Х.Баделхан"баасны үнэр" дарахын тулд 1 тэрбум төгрөг зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.06-нд нийтлэгдсэн

Х.Баделхан"баасны үнэр" дарахын тулд 1 тэрбум төгрөг зарцуулжээ

Х.Баделхан"баасны үнэр" дарахын тулд 1 тэрбум төгрөг зарцуулжээ

News агентлаг долоо хоног бүрийн пүрэв гариг “Яам, Тамгын газраар сонин юу байна” буланг хүргэдэг билээ. Энэ удаад бид Барилга хот, байгуулалтын /БХБЯ/ яамыг онцолж байна.

Улаанбаатар дэлхийн хамгийн том ‘жорлон’-той.  Энэ жорлонг өөрчлөхөд асар их хөрөнгө ч шаардагдаж буй. Засгийн газар болгоны толгойн өвчин болсон ‘баасны үнэр’-ээ арилгах, шинэ цэвэрлэх байгууламж барих ажлыг энэ хавраас эхлүүлнэ гэсэн Ардын засгийн амлалт өнөө хэр ажил хэрэг болоогүй байна.

Тэтгэврийн насандаа хүрсэн  60 жилийн түүхтэй Төв цэвэрлэх байгууламж элэгдэж, ачааллаа дийлэхээ болиод удаж байна. Агаарын бохирдлоос арай гэж салангуут  үргэлжлээд өмхий үнэр дунд амьдрах нийслэлчүүд бид баасны үнэртэйгээ 60 жил зууралдаж байна. Одоо удахгүй  агаарын бохирдолтойгоо дахин нүүр тулна. Өнгөрсөн хавар уг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ Төв цэвэрлэх байгууламжийг нэн яаралтай  барина хэмээн сүр дуулиантай мэдэгдэл хийж,  нийслэлийг үнэрээс нь салгах үүргийг Барилга хот байгуулалтын сайд  Х.Баделханд өгч, хар толгойтой нь хариуцлага ярихаа ч мэдэгдэж байсан юм. Тэгвэл өнөө хэр баасны үнэр хэвээр байгаа ч  үнэрийн хэмжээ 50 хувиар багассан гэдэг мэдээллийг  салбарын сайд Х.Баделхан өгсөн.

Түүнээс энэ талаар тодруулахад тэрбээр “Үнэр багасч байгаа. Төв цэвэрлэх байгууламжид өглөө, өдөр, орой бүр хяналт хийж, үнэрийг хэмжиж байгаа.  Үнэр 50 хувиар буурсан гэдгийг дээрх  хэмжилтэд тулгуурлаж гаргасан. Түүнээс биш санаанаасаа зохиосон тоо биш. Лагийн талбай бүхий картаас гарч буй үнэртэй нойтон лагийг бүрэн үнэргүйжүүлэх ажил хийгдэж байна. Энэ үед илүү их үнэр гарч байж магадгүй. Малын гэдсийг задлахад үнэр гардагтай адил шүү дээ. 60 гаруй жил хуримтлагдсан лагийн үнэрийг нэг л өдөр шийдчих асуудал биш. Хэрэв амархан ажил байсан бол өдийг хүртэл хугацаа алдахгүй шүү дээ.  Үнэрийг  багасгахын  тулд одоогоор маш их ажлууд хийгдэж байгаа. Төв цэвэрлэх байгууламжийн лагийн үнэрийг багасгахын тулд өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш ойролцоогоор нэг тэрбум  гаруй төгрөг зарцуулсан. Энэ  ажил  арваннэгдүгээр сар хүртэл хийгдэнэ. Шинэ төв цэвэрлэх байгууламж барих ажил энэ ондоо багтаад эхэлнэ” гэдэг тайлбарыг өгөв.

ХӨРӨНГИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ НЭМЭГДҮҮЛБЭЛ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ХЭВИЙН ХЭМЖЭЭНД ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

Ипотекийн зээлийг 2003 онд хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт дөрвөн их наяд төгрөгийн санхүүжилт хуримтлагджээ. Энэ оны хувьд улсын төсвөөс 120 тэрбум, Монголбанкны эргэн төлөлтөөр 220 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг олгож байгаа ч мөнгөний хэмжээ бага байна гэдгийг салбарын сайд онцлов. Үүнийг нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газар, Сангийн яаманд өгч, 2019 оны төсөвт 500 тэрбум төгрөг оруулж өгөх хүсэлт тавьсан байна. Хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлбэл ипотекийн зээлийг хэвийн хэмжээнд үргэлжлүүлэх боломжтой аж.Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Монголбанкнаас тус хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэхээр болсон. Ингэснээр  төр өөрийн бодлогоороо тусдаа авч явах юм.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж