"Солонго" сэтгүүл 25 нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2018.09.05-нд нийтлэгдсэн

"Солонго" сэтгүүл 25 нас хүрлээ

"Солонго" сэтгүүл 25 нас хүрлээ

ӨМӨЗО-ны Өдрийн сонины харьяа “Солонго мэдээллийн төв”-өөс эрхлэн гаргадаг “Солонго” сэтгүүл мэндэлсний 25 жилийн ойн уншигчдын наадам болон "Солонго" хэвлэл мэдээллийн III-р форум өнөөдөр /2018.09.05/ боллоо. Кирил бичгээр хэвлэгдэн гардаг  “Солонго” сэтгүүл нь тэртээ 1993 онд анхны дугаараа гаргаснаас хойш, Хятад, Монгол хоёр улсын худалдаа, эдийн засгийн үйл ажиллагаа, соёлын харилцаа, мэдээлэл нэвтрэлцэх соёлын чухал тээгч болж, хоёр улсын ард түмний найрсаг харилцааны гүүр болж урлаг, эдийн засаг зэрэг салбаруудын хамтын ажиллагаанд жинтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ. Тус сэтгүүл нь улсын зэрэглэлийн хамгийн анхны гадаад сэтгүүл юм. Уншигчдын хүсэл шаардлагын дагуу “Солонго” сэтгүүлийг Монгол Улсад албан ёсоор бүртгүүлж, улмаар төлөөлөгчийн газраа 2014 онд Улаанбаатар хотноо албан ёсоор байгуулж байв. Өдгөө хэд хэдэн мэдээллийн хэрэгсэл болж өргөжин тэлсэн нь "Солонго” сонин, “Solongonews.mn” сайт, Солонго гар утасны аппликейшн, микроблог, вичат зэрэг мэдээллийн олон төрөлт хэрэглүүрүүд болж үйл ажиллагаагаа явуулж буй нь тэдний 25 жилийн нөр их хөдөлмөрийн үр дүн юм.

ӨМӨЗО-ны Өдрийн сонины дэд ерөнхий редактор Уртнаст:

 Солонго” сэтгүүл өнгөрсөн 25 жилийн хугацаанд тасралтгүй Хятад, Монгол улсын соёлын солилцоонд чухал гүүр болж ирсэн.  Цаг үеэ дагаад мэдээллийн агуулгыг зөв сонгох нь хэвлэл мэдээллийн ажлын  гол цөм нь юм. “Солонго” сэтгүүл нь уламжлалт мэдээллийн хэрэгслээс орчин үеийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд болон хөгжиж олон хэлбэр агуулга, эх сурвалжтайгаар мэдээллийг хүргэж ирсэн. Хятад , Монгол хоёр улсын засгийн газрын анхаарал, дэмжлэгийн дор хоёр талын хэвлэл мэдээллийн салбарын харилцаа гүнзгийрч боловсон хүчнээ сурталчлах, солилцоо, хамтарсан сургалтын арга хэмжээ зохион байгуулах зэргээр хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Хоёр улсын харилцаа сайжирсаар байна.Хоёр талын хэвлэл мэдээллийн салбарынхан энэхүү таатай нөхцөл байдлыг ашиглан харилцан итгэлцэж, хамтран ажиллах зарчмын дагуу хоёр улсын харилцааны эерэг хөгжлийг улам гүнзгийрүүлэхийг хүсэж байна. Ирээдүйд бий болох шинэ арга хэлбэрийг тасралтгүй эрэлхийлж олон төрлийн арга замаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болтугай гэв

“ Солонго” мэдээллийн төвийн захирал Л.Наранхүү:  

“Солонго” сэтгүүл нь мэдээллийн төв болон өргөжиж, “Солонго” сэтгүүл, “Солонго” сайт  “Солонго” сонин зэрэг олон чиглэлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болж өргөжсөн. Эдгээр ололт амжилтыг бүтээхэд “Солонго” сэтгүүлийн  үе үеийн сэтгүүлчид, редакторууд мөн уншигчдын маань халуун дэмжлэгийн үр дүн. “Солонго” сэтгүүл нь 25 жилийн турш 290  дугаараа уншигчдадаа хүргэсэн. Өнөөдөр  манай сэтгүүлийг шимтэн уншдаг мянга мянган уншигчтай болсон. Амьдралд жаргал, зовлон хосолдгийн адил “Солонго” сэтгүүлийн 25 жилийн зам харгуй дардан шулуун байгаагүй. Бид нөхөрсөг, үнэнч хүртээмжтэй, ойлголцлын, хөрш орны гадаад харилцааны бодлогыг хичээн баримталж үнэн зөв, бодит мэдээллээр Хятад, Монгол хоорондын  нөхөрлөлийн агшин бүрийг мөнхлөн тэмдэглэхийг зорьж ирсэн. “Солонго” сэтгүүл нь  улсын зэрэглэлийн сэтгүүлийн хувьд Хятад улсын байр суурь, олон улсын илэрхийлэл, иргэдийн төлөөлөл болон мөн сурталчилгааны зарчмын дагуу Монгол Улсад Хятадын эдийн засаг, нийгэм хөгжил, соёл түүхийг танилцуулан, хоёр улсын бүхий л салбарын харилцаа хамтын ажиллагааны үр дүнг шуурхай мэдээлдгээрээ хоёр улсын харилцаанд чухал гүүр нь болж ирсэн. 25 жилийн турш бид сэтгүүлийн агуулга, чанарын хувьд анхаарч ирсэн. Гурван хөгжлийн шат  үеийг дамжсан. Нэгдүгээр үе шат 1993-2000 он хүртэл, хоёрдугаар үе шат 2001-2010 он, гуравдугаар үе шат 2010 өнөөдрийг хүртэл гэж ангилж болно. 2010 он бол томоохон шинэчлэлтийн үе байсан. Сэтгүүлийн дизайн, сэдвийн сонголт зэрэг хэд хэдэн удаагийн шинэчлэл сэтгүүлд томоохон өөрчлөлтийг авчирсан. Энэ нь мөн манай сэтгүүлийн нийгэмд хамгийн том нөлөөлөл болсон цаг үе байсан. Мөн уншигчдын тоо нэмэгдсээр ирсэн нь бидний хамгийн том ололт. Сүүлийн үеийн шинэчлэлүүдээс дурдвал, контентын чанарыг сайжруулж түгээлтийн арга хэлбэрийг шинэчилсэн.  Сүүлийн үед бид уламжлалт сэтгүүлзүйг орчин үеийн сэтгүүлзүйтэй нэгтгэх дижитал төсөл  хэрэгжүүлсэн нь уншигчид орон зай үл хамааран  дижитал хэлбэрээр мэдээлэл хүлээн авах болсон. Хоёрдугаарт, агуулгыг өргөжүүлж соёлын ач холбогдлыг тод харуулахад анхаарсан. Тухайлбал, цуврал мэдээллүүдийг хүргэж өөрийн брэнд булангуудтай болсон. Солонго аялал сурвалжилгын аян  монголын оюутнуудын хамгийн унших дуртай контент. Сүүлийн жилүүдэд бид хоёр орны сэтгүүлчдийн хамтарсан нөлөө бүхий хэд хэдэн сурвалжилга хамтран бэлтгэж ирсэн.

 МУИС-ийн Күнзийн Институтийн  захирал, хятад судлаач, хэлбичгийн ухааны доктор М.Чимэдцэеэ:

“Солонго” сэтгүүлийн хамт олонд 25 жилийн ойн баярын мэнд хүргэе. Би “Солонго” сэтгүүлийг анх хэвлэгдсэн тэр цаг үеэс нь мэднэ. 25 жилийн хугацаанд “Солонго” сэтгүүлтэй хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн. “Солонго” сэтгүүлийн анхны дугааруудыг би тод санаж байна. Тухайн үед гарч байсан нийтлэлүүдийг өнөөдөр 25 жилийн дараа харьцуулахад тэнгэр, газар шиг ялгаатай болсон. Бүх талаараа өөрчлөгдсөн. “Солонго” сэтгүүл 25 жилийн хугацаанд нүүр царай нь бүрэн өөрчлөгдсөнөөс гадна агуулга, хэлбэр нь шинэчлэгдэж, нийтлэлийн бодлого нь үндсээрээ өөрчлөгджээ. Хамгийн чухал зүйл нь хэл, найруулга нь эрс сайжирсан зэрэг олон өөрчлөлтийг дурдаж болно. Анхны  дугаарыг нь би монгол хэлээр уншаад бараг ойлгодоггүй байсан. Тэгвэл өнөөдөр хэл найруулга нь манай улсын хэвлэлүүдээс дутахааргүй болтлоо сайжирсан. Энэ бол маш том ололт.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан, нийтлэлч  Б.Галаарид:

“Солонго” нэртэй гаднын хэвлэл гарсан цаг үеэс хойш 25 жил өнгөрчээ. Монголын сэтгүүлзүйн түүхэнд хэд хэдэн онцлогтойгоор тэмдэглэгдэн үлдэх үйл явдал юм. 1990 оны эхэн үе бол монголын нийгэм өөрчлөгдөж, чөлөөт зах зээлд шилжиж, үг, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хэрэгжиж эхэлсэн үе. Үүнийг дагаад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тоо нэмэгдэхийн зэрэгцээ эзэмшил, харьяалал нь тодорхойгүй, зохицуулалтгүй  ийм цаг үе байлаа. Энэ үед Монголын уншигчдад зориулж монгол хэлтэй хэвлэлийг гаргасан нь өдгөө холыг харсан ажил байлаа. Анх сэтгүүл байсан бол өнөөдөр олон төрлийн мэдээллийн хэрэгсэл болж өргөжсөн. “Солонго” сэтгүүл манай улсын зах зээлд тохирсон Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд загвар болгон ашиглаж болохуйц  гэж анзаарагдсан. Өнөөдөр хамгийн орчин үеийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл тод жишээ болох түвшинд хүрсэн. “Солонго” сэтгүүлээс суралцах зүйл бидэнд асар их бий.

Тус форумын үеэр  “Миний мэдэх хоёр хөрш” зохион бичлэгийн уралдаанд байр эзэлсэн сурагчдын шагналыг гардууллаа. Тус уралдааны Монгол бичгээр ирүүлсэн зохион бичлэгийн нэгдүгээр байрт 14 дүгээр сургуулийн сурагч Т.Хишигдэлгэр, хоёрдугаар байрт 14 дүгээр сургуулийн сурагч Э.Жавхлан, Э.Уянга, гуравдугаар байрт 14 дүгээр сургуулийн сурагч А.Энхтуул, С.Дарьсүрэн, Т.Халиун нар тус тус шалгарлаа. Харин Хятад бичгээр ирүүлсэн зохион бичлэгийн төрөлд нэгдүгээр байрт Энхжин, хоёрдугаар байрт Ля Жа Шин, Жан Мишээл, гуравдугаар байрт Мин Солонго, Мон Шан, Жү Юн Шу нар тус тус шалгарч шагналаа гардан авлаа.

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж