Кино үйлдвэрийн баруун талд байрлах “Лян Хө” ресторан, зочид буудал өргөтгөлөө хийхдээ урагш нь сунгаад явган хүний зам руу тулгаж барихаар барилгын ажлыг есдүгээр сарын 2-ны өдрөөс эхлүүлжээ. Ингэхдээ том даацын машинууд явуулж явган хүний зам болон төв зам дагуух ногоон байгууламжийг эвдэн сүйтгэсэн байна. Нийтийн эзэмшлийн талбайд нэвтрэн өргөтгөл барих гэж байгаа бол холбогдох байгууллагаас зөвшөөрөл авах ёстой ч дээрх ресторан зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа хэмээн хүмүүсийн амыг таглаж байжээ. Гэсэн ч үнэн хэрэгтээ зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан байв. “Лян Хө” рестораны зүгээс “Нийтийн эзэмшлийн талбай дээр барилгын ажил явуулахдаа тухайн эрх нь хөндөгдөж байгаа байгууллагатай тохиролцож ажлаа аваад явуулж болно гэж хэлсэн учраас өргөтгөлийн ажлаа эхлүүлсэн” гэх тайлбар хэлсэн байна.
Дээрх ресторан нь “Отгонтэнгэр” их сургуулийн В байр буюу Хүмүүнлэгийн сургуультай залгаа бөгөөд сургуулийн удирдлагуудын зүгээс явган хүний замыг яаралтай засаж өгөхийг шаардаж байгаа юм байна. Одоогийн байдлаар явган хүний зам дан ганц эвдрээд зогссонгүй, дулааны шугам хоолой нь цөмрөн ус гоожсон байдалтай байгаа хэмээн эх сурвалж мэдээллээ. Тэгвэл “Лян Хө” рестораны ойролцоо байрладаг “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК, Отгонтэнгэр их сургууль болон оршин суугчдын зүгээс Цагдаагийн байгууллага болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт /НМХГ/ ханджээ. Тэдний гомдол мэдээллийн дагуу НМХГ-аас зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнөөдөр /2018.09.05/ өглөө нөхцөл байдалтай танилцан “Лян Хө” ресторан зочид буудлыг битүүмжилсэн байна. Дээрх хэрэгт Цагдаагийн байгууллага Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ