Монголын Чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяртай ярилцлаа.
-Жакартад болсон Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд барилдсан Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон алтан медалийг атгаж чадсан ч сүүлийн үед түүнээс сэргээш илэрсэн талаарх таагүй мэдээлэл дуулдах болсон. Мэргэжлийн холбооны хувьд Монголын чөлөөт бөхийн холбоог төлөөлж таныг албан ёсны мэдээлэл өгнө гэж найдаж байна. Одоогоор та бүхний гар дээр албан ёсны ямар мэдэгдэл, мэдээлэл, баталгаа ирээд байна вэ?
-Өнөөдрийн байдлаар манай холбоонд албан ёсоор ирсэн баримт бичиг гэвэл МҮОХ-ноос ирүүлсэн Азийн олимпийн зөвлөл, Азийн наадмыг зохион байгуулах хорооны мэдэгдэл байна. Тус зөвлөл, зохион байгуулах хорооноос Монголын талд МҮОХ болон Монголын допингийн эсрэг үндэсний төв гэдэг хоёр байгууллага руу, мөн Азийн олимпын зөвлөлийн ерөнхийлөгч , Дэлхийн бөхийн холбоо буюу /UWW/, Азийн бөхийн холбоо /AAWC/ , Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/ гэсэн байгууллагуудад мэдэгдлийг нэгэн зэрэг явуулсан байдаг. Үүний дагуу МҮОХ-ноос МЧБХ-нд энэхүү мэдэгдлийг ирүүлсэн. Мэдэгдэлд саяын зохион байгуулагдсан Азийн наадамтай холбоотой, тухайн тамирчны гаргасан амжилтыг үр дүнгүйд тооцох тухай, үүний үндэслэл нь манай тамирчны өгсөн шинжилгээний “A”, “B” сорьцоос хориотой бодис илэрсэн тул зөвхөн энэ удаагийн Азийн наадамд гаргасан амжилтыг хүчингүйд тооцох тухай дурдсан ийм албан мэдэгдэл ирсэн.
-Одоо олон нийтийн дийлэнх нь “П.Орхон гавьяат маань яавал бага хохирол амсч, хөнгөн шийтгэл хүлээх бол” гэсэн хүлээлт байгаа байх гэж найдаж байна. Та бүхэнд ямар таамаглал байна?
-Одоогоор яг бодитой мэдэгдээд байгаа зүйл бол Азийн наадмын үр дүн буюу Азийн наадмаас авсан алтан медаль хүчингүйд тооцогдоно. Алтан медалийг МҮОХ-оор дамжуулан буцааж Азийн наадмыг зохион байгуулах хороонд явуулах ёстой.
-Алтан медалийг хураахгүй байх ямар ч боломжгүй эцсийн байдлаар шийдэгдсэн гэсэн үг үү?
-Тийм. Дараа нь ямар шийдвэр гарах вэ гэдэгт энэ шийдвэр нь ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй. Яагаад гэвэл энэ наадамд оролцсоны дараах шинжилгээнээс ийм хариу гарсан тул зөвхөн дээрх наадмын үр дүнг хүчингүйд тооцлоо гэсэн үг. Олон нийт, бөх сонирхогчид, дэмжигчид санаа зовинож байгааг ойлгож байгаа. МЧБХ, тамирчин, тамирчны багш, харьяа байгууллага “Алдар” нийгэмлэг, мөн БСШУСЯ-ны Спортын газар, Биеийн тамир, спортын газар, МҮОХ гээд хамаарах бүх байгууллагууд энэ үйл явдлаас тамирчнаа яаж хамгаалж, хамгийн бага хохиролтойгоор авч гарах вэ, Бидэнд ямар гарц, хувилбар, допингийн эсрэг дүрмийн ямар ямар заалтуудыг удирдлага болгон зѳв ашиглах вэ, ямар хэлбэрээр, ямар шат дарааллаар бид байр сууриа илэрхийлэх вэ гэх мэт олон нарийн уялдаатай ажилд дээд зэргээр анхаарлаа хандуулан ажиллаж байна. Үүнтэй ижил төстэй ямар кэйсүүд гарч ирснийг хэрхэн шийдэж, аль өнцгөөс тайлбарлаж байсныг харьцуулж хамгийн тохиромжтой гарцыг хамтран хайж байгаа. МЧБХ бол энэ спортын тамирчин, дасгалжуулагч, ахмад үеийнхэн, өсвөр үеийнхэн, сонирхогчид, дэмжигчид гээд энэ бүх хүний эрх ашгийг хамгаалахын төлөө ажилладаг чиг үүрэгтэй байгууллага. Энэ чиг үүргийнхээ дагуу тамирчныхаа эрх ашгийг хамгийн нэгдүгээрт хамгаалж, сахилгын хамгийн хөнгөн шийтгэлийг ноогдуулах, оноосон шийтгэлийн хугацааг богиносгох ямар боломж байна гэдгийг судалж байна. Дэмжигчид маш их бухимдалтай байгаа хэдий ч бидний хувьд Дэлхийн бөхийн холбооноос ямар нэг албан ёсны мэдэгдлийг аваагүй байхдаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр тайлбарлах боломжгүй байсан гэдгийг зөвөөр ойлгоно гэдэгт итгэж байна.
-МЧБХ-ныхон тамирчныхаа үндсэн дасгалжуулагч багш нартай уулзсан уу. Санал бодлоо нэгтгэж чадаж байна уу?
– Бид наймдугаар сарын 24-ний өдрөөс хойш тамирчныхаа багштай, шигшээ багийн багш нар,, үндсэн дасгалжуулагч, тамирчинтайгаа хамт суугаад бүх талаас нь ярьж байгаа. Энд онцолж хэлэхэд бид “Чөлөөт бөх” гэдэг нэг дээвэр дор амьдарч байгаа нэг гэр бүлийнхэн. Хоорондоо зөвшилцөж, санаа бодлоо дээд зэргээр солилцож, нэг хүн шиг сэтгэж, нэг амьсгалтай байж П.Орхонд тулгарсан асуудлыг давж гарна. Эхлээд “Бид хэн бэ” гэдгээ зөв тодорхойлох ёстой. Бид бөхийн гэр бүл. Тэгвэл “юуны тухай” хэлэлцэж байна вэ гэдгээ бас тодорхойлно. Мѳн “хэний төлөө” ярьж байна вэ гэвэл тухайлсан нэг тамирчны төлөө. “Хэрхэн, яаж вэ?” гэвэл хоорондоо зөвшилцөж, маш зөв гарц, гаргалгааг гаргахын тулд юм. Дэлхийн бөхийн холбооноос өгөх эхний мэдэгдэлд бид ямар хариу өгөх вэ гэдгээс эхлээд бүх зүйлийг хамтдаа бэлтгэж байна. Ер нь Дэлхийн нэгдсэн бөхийн холбоо /UWW/-ноос энэ тохиолдолд ирж байсан хариуг харахад эхний ээлжинд тодорхой хугацаанд уралдаан, тэмцээнд оролцох эрхийг нь түр хязгаарладаг. Энэ хооронд шалгах, тогтоох, эрэн сурвалжлах, дээрх тесттэй холбоотой шийдвэрийг сахилгын хороо шийдвэрээ гаргадаг юм байна.
-Түр хугацаанд гэдэг нь яг ямар хугацааг хэлдэг юм бэ?
-Түр хугацаа гэдгийг сахилгын хорооны шийдвэр гартал гэж тайлбарладаг юм билээ.
-Та П.Орхон, түүний гэр бүлийнхэнтэй уулзсан уу?
-Уулзаж ярилцсан. Байнга холбоотой байгаа.
-Асуух гээд байгаа зүйл маань “Нотлох баримт бий” гэж юуг хэлэв. Үүний хариуг л өөрөөс нь сонсохсон, тэгж байж чөлөөтийнхний доторх хардлага арилах учиртай байх. Явсан, үлдсэн бүгд эмзэглэж буйг та ойлгож байгаа байх?
-Тэгэлгүй яахав. Манай тамирчин П.Орхон тэмцээний үеийн шинжилгээ гурван удаа, тэмцээний бус үеийн шинжилгээ гурван удаа буюу Азийн наадамд өгсөн шинжилгээг оролцуулаад нийт зургаан удаа шинжилгээ өгсөн. “Би өөрөө хориотой бодис хэрэглээгүй гэдгээ өмнө өгсөн таван шинжилгээгээр нотолно. Энэ нь миний нотлох баримт” гэж хэлсэн юм билээ. Түүнээс биш мушгин гуйвуулаад байгаа тэр агуулгаар хэлээгүй гэсэн. Хайхрамжгүй, санамсар болгоомжгүйгээс болж ийм харамсалтай байдалд орлоо. Өөрийгөө хамгаалах нь бүх тамирчны үүрэг гэдгийг ч хэлсэн.П. Орхоны маань хэлсэн үгийг мушгиж хамт олон, тамирчид руу, МЧБХ болон төрийн захиргааны байгууллагууд руу, хэсэг хүмүүс рүү чиглүүлэн гүтгэлгийн чанартай болгон ашиглаж байгаад харамсаж байна.
-Аль нэг байгууллагаас албан ёсоор мэдээлэл хийгээгүй. Гэхдээ хэвлэл мэдээллээр, нийгмийн сүлжээгээр олон нийт хэр мэдээлэлтэй, ямар уур амьсгалтай, хэрхэн талцаж байгааг ажигласан байх?
-Харж байгаа. Ямар ч эх сурвалжгүй, баримт нотолгоогүйгээр, туйлширч бичиж байгааг хараад үнэхээр харамсаж байгаа. Магадгүй энэ үйл явдлаар далимдуулан тамирчин П. Орхоны ирээдүйг огт бодохгүйгээр хэн нэгнийг, хуулийн этгээдийг гутаан доромжлох, нэр төрд нь халдах, увайгүй ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхдээ ашиглах зорилготой хүмүүс цаана нь байхыг ч үгүйсгэхгүй.
-Үндсэн багш нар, ах дүү хоёр гавьяаттай та уулзсан уу. Тэднийг саяын тэмцээнд яагаад ч авч явах боломж байгаагүй гэж үү?
-Хоёр багштай уулзалгүй яахав. Тэмцээнд явах тухайд бол Ц.Хосбаяр гавьяат маань энэ оны наймдугаар сарын эхээр ДАШТ-ий сорилго тэмцээний өмнө МҮОХ-ны Гадаад харилцааны ажилтан З. Галхүүд “Энэ удаагийн Азийн наадамд би явахгүй” гэдгээ утсаар мэдэгдсэн байдаг. Гавьяат тамирчин Ц.Цогтбаярын тухайд бол Дэлхийн бѳхийн холбооноос сахилгын шийтгэлтэй хугацаа нь дуусаагүй байгаа. Энэ сахилгын арга хэмжээнд “дотоодын болон гадаадын уралдаан тэмцээнд дасгалжуулагчаар оролцохыг хориглосон” байдаг. МЧБХ-ны баг тамирчдын мэдүүлэгт бид тэмцээнд оролцох 12 тамирчин, дээр нь ҮШБ-ийн таван дасгалжуулагч, нэмэлтээр Бэхбаярын дасгалжуулагчаар олон улсын шүүгч Л.Болормааг, П.Орхоны дасгалжуулагчаар Ц.Хосбаяр багшийг гэж мэдүүлэн МҮОХ-нд хүргүүлсэн. Гэтэл өөрөө Азийн наадамд явах эрхээсээ татгалзсан.
-Хэд хоногийн өмнө, яагаад татгалзсан юм бол?
-Шалтгааныг нь бид хэлж мэдэхгүй байна. Хугацааны хувьд 2018 оны наймдугаар сарын 4-өөс өмнө татгалзсан байдаг. Тэмцээн наймдугаар сарын 16-нд болсон. Яагаад үүнийг ийм тодорхой мэдэж байна вэ гэвэл Азийн наадамд оролцох багийнхны тосгонд байрлах төлбөртэй холбоотой асуудал гардаг учраас тэнд байрлах тамирчид, дасгалжуулагчийн тоог нарийн авч, төлбөрийг МҮОХ-ны дансанд шилжүүлэх үүрэгтэй байсан. Шигшээ багийн тамирчдаас Ууганбаяр дасгалжуулагч эрүүл мэндийн шалтгаанаар явж чадаагүй. Азийн наадамд оролцох 12 тамирчин, албан хүн, дасгалжуулагчидтайгаа нийлээд зургаан квоттой байсан. Багийг албаны хүмүүсээс МЧБХ-г төлөөлж Удирдах зөвлөлийн гишүүн П.Гансүх ахалж, Ц.Хосбаяр дасгалжуулагч өөрийн хүсэлтээр татгалзсан, Ууганбаяр дасгалжуулагч эрүүл мэндийн шалтгаанаар татгалзсан тул Л.Болормаа шүүгчийг нэмж , ингээд таван дасгалжуулагч, нэг албаны хүн, 12 тамирчин явсан юм.
-Яагаад ахлах дасгалжуулагч фэйсбүүк хуудаснаа сэтгэл эмзэглэхүйц пост бичиж оруулав. Ямар гомдол тээв. Та уншсан биз дээ?
-Уншсан. Мэдээж бухимдал байна. Багш нарт ч, надад ч бухимдал байна. Гол найдвар маань ийм байдалд хүрсэн нь тамирчин, дасгалжуулагч, холбооныхон, бүгдэд нь л том цохилт боллоо шүү дээ. Хэн нэгнийг хардах, сэрдэх бодол төрж байгааг ойлгож байна. Гэхдээ хэм хэмжээтэй байх, ёс зүйтэй байх ёстой гэж бодож байна.
-Тэмцээнээс ирэхэд баг тамирчдаа ямар уур амьсгалтай угтсан бэ?
-Манай тамирчид тэмцээнээ дуусгаад шууд Японы Яизу хотод сэргэлтийн бэлтгэлд явсан. Хуваарь нь тэгж таарсан учраас багаараа явсан. Польшийн олон улсын тэмцээнд оролцох зорилготойгоор хоёр эмэгтэй тамирчин Э.Сумъяа, П.Орхон хоёр наймдугаар сарын 27-ны өдөр Улаанбаатарт түрүүлж ирсэн. Үндсэн баг есдүгээр сарын 1-нд Японоос ирээд 4-нд Якут руу хамтарсан бэлтгэлд, улмаар Сочид ОХУ-ын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийхээр явсан.
-Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас эхлээд муу мэдээ дуулдаж эхэлсэн. Та болон МЧБХ яаж хүлээж авав. П.Орхонд хэзээ хэрхэн дуулгасан бэ?
-“А” сорьцийн хариу гарсан 2018 оны наймдугаар сарын 24-ний шөнө МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй, Допингийн үндэсний төв, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны их эмч Ч.Насанбат, МҮОХ-ны Гадаад харилцааны референт Б.Баяртуяа гэсэн гурван хүн надтай холбогдож хэлсэн. МЧБХ-г төлөөлж өдөр тутмын бүх үйл ажиллагааг хангаж ажиллах үүрэгтэй учраас надтай холбогдсон. Тэр шөнө юу болсон бэ гэвэл “А” сорьцийн хариу гарчээ. Хориотой бодис илэрснийг мэдэгдлээ. Одоо 24 цагийн дотор “Б” сорьцийн шинжилгээг хийлгэх үү. “А” сорьцийн хариуг хүлээн зөвшөөрөх үү гэдэг шийдвэрийг яг тухайн хувь тамирчнаас авч явуулах ёстой. Хэн нэгэн хүн төлөөлж шийдвэр гаргах эрхгүй. Хүний эрх, нэр хүндтэй холбоотой учраас заавал хувь тамирчинтай өөртэй нь холбогдож хариу өгнө үү гэсэн. Ингээд би шөнийн 12 цагийн орчимд Японд байсан П.Орхонтой холбогдсон. “Бидэнд өглөөний 10.00 цаг хүртэл л хугацаа байна. Сайн бодож хариу өгөх хэрэгтэй” гэдгийг хэллээ. Ингээд “Б” сорьцийн шинжилгээг өгье гэдэг хариуг маргааш өглөө /2018.08.25/ нь өгсөн. Үүний дагуу холбогдох өргөдөл маягтыг П.Орхонд илгээж, өөрөөр нь гарын үсэг зуруулж хариуг явуулсан. “Б” сорьцийн хариу 2018 оны наймдугаар сарын 27-ны өдөр гарсан байдаг.
-Одоогоор тодорхой болоод байгаа ямар хохирол байна вэ, МЧБХ тамирчныхаа төлөө багийнхаа төлөө юу хийж чадахаар байна?
-Эхний хохирол нь азийн наадмын алтан медаль хураагдана. Бид юу хийхээр төлөвлөж байна вэ гэвэл бусад улс орнуудын ижил төстэй кэйсүүдийг судлаж хохирол багатай гарцыг хайх, түүнийхээ тѳлѳѳ эцсээ хүртэл явах, шийтгэл ноогдуулсны дараа яаж тэр шийтгэлийг багасгах талаар холбогдох бүх арга хэмжээг авч ажиллана. Өмнө нь манайд ийм тохиолдол бий. Тодорхой хугацааны шийтгэл ногдсон тамирчин дээр МЧБХ шуурхай ажиллаж дараалсан хүсэлт тавьсны дүнд шийтгэлийн хугацааг нэг жил болгож хѳнгѳлүүлж байсан юм. Тэр тамирчин маань эрх нь сэргэсэн жилээ буюу 2001 оны дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан. Сэтгэл санаа, бие, оюуны хувьд тэр хүнд шийтгэл амсч том цохилт авсны дараа ийм амжилтад хүрнэ гэдэг маш хэцүү байсан ч давж гарч чадсан. Үүний нэгэн адил холбооны зүгээс чадах бүхнээ хийнэ.
-Хариу хүлээж байгаа хамгийн эхний байгууллага нь Дэлхийн нэгдсэн бөхийн холбооны шүүх байх. Спортын арбитрын шүүх хүртэл явах боломжтой юу?
-Дэлхийн бөхийн холбооны эмнэлгийн болон сахилгын хороо эхний ээлжинд ямар мэдэгдэл ирүүлэх вэ гэдгээс шалтгаалж бид тайлбар хийх, хариу өгөх ёстой. Мэдээж бид хоёр сорьцийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Хэрэглэсэн, хэрэглээгүй гэх, хэн нэгэн хэрэглүүлсэн эсэх асуудал бол хойш тавих дараагийн асуудал. Одоо бидэнд Дэлхийн бөхийн холбооны сахилгын хорооныхны “хөлд нь суух”-аас өөр арга замгүй.
-Яаж?
-“Биднийг одоо ямар ямар үйл явц, ямар хугацаанд хүлээж байна вэ, хоёр сорьцийн шинжилгээг хүлээн зөвшөөрч байна. Одоо бид яавал зохих вэ” гэхчлэн маш их харамсч байгаагаа илэрхийлж, Монгол улсын болон Дэлхийн бѳхийн холбооны нэр хүндийг унагааж байгаа явдалдаа хүлцэл ѳчих нь зѳв болов уу. Гэхдээ бид энэ спортод бие сэтгэл, эрүүл мэнд, цаг хугацаа, боловсрол мэдлэг бүхнээ зориулж яваа тамирчныхаа урам, итгэлийг мохоох биш хайхрамжгүй байдлаас үүдэлтэй буруугаа ухамсралан ойлгож, цаашид хариуцлагатай, үлгэр жишээ тамирчин байх итгэл ѳгсѳн хамгийн нааштай шийдвэрийг гаргаж ѳгѳѳч гэсэн хүсэлтээ тавих болно.
-Дэлхийн спортын шүүх шийдвэрээ зарлачихдаг. Энэ нь тухайн тамирчны цаашдын карьерт хэр нөлөөлөх бол. Гадаад орчинд, алдарт тамирчдаас хэнд нь ч ямар нэг шалтгаанаар, санамсаргүйгээр ийм асуудалд ордог гэдэг үүднээс хүлээн авах болов уу?
-Мэдээж Дэлхийн бѳхийн холбооны сахилгын хороо шийдвэр гаргахаас ѳмнѳ бид буюу МҮОХ, МЧБХ, төр, захиргааны байгууллагууд маш идэвхтэй ажиллаж байж тамирчиндаа ногдох шийтгэлийг наашлуулах боломж бий. МЧБХ цаг үргэлж үүний төлөө ажиллана.
-Та эмэгтэй шигшээ багтай олон жил ойр ажиллалаа. Эмэгтэй тамирчны сэтгэлзүйг илүү мэдэрч байгаа байх гэж бодож байна. Хуваалцаж болох уу?
-Тийм ээ. Би 2013-2016 онд эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар, түүнээс өмнө 2008-2010 онд туслах дасгалжуулагчаар нийт найман жил хамтарч ажилласан байна. Бид ах дүү шиг, аав охид шиг, заримдаа найзууд шиг ойр дотно байж, зовлон жаргалаа хуваалцаж, нэгнийхээ ааш араншинг, хэн нь ямар үед догдолдог, гунигладгийг ч мэддэг болсон. Эмэгтэй тамирчдынхаа сэтгэлзүйг хангалттай мэдэрч байгаа ч тэр бүхнийг энд хэлэх хэрэггүй болов уу гэж бодож байна.
-Тухайлбал, С.Батцэцэг гавьяат, П.Орхоны хоорондын харилцаа ямар байдаг вэ. Нэг жингийнх, амжилтаараа хүссэн ч эс хүссэн ч өрсөлдөгчид учраас харьцуулсан, эсрэгцүүлсэн яриа цөөнгүй гардаг шүү дээ?
-Тэд хоорондоо энгийн харилцаатай. Хувь хүмүүсийн талаасаа ямар ч асуудал байхгүй, цэвэр спортын өрсөлдөөн л бий.
-Тэгвэл тэд хоорондоо илүү дотно байдаг уу?
-Намайг ахлах дасгалжуулагчаар ажиллаж байхад П.Орхон бол манай багийн энгийнээр хэлбэл “ангийн дарга”, багийн ахлагчийн туслах буюу баг дотроо дээрээсээ хоёр дахь хүн байсан. С.Батцэцэг багийн гишүүн. Тэд спортын бус зөрчилдөөнгүй гэдгийг би онцлон хэлнэ.
-Та энэ асуудлын дараа С.Батцэцэгтэй уулзсан уу?
-Уулзаагүй байгаа. Утсаар надтай холбогдсон. “Багш аа, ийм мэдээ яваад байх юм” гэж ярьсан. Би “Хаанаас ямар мэдээлэл авсан юм бэ. Уг нь энэ асуудал хувь хүний нэр хүндтэй холбоотой учраас мэдээлэл маш цомхон хүрээнд, эцсийн шийд гартал нууцын түвшинд байх ёстой шүү дээ” гэсэн.
-С.Батцэцэг П.Орхоны тухайд ямар нэг сэтгэгдэл хэлсэн үү?
-С.Батцэцэг надад юу гэж хэлсэн бэ гэвэл “Багш аа, намайг 2010 онд дэлхийн аварга болоод, 2012 онд олимпоос хүрэл медаль авсны дараа яг ийм яриа гарч байсан. С.Батцэцэг янз бүрийн юм идэж уудаг, тариа хийлгэдэг гэх яриа гарч л байсан. Энэ удаад ч П. Орхон дээр бас л ийм л дэмий хардлагын яриа гарч байна гэж ойлгож байна. П.Орхон маань сэтгэл санаа нь хэцүү байгаа даа. Би ярих гээд ярьж чадахгүй жаахан халгаад л байна. Ямархуу байгаа бол, та уулзсан уу” гэж ярьсан.
-Та холбооны удирдлагаас гадна багшийн хувьд П.Орхонд маань олимпод оролцох найдвар байгаа гэдэгт итгэлтэй байгаа биз дээ?
-Итгэлтэй байлгүй яах вэ. Гол нь ямар хариу ирэх, хэр хэмжээний сахилгын шийдвэр гарах бол, яаж хамгийн богино хугацааг тавиулах вэ гэдэгт бүх анаарлаа хандуулж ажиллаж байна. Чөлөөтийнхний олимпын эрх 2019 оны ДАШТ, 2020 онд гурван тэмцээн ингээд энэ тэмцээнүүдийн амжилтаас шалтгаална. П.Орхон маань Риогийн олимпод оролцох эрхийг 2016 оны хоёрдугаар сард Казахстанд болсон тэмцээнээс авч байсан. Өөр бас нэг тохиолдол гэвэл Лондоны олимпын 63 кг-ийн жинд оролцох эрхийг О.Насанбурмаа гавьяат авсан ч Олимпийн наадамд С.Батцэцэг маань оролцож хүрэл медаль хүртсэн. Тиймээс бидэнд гарц, гаргалгаа, боломж бий гэдэгт итгэлтэй байна. Гол нь олон нийтийг талцуулсан яриа үүсгэхгүй байгаасай. Ялангуяа энэ онцгой нөхцөлд, цаашдаа ч байж болохгүй асуудал. Тамирчин нь ч, дасгалжуулагч нь ч, багийнхан, дэмжигчид сонирхогчид минь ингэж л тус хүргээсэй, бид нэг гэр бүл шүү гэдгийг дахин хэлье.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.