Академич Ж.Болдбаатар гуай ярилцлагадаа ийнхүү онцолсныг УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал твиттерт жиргэж, 170 гаруй хүн retweet хийжээ.
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн тэрбээр “Өнөөдөр” сонины “Хоймор” буланд оролцохдоо нэг асуудалд болгоомжил яваагаа дурдсан нь “Бие дааж нэр дэвшээд, сонгогдсон гишүүд хий хоосон хашхирахаас өөрөөр юуг ч шийдэж чадахгүй, ямар ч эрх мэдэлгүй, нөлөөгүй байгаа биз. Тиймээс миний санааг хамгийн их зовоож байгаа юм бол намгүйжих үзэл газар авч, дараагийн сонгуулиар баахан эрээвэр хураавар хүмүүс сонгогдоод, шуудайд хийсэн үхрийн эвэр шиг тал тал тийшээ харж суучхаад улс орны хөгжилд улам их саад тотгор болох вий” гэх үг.
Ж.Болдбаатар академичтай адилхан улс төрийн нам гэхээр дотор нь муухайрдаг хүмүүс олширсон, үүний илрэл бол Ерөнхийлөгчийн сонгуулиар 100 мянган хүн цагаан сонголт хийсэн явдал ч биз.
Өөрөөр хэлбэл, Монголын улс төрийн намууд сонгогчдынхоо төдийгүй гишүүдийнхээ итгэлийг гээснээс харвал 2020 онд АН, МАН-ын аль ч олонх болохгүй гэж мөрийцсөн ч бараг алдахааргүй аль, алиных нь нэр хүнд шороотой хутгалдчихаад байгаа. Адаглаад л Д.Гантулга, Д.Муратын асуудал ирэх 2020 оны сонгуульд сөрөг пиар болох нь гарцаагүй. Муу дээр нь улцан гэгчээр ядаж байхад Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах УИХ-ын тогтоолыг хууль зөрчсөн гэсэн Цэцийн шийдвэр нэг талдаа МАН-д тусалж байгаа мэт боловч нөгөө талдаа МАН-ын залуу гишүүний хэрэг явдал бүтэн жилийн турш сөхөгдөхөд хүргэнэ гэсэн үг.
Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн сонгогчдын төрийн дээд байгууллагад төлөөлөлтэй байх эсэхийг бүр эрхийг нь нулимлаа гэхэд шүү дээ. Уг нь яг энэ асуудлаар Ардчилсан нам дуугарч, Хэнтийн 42 дугаар тойрогт төр төлөөлөлтэй байх ёстойг эрх баригчдад сануулж, Үндсэн хуулийг хамгаалж дуугарсан бол зөв улс төр болж харагдах байлаа. Даанч УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа шинэчлэл нэрийн дор шинэ хуваарилалт хийж З.Энхболдоос намын тамгаа авсан С.Эрдэнэ хаа нэг Засгийн газар огцор гэж хэвлэлийн хурал хийх болсон хийгээд жирийн гишүүдийнхээ үгийг сонсохгүй хэрнээ “Монголоо сонсъё” аян өрнүүлэх болсныг эс тооцвол Ардчилсан намд үнэндээ Ардын намаас ялгарах ялгарал үгүй болжээ.
Засгийн эрхэнд гараа л бол эрх баригч намын нэр хүнд урууддаг нь, ямар ч мундаг хүн Ерөнхий сайд боллоо ч рейтинг буурдаг нь улс төрийн хувьд бичигдээгүй хууль. У.Хүрэлсүхийн анх гарч ирсэн олон нийтийн дэмжлэгийг өнөөдрийнхтэй харьцуулбал, рейтинг нь илүү хурдан унасан байгаа. Тэр тусмаа өнгөрсөн хоёр жил юу ч хийлгүй, засгийн болоод намынхаа эрх мэдлийг булаацалдан хэрэлдэж буй МАН-ын рейтинг яагаад ч дээшээ өгсөх боломж байхгүй юм.
Гэтэл эсрэгээрээ сөрөг хүчний рейтинг өсдөг байтал Ардчилсан намын нэр хүнд Ардын намынхаас илүү гарч чадахгүй байгаа нь С.Эрдэнийн буруу юу эсвэл Ерөнхийлөгчийн Тамгын газартай холбоотой юу. Ил шулуухан хэлсэн нь академич Ж.Болдбаатар болохоос ингэж боддог хүмүүс Ардчилсан намд цөөнгүй байгааг Р.Амаржаргалын энэхүү ярилцлагыг иш татан твиттертээ жиргэснээс нь харчхаж болохоор.
Угаасаа ч өнгөнөөс өөрөөр ялгарал үгүй болсон Монголын намууд удирдагчдынхаа амбицаар ялгардаг болсон нь худлаа биш л дээ. Үгүй гэвэл өнөөдрийн МАН-ыг хар. Ардчилсан намыг ажигла.
У.Хүрэлсүх, С.Эрдэнэ хоёрыг харьцуулбал ялгарах аргагүй л араншинтай хүмүүс. Нам нь ялгаагүй л хуваагдал талцалтай. Эрх баригчдын үйлдэл нүдэн дээр ил болохоос С.Эрдэнийн намаар дүүрэн хэрүүл байна. Яг үнэндээ өнөөдөр С.Эрдэнийн хийх ёстой, сануулах учиртай бүхнийг Ерөнхийлөгч хийж байгаа учраас л Ардчилсан нам түүний Тамгын газар болж хувирчээ гэсэн сэтгэгдэл төрүүлж буй хэрэг.
Эгнээндээ 180 мянган хүнтэй, дөрвөн жилийн өмнө засгийн эрх барьж явсан нам атлаа Ерөнхийлөгчийн Тамгын газар болтлоо доошоо орсон нь С.Эрдэнэ даргын буруу биш гэж үү!
Холбоотой мэдээ