэгжүүлж эхэлсэн.

-Бизнесийн орчныг таатай болгох, жижиг, дунд бизнесийг дэмжих чиглэлээр бидэнд санаа өгөх, санал хуваалцах зүйл бий юу? Танай орны аж үйлдвэржилт, ЖДҮ-ийн хөгжлийн гол нууц юу вэ?

-Миний бодлоор аливаа бизнес эрхлэн явуулах хамгийн чухал хүчин зүйл нь хүний нөөц, боловсон хүчний асуудал. Тайваний жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүд нь уйгагүй хичээнгүй аж ахуй эрхлэх үзэл санаа, бизнесийн уян хатан байдал, нарийн нягт бизнесийн холбоо харилцаа, шинэ зүйлс суралцах хүсэл тэмүүлэл зэрэг онцгой шинжүүдийг өөртөө агуулсан байдаг. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүд нь мөнгөний ханш унаж, цалин хөлс, газрын өртөг нэмэгдэн, банк санхүүгийн салбарт тогтворгүй нөхцөл байдал үүссэн нөхцөлд ч тэсвэр тэвчээр гарган, эрч хүчтэйгээр тасралтгүй өсөлт гарган ажилласан хэвээр байсан юм. Иймдээ ч Тайваний эдийн засгийн тогтвортой байдал, өсөлт хөгжлийн чиглүүлэгч нь болж чадсан. Монгол орны хувьд маш олон чадварлаг боловсон хүчин, хүний нөөцтэй. Сүүлийн жилүүдэд жил бүр 1000 гаруй Монгол иргэд Тайваньд суралцах болсон. Монголын Засгийн газар хэрвээ хөрөнгө санхүүжилт босгох, бизнесийн платформ болон хамтын ажиллагааны сүлжээг бий болгох, шинэ бүтээгдэхүүнийг судалж нээх, бараа бүтээгдэхүүнийг борлуулах талд тусламж, дэмжлэг, зөвлөмж зөвлөгөө өгөх чиглэлээр анхаарч ажиллавал богино хугацаанд бодитой үр дүнд хүрч чадна гэдэгт итгэлтэй байна.

-Тайваний Экспорт, импортын банкнаас Монголын бизнес эрхлэгчдэд зориулан санхүүжилтийн зээл олгож байгаа. Энэхүү санхүүжилтийн зээлийн тухай танилцуулна уу?

-Тайваний Засгийн газрын зүгээс Тайвань Монголын бизнесийн салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монголын зах зээл дэх хөрөнгийн эргэлтийг сайжруулах зорилгоор Тайваний Экспорт, импортын банк нь МУ-ын арилжааны 5 банкнуудад нийт 20 сая ам.долларын үнийн дүн бүхий санхүүжилтийн зээлийн шугам нээсэн бөгөөд энэхүү санхүүжилтийн зээлээр дамжуулан Монголын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид хөрөнгө босгох, санхүүжилтийн эх үүсвэр бий болгох боломж бүрдэж байна. Монголын компани, аж ахуйн нэгжүүд Тайваний экспортлогчдоос бүх төрлийн бараа бүтээгдэхүүн шууд худалдан авч байгаа нөхцөлд эсвэл Тайваний үйлдвэрлэл эрхлэгчдэд захиалга өгсөн хэдий ч гуравдагч улс орноос бараа бүтээгдэхүүнээ худалдан авсан тохиолдолд Тайваний Экспорт, импортын банкнаас олгож буй санхүүжилтийн зээлд хамрагдах хүсэлтээ МУ-ын Голомт банк, Хаан банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк зэрэг 5 арилжааны банканд гаргах боломжтой юм. Уг санхүүжилтийн зээлийн олгогдох дээд хязгаар нь худалдан авалтын нэхэмжлэлийн үнийн дүнгийн 100 хувь хүртэлх дүнгээр санхүүжигдэх боломжтой ба зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 5 хүртэлх жил байна.

-Энэхүү зээлд өнөөдрийн байдлаар хэчнээн аж ахуйн нэгж, компаниуд хамрагдаад байгаа вэ?

-Экспорт, импортын банкны зээлийг анх 2003 оноос Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжид олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар амжилттай хэрэгжсэн 50 гаруй зээлийн бүтээгдэхүүнийг Монгол Улсын аж ахуйн нэгжүүдэд олгосон гэсэн тоо баримтыг банкнаас өгсөн. Зээлийн нийт дүн 20 сая ам.доллар байдаг бөгөөд зээлийг бүрэн дүүрэн ашигласан тохиолдол байгаагүй болохоор зээлийн ашиглалтыг сайжруулах зүйтэй гэж үзэж байгаа.

-Монголын бизнес эрхлэгчид Тайванийн экспорт, импортын зээлд хамрагдахын тулд юунд анхаарч, ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай байдаг вэ?

-Энэхүү зээлд хамрагдахад үндсэн нэг шалгуур үзүүлэлт байдаг. Тухайн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч Тайваниас бараа бүтээгдэхүүн, түүхий эд, тоног төхөөрөмж худалдан авах гэсэн шалгууртай. Тайванийн “Экзем” банкны зээлийн шугамыг нээн ажиллаж байгаа Монгол Улсын арилжааны 5 банктай холбогдож мэдээлэл авч болох юм. Одоогийн байдлаар “ХХБ”, “Хаан банк”, “Хасбанк”, “Төрийн банк”, “Голомт” банкнуудаар дамжуулан санхүүжилтийн зээлийг хүсэх боломжтой. Манай төлөөлөгчийн газрын албан ёсны вэб сайтад эдгээр 5 банкны зээл хариуцсан ажилтны мэдээлэл, холбоо барих утас, мэйл хаяг нь бий.

Өмнө нь энэхүү санхүүжилтийн зээлийн ашиглалт муу байсан нь жижиг, дунд үйлдвэрлэгчдийн барьцаа хөрөнгө хангалтгүйгээс зээлд хамрагдах боломжгүй байдаг байсан. Тиймээс бид энэ асуудлыг шийдэхийн тулд Монгол Улсын зээлийн батлан даалтын сантай холбоо тогтоон, Экспорт, импортын банкнаас олгож байгаа зээлийн талаарх мэдээллийг хүргүүлсэн. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүд зээлийн батлан даалтын сантай холбогдоод тодорхой хэмжээний зээл авахдаа батлан даалтаа зээлийн батлан даалтын сангаас гаргуулах боломжтой. Ингэснээр зээлд хамрагдахад тулгарч байсан асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм болж байгаа юм.

-Таны хувийн зүгээс Тайвань Монголын худалдаа эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны хэтийн төлөв байдлыг хэрхэн харж, төсөөлж байна вэ?

-Үйлдвэрлэлийн салбарыг жишээ болгон авч үзвэл хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, технологийн бүтээгдэхүүн зэрэг нь Тайвань Монголын хамтран ажиллах боломжтой салбарууд юм. Монгол харьцангуй жижиг зах зээлтэй тул дэлхийн бизнесийн орчинд бизнес эрхэлж дадсан Тайваний бизнес эрхлэгчдийн анхаарлыг төдийлөн татахгүй байна. Миний хувьд Тайваний бизнес эрхлэгчдэд “Хүн ихтэй газар харин ч өрсөлдөөн маш ихтэй байдаг” гэж хэлдэг. Тайваний төлөөлөл, бэлэг тэмдэг болсон амьтан бол “Баавгай” /Bear/, харин “чоно” /Wolf/ бол Монголчуудын хувьд ихэд шүтэж дээдэлдэг амьтан. Тайвань Монголын бизнес эрхлэгчдийг холбож, “B&W” хэмээх хоёр хүчтэнийг нэгтгэж  чадах агаад Тайвань Монгол хоёр орон хамтран бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд нэвтэрч чадвал хоёр орны ард иргэд хамтдаа амжилтад хүрэх боломжтой юм.

-Монгол Тайваний харилцаа ямар түвшинд байна вэ? Тэр дундаа эдийн засаг, бизнесийн харилцаа өргөжиж байна уу, Тайваний хөрөнгө оруулалт Монголд хэр байгаа вэ?

-Тайвань Монголын аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагын  хамтын ажиллагааны хамгийн анхны бодит үр дүн бол Монгол орны чацарганы чиглэлээрх хамтын ажиллагаа юм. Одоогийн байдлаар Тайваний хэд хэдэн компани Монголоос чацаргана, чацарганын орц найрлагатай бүтээгдэхүүн худалдан авч эхэлсэн. Дэлхий даяараа эрүүл, эко хүнс хэрэглэх хандлагатай болж байгаа ба Монгол орны хөрсөнд ургасан чацаргана дэлхийд хамгийн түгээмэл эрүүл, эко хүнс, эрүүл мэндийн бүтээгдэхүүний найрлагын орцыг бүрдүүлэгч жимс болох бүрэн боломжтой юм. Бүгдээрээ хамтдаа Монгол орныг “Чацарганы вант улс” болгохын төлөө хичээцгээе гэж уриалах байна.

Үүнээс гадна Тайваниас ноолууран бүтээгдэхүүн худалдан авагчдын тоо ч хурдацтай өсч байна. Тайвань нь худалдааны салбараа өндөр түвшинд хөгжүүлж чадсан тул Тайванийн бизнес эрхлэгчдээр дамжуулан, дэлхий даяар бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломж байна. Энэ нь ч Монгол орон олон улсын зах зээлд гарах ойр дөт замуудын нэг юм. Хөрөнгө оруулалт бол Тайвань Монголын хамтран ажиллаж болох нэгэн боломж гэж үзэж болох юм. Тайваний зах зээл дээр хөрөнгийн илүүдэл үүсэх болсон ба бизнес эрхлэгчид дэлхий даяар хөрөнгө оруулалт хийж болох газар орны эрэл хайгуулыг хийх болсон. Ойрын үед Монголын эдийн засгийн байдал сайжирч байгаа төдийгүй Тайвань Монголын худалдааны эргэлт ч өсөж байна. Тайваний бизнес эрхлэгчдийн Монголын зах зээлийн тухай ойлголт сайжирч буйг дагаад томоохон хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тухай асуудал одоо яриа хэлэлцээний шатандаа явж байна. Бид ч бас бодитой үр дүнг ойрын үед олж харахыг хүсэж байна.

-МҮХАҮТ, Тайванийн гадаад худалдааны зөвлөлтэй санамж бичигт гарын үсэг зурсан. Санамж бичгийн үр дүнгийн талаар ярина уу?

-Энэхүү санамж бичгийн гол зорилго нь мэргэжилтэн боловсон хүчин болон бизнесийн мэдээллийн солилцооны асуудалд чиглэж байгаа бөгөөд МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэгийн санаачлан өрнүүлж байгаа ажлуудыг хамарч байгаа юм. Дээр дурдсан хоёр байгууллага нь ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг тул харилцан бие биеэсээ суралцах, өөрт байгаа мэдээллээ харилцан бие биетэйгээ хуваалцах боломжтой юм. МҮХАҮТ-аас жил бүр шилдэг 100 аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулдаг туршлагаас ч Тайваний тал суралцан, шинэ санаа авах боломжтой.

-Хоёр орны экспорт, импортын харьцаа болон гадаад худалдааг өргөжүүлэх төрөлжүүлэх талаар та ямар бодолтой байна, хамгийн боломжтой бараа бүтээгдэхүүн, хамтын ажиллагаат   юу вэ?

-Та маш чухал зүйлийг асууж байна. Монголын бизнес эрхлэгчдийн зүгээс энэ асуултыг бидэнд хандан байнга тавьдаг. Бүхэлд нь авч үзвэл сүүлийн жилүүдэд Монголоос Тайвань руу экспортолж буй бүтээгдэхүүний ихэнх хэсгийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Гэсэн хэдий ч шинэ бүтээгдэхүүний төрлүүд ч бас нэмэгдэж байна.

Тухайлбал ноолууран бүтээгдэхүүнийг дурдаж болох юм. Тайваниас импортоор авч буй бүтээгдэхүүний хэмжээ Тайваний Экспорт импортын банкны санхүүжилтийн зээлийн дэмжлэгтэйгээр үнийн дүн болон бүтээгдэхүүний нэр төрлийн хувьд ч өссөн үзүүлэлттэй байна. Та бүхэн хэрвээ сонирхож байвал Тайваний Гадаад худалдааны газраас нэгтгэн гаргасан экспорт, импортын статистик мэдээлэл болон Тайвань Монголын гадаад худалдаа нийт эргэлтийн хэмжээ, экспорт, импортын тоон мэдээлэлтэй http://cus93.trade.gov.tw/FSCE000F/FSCE000F цахим хаягаар зочлон, танилцах боломжтой.

-Тайваний хөрөнгө оруулагчдыг Монголд татах чиглэлээр танай төлөөлөгчийн газраас ямар ажил хийж байна вэ, хэр олон компани, хувь хүн монголд хөрөнгө оруулдаг вэ?

-Хөрөнгө оруулалт бол худалдааны салбар дахь хамтын ажиллагааны хөгжсөний дараа хийгддэг зүйл билээ. Харилцан бие биеэ танин мэдэж, ойлголцсоны дараа хамтран ажиллах боломжууд бүрдэж бий болдог. Манай Төлөөлөгчийн газрын зүгээс худалдаа эдийн засгийн салбарт зохион байгуулж буй ажлуудаа Тайваний Экспорт, импортын банкны санхүүжилтийн зээлтэй уялдаа холбоотой байлгах талд нэлээд анхаарч ажиллаж байгаа. Ингэснээр ч хоёр талын худалдааны эргэлтийг бодитойгоор өсгөж чадсан төдийгүй зах зээлийн хөгжлийн чиг хандлагаас харахад ч Тайваний бизнес эрхлэгчдийн зүгээс Монголд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ өсөн нэмэгдэх хандлагатай байна. Тайваний бизнес эрхлэгчид Монголд аялал жуулчлал, зочид буудал, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм бэлдмэл, эрчим хүч, бордоо, уул уурхай зэрэг чиглэлээр хөрөнгө оруулан үйл ажиллагаа явуулж байгаа ба эдгээр бүтээгдэхүүнүүд нь Тайваньдаа урдаа барьдаг чанартай, сайн бүтээгдэхүүн гэж хэлж болох юм.

-Монголд Тайванийг, Тайваньд Монголыг сурталчлан таниулах ажил хийгдэж байна уу? Тайваниас Монголд жилдээ хэчнээн жуулчин ирдэг вэ?

-Тайвань Монгол хоёр орны засгийн газрын зүгээс аялал жуулчлалын салбарт онцгой ач холбогдол өгдөг. Хоёр талын аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг холбох, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Тайваньд жил бүр “Тайпэйн Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн”-г зохион байгуулдаг ба уг үзэсгэлэнгийн үеэр Монгол орноос оролцогчдод Монгол орны аялал жуулчлалын салбарыг сурталчлахад зориулан 1 ширхэг үзэсгэлэнгийн талбайг үнэ төлбөргүй ашиглуулдаг. Өнгөрсөн жил тус үзэсгэлэнгийн үеэр “Унаган төрхөө хадгалж буй нүүдэлчин Монгол” сэдвийн хүрээнд үзэсгэлэнгийн талбайн загвар дизайн гарган, засал чимэглэлийн шийдлийг хийсэн нь маш олон Тайваньчуудын таашаалд нийцэж, Тайвань аялагчдын анхаарлыг татсан. Үүнээс гадна манай Төлөөлөгчийн газрын зүгээс ч бас Тайваний аялал жуулчлалын компаниудын зах зээлд нэвтрүүлж буй гүйлт, унадаг дугуйгаар аялах, мориор аялах, зуны зуслан зэрэг аяллын шинэ шинэ бүтээгдэхүүнийг хөгжүүлэх асуудлыг дэмжиж ажилладаг. Энэ онд зохиогдсон “Улаанбаатарын олон улсын марафон гүйлтийн тэмцээн”-д Тайваниас нийт 260 гаруй оролцогч оролцсон төдийгүй энэ онд Тайваниас ирэх аялагчдын тоо 6000-аас хол давна гэдэгт итгэлтэй байна. Дэлхийд хамгийн томоохонд тооцогддог аяллын мэдээлэл түгээгч Fodor`s нь дэлхийн өнцөг булан бүрийн аялахад таатай 52 газрыг сонгож жагсаасан агаад Монгол орон Ази тив дахь аялал жуулчлалын газар орнуудын дундаас 1-рт байрт бичигдсэн бол Тайпэй хот 2-рт бичигджээ. Монголын цэлмэг хөх тэнгэр, Тайваний цэнгэг хөх тэнгис далай дэлхийн аялагчдын анхаарлыг маш ихээр татаж буйг үүнээс харж болох юм.  

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж