Гитлерын төрсөн гэр “толгойн өвчин” болжээ

Хуучирсан мэдээ: 2014.12.29-нд нийтлэгдсэн

Гитлерын төрсөн гэр “толгойн өвчин” болжээ

 

Австрийн Браунау-ам-Инн хот дахь Адольф Гитлерын төрсөн байсан байшинг нео-нацистууд бусармаг зорилгоор ашиглахаас сэргийлж тус улсын дотоод хэргийн сайд эзэнд нь олон жил түрээсийн төлбөр төлжээ. Байшинд нэг үе хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өдөр өнжүүлэх төв байсан аж. Харин түрээслэгч нь байшинг цаашид түрээслэхээс татгалзсан тул хотынхон байшинг хэрхэх учраа мэдэхгүй байгаа аж. Браунау-ам-Инн бол Австрийн умард хэсэгт оршдог, баруун талаараа Германтай хиллэдэг хууль дүрэм хатуу жижигхэн, цэмцгэр хот билээ. 17-р зууны үед дэн буудал байсан, одоо бол хотын төв талбай дахь Salzburger Vorstadt 15 тоотод Адольф Гитлер төрсөн аж. Браунау-ам-Иннд шилжин суурьшсан Гитлерын эцэг эх дэн буудлын дээд давхрыг түрээслэн амьдарч байжээ. Гитлер Браунау хотод гурван нас хүртлээ амьдарсан юм. 1938 онд Гитлер Нацистын Герман Австрийг нэгтгэсний дараа Вена орох замдаа Браунау хотоор дайрсан байдаг. Уг байшинг нео-нацистыг дэмжигчид ирж үздэг гэж хотынхон хэлдэг. Бүр Итали, Францаас зорьж очиж үздэг нь ч бий аж. Харин байшин одоо хоосон, түгжээтэй.

 

Австрийн дотоод хэргийн сайд тус байшинг нео-нацистуудын очдог газар болох вий гэхээс эмээж байгаа аж. Байшинг 1972 оноос хойш түрээслэжээ. Нэг үе хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өдөр өнжүүлэх төв болгон ашиглаж байсан ч 2011 онд нүүлгэн гаргажээ. Эзэн нь байшинг оффис эсвэл өөр зорилгоор ашиглах бүү хэл байшинд засвар хийх, өрөөнүүдийг өөрчилж, угаалгын өрөөг орчин үеийн болгож засч тохижуулахаас татгалздаг аж.

 

Харин тэрбээр байшинг музей, нацистуудын талаарх түүхийг өчих боловсролын төв болгохыг зорьж байгаа юм байна. Байшинг олон хүн худалдаж авах санал тавьсан ч татгалзсан хариу сонсчээ. Оросын парламентын нэгэн гишүүн хүртэл худалдаж авахыг хүссэн ч татгалзсан хариу сонсоод урамгүй буцсан аж. Германы дотоод хэргийн сайд байшинг хэрхэх тухай холбооны засгийн газрын сайдуудаас тусламж хүссэн бөгөөд зарим нь байшинг нураах нь зүйтэй гэжээ.

 

Хотынхон өнгөрсөн үеийн таагүй дурсамжийг нь сэдрээдэг Гитлерын төрсөн гэрийн тухай дурсах хэзээний дургүй аж. Учир нь төрөлх хотоо Гитлерын төрсөн газар гэж хэлүүлэх дургүй хотын оршин суугчид “Манай хот бол гадны жуулчид аялагчид их ирдэг жижигхэн, цэвэрхэн хот. Бид өөрсдийгөө Гитлерын хүүхдүүд гэж дуудуулмааргүй байна” гэдэг байна.

 

Гэсэн  хэдий ч зарим оршин суугчид байшинг орон нутгийн музейн салбар болгож, гэр үзэсгэлэн болгох хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна.

 

Орчуулсан Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж