"Жижиг дунд бизнес эрхлэгчид Монголын дунд, доод давхаргыг чирч явна"

Хуучирсан мэдээ: 2018.09.06-нд нийтлэгдсэн

"Жижиг дунд бизнес эрхлэгчид Монголын дунд, доод давхаргыг чирч явна"

"Жижиг дунд бизнес эрхлэгчид Монголын дунд, доод давхаргыг чирч явна"

Ази Номхон далайн бүс нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулган өнөөдөр /2018.09.06/  МҮХАҮТ-ын Их танхимд болж байна. Тус чуулган нь Ази Номхон Далайн бүс нутгийн Худалдаа, Аж үйлдвэрийн Танхимуудын нэгдсэн холбооны Ерөнхийлөгчийн Монгол Улс дахь албан ёсны айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд өөрсдийн үйл ажиллагаа, ур чадварыг сайжруулахад хэрэгцээт мэдлэг, мэдээллийг олж авах, бизнес эрхлэлтийг дэмжиж буй олон улсын болон дотоодын байгууллага, зөвлөхүүдээс зөвлөгөө, мэдээлэл авах, бусад орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй туршлага солилцох, суралцах зэрэг олон боломжуудыг олгох юм.

Хуралдааны нэгдүгээр хэсэгт бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих санхүүжилтийн  шинэлэг шийдэл сэдвийн хүрээнд  Жижиг дунд үйлдвэр болон бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг санхүүжүүлэх нь сэдвээр Олон улсын Санхүүгийн корпораци, Санхүүгийн зөвлөх үйлчилгээний Ази номхон далайн бүс нутаг хариуцсан дарга Рэйчел Фриймэн илтгэл танилцуулсан юм. Чуулганы хоёрдугаар хэсэг олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар бизнесийн боломжуудыг бий болгох  сэдвийн дор  Ази Номхон далайн бүс нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хамтын ажиллагаа бизнесийн боломжуудын талаар ярилцлаа. Харин хуралдааны гуравдугаар хэсэгт эмэгтэйчүүдийн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, оролцоог нэмэгдүүлэх болон цаашид бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн өсөж, хөгжих арга замуудын талаар хэлэлцсэн юм.

АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН НЭГДСЭН ХОЛБООНЫ ДЭРГЭДЭХ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Ж.МУКТА НАНДИНИ:

-МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Л.Болормаатай  хамтран чуулганы бэлтгэл ажлыг дөрвөн сарын өмнөөс хангасан. Өнөөдөр ажил хэрэг болж байгаад баяртай байна. Аливаа улс орны эмэгтэйчүүд гэдэг маш их хөдөлмөрч, оюуны чадамжтай хүмүүс байдаг. Ази Номхон далайн бүс нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг нэгтгэх, тэдэнд тулгарч буй асуудлыг хамтдаа шийдвэрлэх нь энэхүү чуулганы онцлог. Энэтхэг улсын хувьд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, жендерийн асуудалд  Засгийн газраас онцгойлон анхаардаг. Үүний хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүд рүү чиглэсэн олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Тухайлбал дөнгөж гарааны бизнес эрхэлж буй   10 бизнес эрхлэгч эмэгтэйг жил бүр  төрөөс дэмжиж, тэдний бизнесийн үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд ихэд анхаардаг. Жендерийн тэгш байдлыг хангах зорилгоор Засгийн газрын зүгээс тусгай бодлого хэрэгжүүлдэг нь эмэгтэйчүүдэд  бизнес хийх боломжийг нь олгодог.

МҮХАҮТ-ЫН ДЭРГЭДЭХ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Л.БОЛОРМАА

-Ази Номхон далайн бүс нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулган монголд анх удаа  зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ ихэд онцлогтой болж байна. Ази Номхон Далайн бүс нутгийн Худалдаа, Аж үйлдвэрийн Танхимуудын нэгдсэн холбоонд 24 орон байдаг. Үүний нэг нь манай улс. Бид тус холбоонд элсэн ороод багагүй хугацаа өнгөрч байна. Аль ч орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд адилхан асуудал, сорилт, боломжуудтай тулгардаг. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд эдийн засгийнхаа тэн хагасыг авч явдаг. Ажлын байрны 75 хувийг бий болгож буй хүмүүс. Гэтэл ийм том хүч мөртлөө бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудал бүр  шийдлийн гадна үлддэг. Монгол бизнес эрхлэгч эмэгтэйчүүд юу үйлдвэрлэж чаддаг вэ гэдгийг бусад орны эмэгтэйчүүдэд танилцуулж байна. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хамгийн их хүсдэг зүйл нь мэдээж бизнесийн таатай орчин. Энэ нь ямар орчныг хэлэх вэ гэхээр ЖДҮ-ийн хууль,  татварын орчин, хөдөлмөрийн хууль зэрэг энэ бүхэн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн өмнө нэн түрүүнд тулгамдсан асуудал. Энэ бүхнийг сайжруулснаар тэдний ажил урагш явна. Ажлын байрыг голдуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бий болгож байгаа. Үйлдвэрлэлийг мөн адил бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бий болгож байна. Банкууд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй яаж хамтран ажиллаж болох уу талаар бид өнөөдөр ярилцаж байна. Мөн эмэгтэйчүүд маань эдийн засгийн хувьд яаж хүчирхэг болох уу зэрэг асуудлыг хөндөн ярилцаж байна.

БИЗНЕС ЭРХЛЭГЧ Л.ОЮУНАА:

-Ховд аймгаас ирж энэхүү чуулганд оролцож байна.Чуулганд оролцож өөрт хэрэгтэй олон мэдээллийг хүлээн авч байгаадаа баяртай байна. Ажил хийе гэсэн сэтгэл, зүтгэлтэй эмэгтэйчүүд цугларчээ. Би 1998 оноос хойш  хүнсний ногоо, газар тариалангийн чиглэлээр худалдаа эрхэлдэг.Манай Ховд аймаг газар тариалангийн хамгийн тохиромжтой бүс нутагт хамаардаг. Ховдчууд бид баруун таван аймгаас гадна Улаанбаатарт ногоогоо нийлүүлдэг. Дундын дамжлагагүйгээр шууд Улаанбаатарт  ирж борлуулах гэхээр тээврийн зардал маш өндөр байдаг. Тээврийн зардал зарах ногооныхоо үнээс хэд дахин өндөр өртөгтэй. Төр засгийн зүгээс өрхийн аж ахуйг дэмжихэд анхаарал хандуулаасай гэж хүсч байна. Өрхийн аж ахуй Монголын дунд, доод давхаргыг чирч яваа гэж хэлж болно.

БИЗНЕС ЭРХЛЭГЧ Н.УРАНЧИМЭГ:

-Дархан-Уул аймагт  ажиллаж амьдардаг. Талх, нарийн боовны чиглэлээр худалдаа эрхлээд  10 гаруй жил болж байна. Ази Номхон далайн бүс нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцож байгаадаа баяртай байна. Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бусад орны эмэгтэйчүүдтэй санал солилцохын зэрэгцээ харьцуулалт хийгээд  сууж байна. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бидний өмнө тулгамддаг асуудал нь санхүүжилт. Манайх шиг хүн ам багатай жижиг зах зээлтэй улсад хөгжих боломж бага гэж хардаг. Ажиллах боловсон хүчний хомсдолтой. Залуус гадагшаа гараад явчихсан гээд асуудал их бий. ЖДҮ-ийг дэмжсэн санхүүжилт авахад маш хүндрэлтэй.

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж