ГРЭЙПСИТИ МОНГОЛ ХХК БА МОСТ ФИНТЕК ХХК
Монгол улсад банк санхүү болон технологийн нэгдлийг бодитоор хэрэгжүүлж буй анхдагч бөгөөд манлайлагч ГрэйпСити Монгол ба МОСТ Финтек компаниуд олон улсын зах зээлд гарах эхлэлээ тавин Сингапур улсын AIDAS Групптэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Есдүгээр сарын 5-ны өдөр зохион байгуулагдсан энэхүү үйл ажиллагаанд МОСТ Финтек ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Сүхдорж, ГрэйпСити Монгол ХХК-ийн ерөнхийлөгч Б.Мөнхцэцэг, болон AIDAS Группийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Вилсон Нг нар оролцсон юм.
Санамж бичгийн хүрээнд дижитал банкны шийдэл, банкны суурь бүртгэлийн ПОЛАРИС систем болон мобайл хэтэвчийн платформыг олон улсад экспортлох, тэр дундаа ASEAN буюу Зүүн Өмнөд Азийн орнуудыг чиглэн ажиллахаа талууд албан ёсоор бататгаж, мэдэгдсэн юм.
“Бид AIDAS групптэй 2017 оны есдүгээр сараас эхлэн хэлэлцээр хийж ийнхүү хамтын ажиллагааны тохиролцоонд хүрсэн нь МОСТ Финтекийн төлбөр тооцооны платформ ба мобайл хэтэвчийн үйлчилгээг Зүүн Өмнөд Азийн орнуудад хүргэх үүд хаалгыг нээлээ. Хамтын ажиллагаагаар Монголын зах зээлд удахгүй танилцуулах онлайн зээлийн үйлчилгээний технологийг Сингапур, Малайз, Тайланд ба Индонезийн хэрэглэгчдэд мобайл хэтэвчийн хамт хүргэхээр зорьж байна. Бид судалгаа ба хөгжүүлэлтийн баг, чадварлаг инженерүүдээс бүрдсэн мэргэжлийн хамт олон, тэр дундаа Монгол хүний оюуны хүчээр бий болсон шинэлэг шийдлүүдийг олон улсад танилцуулах болно” хэмээн МОСТ Финтек ХХК-ийн гүйцэтгэх захирал, ГрэйпСити Монгол ХХК-ийн үүсгэн байгуулагч А.Сүхдорж онцоллоо.
Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагааны үеэр AIDAS группийн ТУЗ-ийн дарга Вилсон “Бид нухацтай судалсны эцэст МОСТ Финтек ХХК ба ГрэйпCити Монгол ХХК-г стратегийн хамтрагчаар сонгосон ба тэдний тусламжтайгаар ASEAN-ы зах зээлд амжилттай нэвтэрч, санхүүгийн болон арилжааны байгууллагуудад уян хатан, чанартай, цогц шийдлийг хүргэх боломжтой гэдэгт итгэж байна” хэмээн онцолсон юм.
AIDAS GROUP PTE LTD
AIDAS Группийн хувьд 2012 онд NTC Integration Pte Ltd (“NTC”) болон PAVE System Pte Ltd (“PAVE”) гэх хоёр компанийн нэгдлээр үүсгэн байгуулагджээ. Тэд хэрэглэгчдийг мэдээлэл харилцааны технологи болон аудио дүрслэлийн шийдлээр хангах үндсэн зорилготой бѳгѳѳд Сингапур, Малайз, Тайланд, Индонез зэрэг орнуудад үйл ажиллагаагаа тэлэн бүс нутагтаа нэр хүндтэй байр суурийг хэдийнээ олжээ. AIDAS Групп нь IBM, HP, Microsoft, VMware, Dell EMC, Cisco, Symantec, Panasonic, Samsung, Bosch, Epson зэрэг дэлхийд алдартай брэндүүдтэй хамтран ажилладаг ба бүх төрлийн техник болон програм хангамжийн цогц шийдлийг зах зээлд хүргэж ажилладаг байна.
ГРЭЙПСИТИ МОНГОЛ ХХК
ГрэйпСити Монгол ХХК нь банк санхүү, төлбөр тооцооны програм хангамж боловсруулдаг Монголын анхны бөгөөд цорын ганц технологийн компани юм. 2000 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш өдгөө 18 жилийн хугацаанд Монголын банк санхүүгийн салбарт үнэмлэхүй хувь нэмэр оруулжээ. Тус компанийн боловсруулсан суурь бүртгэлийн систем нь Монгол улсын нийт арилжааны банкуудын 80%, банк бус санхүүгийн байгууллагуудын 20%-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагддаг байна.
МОСТ ФИНТЕК ХХК БА MOST MONEY ЦАХИМ ХЭТЭВЧ
МОСТ ФинТек ХХК нь Монгол Улсын үндэсний хэмжээний цахим төлбөр тооцооны дэд бүтэц байгуулах зорилгоор 2008 онд байгуулагдсан ба Мost Money үйлчилгээг 2012 онд зах зээлд нэвтрүүлсэн нь Монголын анхны цахим хэтэвч болсон бөгөөд эдүгээ 200 гаруй мянган хэрэглэгчийн өдөр тутмын бүхий л төлбөр тооцооны хэрэгцээг хангаж байна.
Энэ оны аравдугаар сард Most Money цахим хэтэвчийн шинэчилсэн хувилбар зах зээлд гарахаар товлогдсон ба хамтран ажилладаг банк бус санхүүгийн байгууллага, арилжааны банкны хэрэглэгчдэд онлайн зээлийн үйлчилгээг хүргэхээр зорьж байна. Уг бүтээгдэхүүнийг “white label” байдлаар нэвтрүүлэх боломжтой бөгөөд ингэснээр Most Money цахим хэтэвчийн бүхий л үйлчилгээг өөрсдийн брэнд хэтэвчинд багтаан хэрэглэгчиддээ сурталчлах боломж банк санхүүгийн байгууллагуудад нээгдэж буй юм. Эдүгээ Капитрон Банкны мобайл банк болон Ард Санхүүгийн нэгдлийн “Ард” цахим хэтэвч энэхүү үйлчилгээгээр цар хүрээгээ тэлээд байна.
Мост Финтек ХХК нь өнөөгийн байдлаар 5 банк, 7 бичил санхүүгийн байгууллага, бүх үүрэн холбооны оператор, кабелийн телевиз, орон сууц, нийтийн үйлчилгээ үзүүлэгч 12 томоохон байгууллага, 180 гаруй худалдаа үйлчилгээний байгууллагыг холбосон төлбөр тооцооны төвлөрсөн платформ болж өргөжжээ.
Холбоотой мэдээ