Энэ сарын 10-нд хоёр сургууль, нэг цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.09.06-нд нийтлэгдсэн

Энэ сарын 10-нд хоёр сургууль, нэг цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлнэ

Энэ сарын 10-нд хоёр сургууль, нэг цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлнэ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар урсгал засвар дуусаагүй, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө аваагүй зэрэг шалтгаанаар хичээл нь хойшилж байгаа 18 сургууль, цэцэрлэг нийслэлд байна хэмээн мэдэгдсэн. Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилга, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Д.Ирмүүнзаяагаас тодрууллаа.


-Өөрийн байртай ч урсгал засвар дуусаагүй, үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө аваагүй зэрэг шалтгаанаар хичээл нь цагтаа эхлээгүй хэчнээн сургууль, цэцэрлэг нийслэлд байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд урсгал засвараа хийж дуусаагүйн улмаас есдүгээр сарын 1-нд үйл ажиллагаагаа эхлээгүй хоёр сургууль, долоон цэцэрлэг байна. Хан-Уул дүүргийн 121 дүгээр цэцэрлэгийн барилгын насжилт хэтэрсэн тул Мэргэжлийн хяналтын газраас чанарын аюулгүй байдлын дүгнэлт гаргана, үйл ажиллагаагаа эхэлж болохгүй гэсэн шаардлага тавьсан. 18 дугаар цэцэрлэгийн барилга шинээр баригдсан ч зоорийн давхарт хөрсний ус нэвчсэн тул Мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагааг нь түр зогсоосон. Бусад цэцэрлэг, сургууль буюу Баянгол дүүргийн 47 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 53 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 54 дүгээр цэцэрлэг, Хан-Уул дүүргийн 41 дүгээр цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 68 дугаар цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 172 дугаар цэцэрлэг, Сонгинохайрхан дүүргийн 90 дүгээр цэцэрлэгийн урсгал засварыг хийж байна.

-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар есдүгээр сарын 1-нд хичээлээ эхлэхгүй 18 сургууль, цэцэрлэг байгаа гэж мэдэгдсэн. Харин та хоёр сургууль долоон цэцэрлэг бий гэх юм. Алинд нь итгэх үү?

-Нийслэлийн  мэргэжлийн хяналтын газрын мэдэгдэлд энэ онд баригдаж байгаа сургууль, цэцэрлэг тухайлбал, Баянзүрх дүүргийн 126 дугаар сургуулийн 90 хувьтай явж байгаа барилга зэргийг оруулсан байсан. Манай судалгаагаар нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаагаа оройтож эхлэх хоёр сургууль долоон цэцэрлэг байна.

-Баянгол дүүргийн 164 дүгээр цэцэрлэгийн захирал урсгал засварын санхүүжилт болох 40 сая төгрөг орж ирээгүй байна. Орж ирвэл өнөө маргаашгүй засварын ажлаа эхэлнэ гэж байсан. Үүнийг оруулбал таны дурдсан хоёр сургууль, долоон цэцэрлэгийн тоо нэмэгдэх юм биш үү?

-164 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэн. Гэхдээ дээврээс ус гоожсон асуудлаас болж хоёр бүлэг нь хичээллэхгүй байгаа юм.

-Яагаад санхүүжилтийг саяхныг хүртэл шийдвэрлээгүй байсан юм бэ?

-Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд уг засварыг хийж, нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжилтийг гаргаж байгаа юм. 164 дүгээр цэцэрлэгийн засварын ажлын гүйцэтгэгч компанийн тендерийг Улаанбаатар хотын Захирагчийн алба шалгаруулж байгаа. Энэ хүрээнд ажлыг шийдвэрлэнэ.

-Аливаа сургуулийн урсгал засварын тендерийг эрт зарлаж, ажлыг нь эрт эхлүүлж яагаад болдоггүй юм бэ?

-Хөрөнгө батлагдсаны дараа нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас ажлын даалгаврыг боловсруулан Худалдан авах ажиллагааны газарт өгдөг. Тэндээс тендер зарлаж, хуулийн хугацаанд үргэлжилдэг. Хэрэв ямар нэгэн гомдол гарахгүй бол хуулийн хугацаагаар явдаг. Хуулийн хугацаа байдгаас урсгал засварын ажил удаашраад байдаг юм.

-Дээрх хоёр сургууль, долоон цэцэрлэгийн үйл ажиллагаа хэзээ эхлэх вэ?

-Дээрх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хойшлуулахаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаал наймдугаар сарын 31-нд гарсан. Эндээс харахад нийслэлийн 53 болон 47 дугаар сургууль, 41 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаа есдүгээр сарын 10-нд  эхэлнэ. Бусад зургаан цэцэрлэгийн үйл ажиллагаа аравдугаар сарын 1-нд эхэлнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж