Б.Бямбасайхан: Олон улсын хариуцлагатай уул уурхайн стандартыг Монголд нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.09.06-нд нийтлэгдсэн

LiveБ.Бямбасайхан: Олон улсын хариуцлагатай уул уурхайн стандартыг Монголд нэвтрүүлнэ

Б.Бямбасайхан: Олон улсын хариуцлагатай уул уурхайн стандартыг Монголд нэвтрүүлнэ
17 : 34
2018-9-6

Б.Бямбасайхан: Олон улсын хариуцлагатай уул уурхайн стандартыг Монголд нэвтрүүлнэ

“Discover Mongolia” бизнесийн чуулга  болж, гадаад, дотоодын 700 гаруй төлөөлөгчид оролцож байна. Энэ үеэр тус чуулганыг зохион байгуулагч Монголын Бизнесийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхантай цөөн хором ярилцлаа.


-Хөрөнгө оруулагчид Монголын уул уурхайг сонирхох нь нэмэгдэж байна уу?

-Манай улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг гарч байна. Энэ жил 800 орчим хүн бүртгүүлж ирсэн. Тэдний 200-300 нь гаднынхан байна. Тэд зөвхөн уул уурхайн салбарынх ч бус түүнтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлж буй салбарын төлөөлөл, хөрөнгө оруулагчид юм. Монголд олон улсын хэмжээний аюулгүй байдал, технологи, стандарт хэр их нэвтэрч байна вэ гэдэг нь чухал.

-Жил бүр хөрөнгө оруулагчдыг хэрхэн татах татах зорилгоор чуулдаг.  Хувийн хэвшлийнхнээс төрд тавьж буй гол шаардлага нь юу байна вэ?

-Уул уурхайн компаниуд болон бизнес эрхлэгчдийн гол хүсэж буй зүйл бол төрийн бодлого ойлгомжтой, тууштай, буруу үйл ажиллагаа явуулж буй бизнесүүд болон олон улсын стандартын дагуу явуулж буй бизнесүүдээ ялгах юм. Үүнийг олон нийтэд зөв ойлгуулах нь чухлаас гадна хатуу стандартууд тавьж ажиллах хэрэгтэй. Үүний үр дүнд хамгийн шилдэг хөрөнгө оруулалт, технологи, менежментийг нэвтрүүлж, шингээх боломжтой.

-Хууль зөрчиж байгаа уул уурхайн компаниуд хэр их байна вэ. Бас тэдэнд хариуцлага тооцох тал дээр хэрхэн ажилладаг юм бэ?

-Монгол Улсын болон олон улсын стандартын дагуу үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн шилдэг компаниуд бий. Тэдгээр нь олборлолтоороо ч бус орон нутагт ажиллаж, олон нийттэйгээ харилцах тал дээр ч хамтардаг. Гэхдээ бид бүгд хууль бус үйл ажиллагаа явуулж буй  компаниуд болон хувь хүмүүс байгаа юу гэвэл байгааг мэднэ. Салбарын сайд ч нээлтийн үгэндээ хэллээ. Бид хууль бус ашигт малтмал олборлогчидтой тууштай тэмцэнэ. Хамгийн гол нь олон улсын хариуцлагатай уул уурхайн стандартыг Монголд нэвтрүүлэхээр бизнесийн холбоодтой хамтран ажиллах нь чухал болоод байна.

-Өнөөдрийн чуулганаар Монголын уул уурхайн салбарыг өрсөлдөхүйц болгоно хэмээн мэргэжилтнүүд ярилаа. Тэгвэл өрсөлдөхүйц болгоход нэн түрүүнд юу чухал вэ?

-Энэ чуулганаар бүс нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны талаар мөн ярилцана. Өөрөөр хэлбэл, энэ зах зээлд улам ойртох арга юу байна гэдгийг чухалчилна. Тэгэхээр өрсөлдөх чадвар гэдэг бол хамгийн бага зардлаар тухайн зах зээлд хүрэх арга юм. Үүнээс үүдээд шинэ төслүүд бий болно.

13 : 31
2018-9-6

Б.Бямбасайхан: Хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж байна

“Дисковер Монголиа-2018” чуулга уулзалтад оролцож буй төр засгийн болон бизнесийн төлөөлөгчдийн байр суурийг сонссон юм.

Уул уурхайн сайд Д.Сумъяабазар:  Монгол Улс цаашдаа хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлэх болно. Хариуцлагатай уул уурхай гэдэг маань төсөвт орлого оруулдаг, татвараа төлдөг, ажлын байр бий болгодог, байгаль экологид ээлтэй, техникийн дэвшил ашиглаж үйл ажиллагаа явуулдаг компанийг хэлдэг. Ийм компаниудтай Монголын Засгийн газар ажиллахад бэлэн. Мөн монголчууд бид шударга тоглох ёстой.  Хэн хэн нь амласнаа биелүүлдэг байх ёстой. Цаашдаа хөрөнгө оруулагчдын дуу хоолойг Монголын Засгийн газар сонсох болно. Бид  популизмтай тэмцэнэ. Популизмыг хүлээн зөвшөөрөхгүй. Улс орны эдийн засагт өсөлт дэвшилт авчирдаг салбар бол уул уурхай. Тиймээс уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд анхаарна.

Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан: Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхол маш их нэмэгдэж байна.  Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны талаар ярилцана. Уул уурхайн зах зээл гэж юу вэ, бид зах зээлдээ яаж ойртох вэ гэдгээ хөрөнгө оруулагчидтай ярилцана. Мөн  Монголын өрсөлдөх чадварыг талаар хөндөх юм. Өрөлдөх чадвар бол зах зээл дээрээ хамгийн хурдан хүрэх явдал юм. Монголд олон улсын хэмжээний аюулгүй байдал, менежментийн болоод санхүүгийн стандарт хэр нэвтэрч байна вэ гэдэг дээр гол үзүүлэлт нь байдаг. Тиймээс энэ тал дээр хөрөнгө оруулагчдын дуу хоолойг сонсож, Засгийн газрын бодлогыг хөрөнгө оруулагчдад хүргэдэг чуулга уулзалт бол “Дисковер Монголиа”. Энэ удаагийн чуулга уулзалтад гадаадын дотоодын олон хөрөнгө оруулагч оролцож байна. Эндээс харахад хөрөнгө оруулагчдын итгэл буцаж сэргэжээ.

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү: “Эрдэнэс Монгол” дэд бүтэц, ложистик, боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр төсөл хэрэгжүүлнэ

-“Монгол Улсын хөгжилд Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт түүний илтгэлд “Эрдэнэс Монгол” компани дунд хугацаанд  үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах, эрчим хүч дэд бүтэц, ложистик, боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байгааг дуулгалаа. Нүүрснээс түлш боловсруулах, ган төмөрлөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үнэт металл цэвэршүүлэх зэрэг үйлдвэрийн төслүүдийн явц, хүлээгдэж буй үр дүнг танилцуулж, Багануур, Шивээ Овоогийн уурхайд өргөтгөл, техникийн шинэчлэл хийх шаардлага бийг хөрөнгө оруулагчдын сонорт хүргэв. 

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн давуу эрхийн хувьцааны асуудлаар хийсэн мэдээлэл төлөөлөгчдийн сонирхлыг татсан. Засгийн газрын тогтоолын дагуу “Эрдэнэс Монгол” ХХК  гурван сая ширхэг хувьцааг санхүүгийн тайландаа бүртгэсэн ч, хүн амын өсөлтийг харгалзан давуу эрхийн хувьцааг таван сая болгон компанийн дүрэмд нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд давуу эрхийн хувьцаа эзэмшигч стратегийн ач холбогдол бүхий 16 ордын үр ашгийг хүртэнэ” гэдгийг П.Ганхүү захирал илтгэлдээ онцолсон юм. 

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Энхболд: Монгол Улс бол  нүүрсний зах зээлийн өрсөлдөөнд нэгдсэн. ОХУ-ын хувьд 2008 оноос нүүрсний зах зээлд өрсөлдөж эхэлсэн. Монгол Улсын хувьд нүүрс гол экспортын бүтээгдэхүүн хэвээрээ байна. Нөгөө талаар, анхан шатны хайгуулдаа гол анхаарлаа хандуулах ёстой байгаа. Уул уурхайн салбарт тусгай зөвшөөрлийг өргөдлөөр өгөхийг болиулсан нь хайгуулын салбарыг зогсоосон. “Дисковер Монголиа”-гийн хувьд Засгийн газрын бодлогыг сонсох, хөрөнгө оруулагчдад ямар боломж байгаа вэ гэдгийг танилцуулах зорилготой уулзалт юм.

12 : 35
2018-9-6

Дисковер Монголиа: Хөрөнгө оруулагчид бол тагтаа шиг

Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр хамгийн их сонирхол татсан илтгэл бол “Лайон менежер лимитед”-ийн гүйцэтгэх захирал Хэдли Видданынх байв.  Тэрбээр  Монголын өнөөгийн нөхцөл байдал яг тохирсон “  Уул уурхайн мөчлөг ба  Монгол Улс” сэдвээр илтгэл тавьсныг тоймлон хүргэе. Дэлхий даяар уул уурхайн талаар их буруу ойлголт түгээмэл байдаг.  Уул уурхайн бол мөнгө олоход амархан бизнес гэж боддог.  Энэ хандлага уул уурхайн салбарт төдийгүй эдийн засагт сөргөөр нөлөөлдөг.  Гэтэл уул уурай бол асар их зардал гаргадаг бизнес.  Хайгуулын ажилд асар их зардал гаргадаг.   Гол нь нөөцөөсөө илүү газрын дор байгаа ашигт малтмалд яаж хүрэх вэ гэдэг уул уурхайн гол асуудал байдаг. Нөгөө талаар эдийн засагт гол жин дардаг. Ажлын байр олноор нэмэгдүүлдэг, төсөвт  ашиг оруулдаг салбар юм.  Уул уурхайн салбарын мөчлөг харьцангуй тогтвортой биш. Зарим үед гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, зарим үед зогсонги байдалд орох магадлалтай.  Дэлхий дээр хөрөнгө оруулалт хамгийн их татаж байгаа орон бол Австрали.  Уул уурхайн салбар нь улстөрчдийн нөлөөллөөс хол. Харин уул уурхайн салбар нь улстөрчдийн нөлөөлөлд байдаг  орнуудаас хөрөнгө оруулагчид болгоомжилдог. Сүүлийн үед байгалийн нөөц  нь их бага байхаас үл хамаараад хөрөнгө оруулагчид тухайн улс орны эрсдэлийг их тооцох болсон.  Хөрөнгө оруулагчид бол яг тагтаа шиг. Нэг чулуу шидэхэд л үргээд явчихдаг.

09 : 58
2018-9-6

Армандо Торрес: Оюутолгой шиг олон төсөл Монголд хэрэгжээсэй гэсэн хүлээлттэй байна

“Дисковер Монголиа” чуулган уулзалт үргэлжилж байна. Чуулганыг нээж Уул уурхайн сайд илтгэл тавьсны дараа Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес илтгэл тавилаа. Тэрбээр, Оюутолгойн төслийн бүтээн байгуулалтыг танилцуулж Монгол Улсын эдийн засагт оруулж байгаа хувь нэмрийг дуулгасан юм. Оюутолгой бол Монголын хамгийн том төсөл. Монгол Улсын төсөвт нийтдээ 1,6 тэрбум ам.доллар буюу 2,9 их наяд төгрөгийг  оруулжээ. Харин 2018 оны эхний хагаст  238 тэрбум төгрөгийг татвар хураамж байдлаар төлсөн байна. Цаашдаа ч бид улс орны хөгжилд хувь нэмрээ оруулсаар байх болно. “Монголд үйлдвэрлэв” гэсэн стратегийн бодлого баримтална. Сайн боловсон хүчнүүдийг сургана. Үр дүн харагдаж эхэлсэн. Бид энэ стратегийг хамтран хэрэгжүүлэх явцдаа хэд хэдэн бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэгч нараас худалдан авч байна. Эдгээр бүтээгдэхүүний ихэнхийг Монголд анх удаа үйлдвэрлэж байгаа юм. Оюутолгой 2010 оноос хойш дотоодын худалдан авалтад 2,5 тэрбум ам.долларыг зарцуулсан. Гүний уурхай урт хугацааны төсөл. Бүтээн байгуулалт нь нарийн төвөгтэй. 5,3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай. 16 мянга гаруй хүнд зориулсан хоол хүнс, дулаан хангамжийг байгуулсан том байгуулалт. 2027 онд бүрэн хүчин чадалдаа хүрнэ. 2200 орчим хүдэр буулгах цэг байгуулна. Ийм олон том төсөл Монголд хэрэгжээсэй гэсэн хүлээлт байна.

09 : 46
2018-9-6

Д.Сумъяабазар: Уул уурхайн салбараас олж буй орлогын менежментийг сайжруулна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хөрөнгө оруулагчдад хандан тавьсан түүний илтгэлээс сонирхуулъя. Уул уурхайн салбар нь 2017 оны байдлаар манай улсын экспортын бүтээгдэхүүний 90 хувийг, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 74 хувийг, дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувийг, гадаадын хөрөнгө оруулалтын 72 хувийг бүрдүүлж байгаа нь эдийн засгийн тогтвортой өсөлтийн салшгүй нэгэн хүчин зүйлд зүй ёсоор тооцогдож байна. Уул уурхайн олборлох салбар нь 2018 оны эхний 7 сарын байдлаар 26.3 сая тонн нүүрс, 764.4 мянган тонн зэсийн баяжмал, 9.2 тонн алт, 3.1 мянган тонн молибдений баяжмал, 1.7 сая тонн төмрийн хүдрийн баяжмал тус тус олборложээ. 

Сайдын зүгээс "Эрдэнэс Тавантолгой"-н сайн чанарын коксжих нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг компанийн хувьцааны 30 хүртэл хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалахаар тогтлоо. Хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлэх бэлтгэл ажлыг хангах чиг үүрэг бүхий Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдаж, бэлтгэл ажил ид өрнөж байна. Энэ хүрээнд Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн засаглал, бүтэц, стандартуудыг өөрчлөх, сайжруулах, олон улсын мэргэшсэн зөвлөхүүдээс зөвлөгөө авах ажлууд хийгдэж байна.

Төвлөрүүлсэн хөрөнгө оруулалтыг төмөр зам, авто зам, цахилгаан станц, нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамж зэрэг дэд бүтцийн төсөл, бүтээн байгуулалтад зарцуулж, Тавантолгой ордын үнэ цэнийг өсгөх чиглэлээр ашиглах болно. Ингэснээр Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжлийн тулгамдсан гол асуудал болох уул уурхайн дэд бүтцийг бүрдүүлэх асуудлыг шийдвэрлэж, улмаар уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлээ өргөжүүлэх, уламжлалт харилцаатай түншүүдтэйгээ илүү нягт хамтран ажиллах боломж бүрдэх болно.

Тавантолгойн ордыг түшиглэсэн нүүрс-химийн үйлдвэр, нүүрс баяжуулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулж, нүүрсний давхаргын метаны хйгауул олборлолтыг эхлүүлж, цаашид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь бидний зорилтын нэгэн томоохон хэсэг. Өнөөдрийн энэхүү арга хэмжээнд оролцож буй хөрөнгө оруулагчид та бүхэнтэй энэ чиглэлээр хамтран ажиллах боломж нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна. Бидний өмнө бизнесийн асар их боломжууд байгааг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Эрдэнэс Тавантолгойн IPO- ийн үр дүнд босгосон хөрөнгөөр нийт 5 орчим тэрбум долларын арав гаруй төсөлийн санхүүжилтыг шийдэж, Монголын улсын эдийн засгийн өсөлтөд жинтэй хувь нэмэр оруулж, хөрөнгийн зах зээл идэвхижиж, ажлын байр нэмэгдэж, татвар төлөлт ихээхэн нэмэгдэх болно гэв. Харин Оюутолгой төслийн талаар "Дэлхийн хэмжээний Оюутолгойн зэс-алтны ордын ил уурхайн олборлолт амжилттай өрнөж, далд уурхайн бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу явагдаж өнөөдрийн байдлаар 15,000 хүн гүний уурхайн бүтээн байгуулалт дээр ажиллаж байна. Оюутолгой төсөл бол харилцан ойлголцолд тулгуурласан, Монгол Улсын эрх ашгийг хангасан, харилцан ашигтай, тасралтгүй үйл ажиллагаатай төсөл байх ёстой гэсэн бидний байр суурийг  бидний сайн түнш Рио Тинто компани ч мѳн хүлээн зѳвшѳѳрдѳг. Оюу Толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсэг ажиллаж байгааг та бүхэн мэднэ. Энэхүү ажлын хэсэг нь Оюутолгой компани болон Монгол Улсын төрийн цаашдын хамтын ажиллагааг улам батжуулж, харилцан ойлголцолд хүргэнэ гэж найдаж байна. Хамтрагч түншүүдтэйгээ татвар, хүүгийн зардал бууруулах, зардлын хэтрэлтийг хязгаарлахад чиглэсэн яриа, хэлэлцээр өрнүүлж, тохиролцоонд хүрэх шаардлага байгаа бөгөөд энэ нь хамтын ажиллагааны хэвийн процесс бөгөөд Оюутолгойн бүтээн байгуулалтад саад тотгор учруулахгүй гэдгийг хэлье.  

Мөн “Хөрөнгө оруулалтын гэрээ”-нд заасны дагуу тус компани нь эрчим хүчний хэрэглээгээ дотоодоос хангах үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд өмнийн говьд цахилгаан станц барих ажлыг эхлүүлэхээр судалж, хүчин чармайлт гаргаж ажиллахаа удирлагууд нь илэрхийлээд байгаа. Зөвхөн Оюу Толгой төсөл төдийгүй өмнийн говийн эрчим хүчний хэрэглээг хангахад чухал үүрэгтэй цахилгаан станц барих ажил удахгүй эхэлнэ гэж найдаж байна.

Цаашид Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн эрчим хүчний хангамжийн асуудал, дотоодын бэлтгэн нийлүүлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, аймаг орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, нэмүү өртөг шингэсэн зэс хайлуулах үйлдвэрийг барьж байгуулах чиглэлээр үе шаттай ажиллах болно" гэдгийг илтгэлдээ тодотгосон юм.

Монгол Улсад 2018 оны наймдугаар сарын 30-ны өдрийн байдлаар хайгуулын 1537 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Өнгөрсөн сард Засгийн газрын 243 дугаар тогтоолоор сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбилцлыг баталж, нийт 8.5 сая гектар талбайд сонгон шалгаруулалт зарлаад байна. Цаашид бид геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, геологийн нөөц, бололцоогоо бүрэн танин мэдэх чиглэлээр ажиллах болно. Мөн хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг хялбаршуулах, мэдээллийг ил тод, нээлттэй болгох чиглэлээр тодорхой ажлуудыг хийнэ.

Геологи хайгуул бол уул уурхайн салбарын ирээдүйг тодорхойлдог, бодлого, хөгжлийн стратегиа боловсруулах, байгалийн баялгийн зөв менежментийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой учир Засгийн газар болон яамны зүгээс онцгой анхаарал хандуулж байгаа аж. Түүнчлэн эрдэс баялгийн экспортыг дэмжих, төмөр замын дэд бүтцийн сүлжээг өргөтгөх зорилгоор Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги боомт, Эрдэнэт-Овоот-Арцсуурь боомт чиглэлийн төмөр замын төслүүдийг “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгахаар тогтсон. 

Дээр дурдсан УИХ-ын 73 дугаар тогтоолын хүрээнд төмөр зам, авто зам, цахилгаан станц барих, усны нөөцийн асуудлыг шийдвэрлэх ажлууд хийгдэх болно. Тавантолгой-Гашуун сухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги чиглэлийн төмөр зам, авто замын төслүүд хэрэгжиж, цахилгаан станц барих ажил эхэлнэ. Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын төслийг хэрэгжүүлэх “Тавантолгой төмөр зам” компанийг байгуулаад байна. Мөн Ханги-Мандал боомтоор төмөр замын хоёр дахь гарцыг нээх ажлыг эхлүүлэхээр хятадын талтай яриа, хэлэлцээр өрнүүлж байна. Төмөр замын хоёр гарцтай болсноор манай хоёр улсын худалдааны эргэлт нэмэгдэж, илүү хямд өртгөөр уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлэх боломж бүрдэх юм гэдгийг салбарын сайд хэллээ.

Тавантолгойн дэд бүтэцтэй зэрэгцүүлэн Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр зам барих чиглэлээр Засгийн газраас шийдвэр гаргасан. Ийнхүү дэд бүтэц бүрдүүлснээр манай улсын ашигт малтмалын ордуудын үнэ цэнэ өсч, эдийн засгийн бодит өсөлт ирэх болно гэв.

 

09 : 39
2018-9-6

“Дисковер Монголиа”-д 600 гаруй төлөөлөгчид оролцож байна

16 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Дисковер Монголиа” Шангри Ла зочид буудалд үргэлжилж байна. Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчид чуулж алдаа оноо, шинэ бүтээн байгуулалт, шинэ төслөө ярьж, Монгол Улсын бодлогыг сонирхдог, төр засагт бэрхшээл зовлонгоо дуулгадаг уг чуулга уулзалтад 25 орны 600 гаруй төлөөлөгч оролцож байна.

Чуулга уулзалтыг нээж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Засгийн газрын бодлогыг танилцууллаа. Монгол Улсын экспортын 90 хувь, ДНБ-ний 22 хувийг уул уурхайн салбараас хангадаг талаар тэрбээр онцлоод Тавантолгойг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах Оюутолгойн төсөлд Засгийн газар ямар байр суурьтай байгааг тодорхой танилцуулсан юм.

Энэ оны долдугаар сарын байдлаар Монгол Улс 26.3 сая тонн нүүрс, 764.4 мянган тонн зэсийн баяжмал, 9.2 тонн алт экспортод гаргажээ.

Сайд Д.Сумьяабазар хэлэхдээ "Монголын парламентаас Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл баталсан. Улс төрийн намууд Тавантолгойг эрчимжүүлэх чиглэлээр санал нэгдсэн. Хамгийн сайн коксжих нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшдэг Эрдэнэс Тавантолгой компанийн 30 хүртлэх хувийг гадаад дотоодын хөрөнгийн биржээр арилжаалахаар болсон" гэх мэдээлийг хөрөнгө оруулагчдад өглөө.

08 : 53
2018-9-6

“Дисковер Монголиа”-2018 эхэллээ

“Дисковер Монголиа” бизнесийн чуулга уулзалт Шангрилла зочид буудалд эхэллээ. 16 дахь удаагийн “Дисковер Монголиа” бизнесийн чуулга уулзалтыг Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын бизнесийн зөвлөл хамтран зохион байгуулж байна. Чуулган хоёр өдөр үргэлжлэх бөгөөд чуулга уулзалтын урьдчилсан хэлэлцүүлгүүд өнгөрсөн долоо хоногт болсон билээ.

Экспортын нийт орлогын 90 хувийг дангаараа бүрдүүлдэг уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид чуулдаг уг арга хэмжээнд хувийн хэвшлээс гадна Засгийн газар, бизнесийн салбарын төрийн бус байгууллагууд оролцож анхаарал татсан, тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж гарц  шийдэл хайдаг юм. Чуулганы үеэр хэлэлцэх асуудлуудаар Засгийн газар, хувийн хэвшил, төрийн бус байгууллагынхан санал бодлоо солилцож, ойлголтын зөрүүгээ арилгахад урьдчилсан хэлэлцүүлгүүдийн зорилго оршиж байгаа аж.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж