Хятад Африкийг "онилсон" шалтгаан

Хуучирсан мэдээ: 2018.09.06-нд нийтлэгдсэн

Хятад Африкийг "онилсон" шалтгаан

Хятад Африкийг "онилсон" шалтгаан

Африк тивд орших 50 гаруй орны удирдагчид Хятадын нийслэл Бээжин хотноо гурван жил тутамд зохион байгуулагддаг Хятад ба Африкийн хамтарсан форумын чуулга уулзалтад оролцохоор есдүгээр сарын 3-4 өдрүүдэд айлчилсан. Энэ үеэр БНХАУ-ын дарга Си Жиньпин африкийн орнуудад 60 тэрбум ам.долларын тусламж олгох болсноо зарласан. Африкийн талаас Хятадын тусламжийг эергээр хүлээж авсан ч олон улсын эдийн засаг судлаачид шүүмжлэлтэй хандаж байгаа аж. Энэ үнэхээр тусламж мөн үү?

Чуулга уулзалтаар Си Жиньпин Африкийн хөгжилд зориулж 15 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл, 20 тэрбум ам.долларыг өр барагдуулах төлбөрт, арван тэрбум ам.долларыг дэд бүтэц шинэчлэлт мөн таван тэрбум ам.долларыг Африкаас импортын бараа худалдан авахад тус тус төлөвлөжээ. Түүнчлэн ирэх гурван жилд Хятад улс Африкт арван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр тохирсон буй. Хятад улс Африктай худалдаа, хөрөнгө оруулалт болон харилцан түншлэл хайж байгаа нь энэ аж. Учир нь барууны улс орнууд болох АНУ болон Европын холбооны орнууд Африкт төдийлөн анхаарлаа хандуулдаггүй байна. Хятад улс энэхүү боломжийг ашиглаж өөрсдийн байр суурь, нөлөөллөө бэхжүүлэхээр оролдож байгаа нь судлаачдын анхааралд өртсөн. Африкийн улс орнууд хөнгөн нөхцөлтэй зээл тусламж авах сонирхолтойг Хятад далимдуулж байна хэмээн олон улсын эдийн засагчид үзэж байгаа ажээ.

“Энэ бол урхи. Тусламж нэрийн дор нуугдаж буй зээл. Хятад Африкийг зээлээр эрхшээлдээ оруулж байна” хэмээн Стандарт банк группийн олон улсын эдийн засагч Жереми Стивенс дүгнэснийг хэвлэлүүд онцолжээ.

Хятадын шууд хөрөнгө оруулалтад орсон Африкийн топ-10 улс

БНХАУ-ын дарга Си Жиньпин 60 тэрбум ам.долларын тусламж олгох болсон талаар мэдэгдсэнээс хойш ихээхэн шүүмжлэлд өртсөн. Гэхдээ Хятадын Засгийн газар уг шүүмжлэлийг няцааж байгаа бөгөөд ямар ч улс төрийн бодлогогүй тусламж хэмээн онцолж буй. Мөн Хятад улс Африкийн дэд бүтцийг сайжруулах төслийн хүрээнд хөдөө аж ахуйн 500 мэргэжилтэн илгээж мөн сургууль, эмнэлэг байгуулж өгөхөөр амлаад байна.

Гэвч бодит байдал тийм ч таатай биш аж. Хятад улс аль хэдийн Африк улсыг өөрийн эрхшээлдээ оруулсан. Тодруулбал,  2000 оноос 2016 оны хооронд Хятад Африкийн улс орнуудад нийт 125 тэрбум ам.доллартай тэнцэх зээл олгосноос харж болно гэдгийг судлаачид хэлж буй.

Олон улсын эдийн засагчдын үзэж байгаагаар төсвийн байнгын алдагдалтай хөгжиж буй орнуудад Хятадын зээл, тусламж ихээхэн таалагддаг учир авах сонирхолтой байгааг дурджээ. Тодруулбал, Хятадын хэзээд бэлэн, уян хатан нөхцөл болон он удаан жилийн дараагаар төлөх боломжтой зээлүүд нь Африкийн улс орнуудын анхаарлыг ихээр татдаг байна.

“Африкийн улс орнууд он удаан жилийн дарамт, шахалтад орж байгаа гэдгээ ойлгож байгаа болов уу, энэ бол маш хянуур төлөвлөсөн өрөнд оруулах урхи байна шүү дээ” гэж АНУ-ын Африкийг хариуцсан хороонд зөвлөхөөр ажиллаж байсан Грант Харрис онцолжээ.

2018 оны эхээр Олон улсын валютын сан /ОУВС/Африкийн орнууд эдийн засгийн гүн хямралд орсон болохыг судалгаандаа тусгажээ.  Одоогийн байдлаар бага төсөвтэй Африкийн орнууд аль хэдийн өрний дарамтад орсон болохыг тодорхойлсон байна.

Өнгөрсөн сард Малайзын ерөнхий сайд Махатир Мохамед Бээжинд айлчлах үеэр 20 гаруй тэрбум ам.доллартай тэнцэх Хятадын хөрөнгө оруулалтаас татгалзсан аж. Учир нь “модерн колоничлолд” орохыг хүсэхгүй байгаа талаар тэрбээр тайлбарласан байна.

БНХАУ-ын дарга Си Жиньпин Африкийн эрх баригчидтай хамт

ЭХ СУРВАЛЖ: TELEGRAPH, CNN
Г. МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж