С.Батболд: Улаанбаатар хот өргүй хот болсон

Хуучирсан мэдээ: 2018.09.05-нд нийтлэгдсэн

С.Батболд: Улаанбаатар хот өргүй хот болсон

С.Батболд: Улаанбаатар хот өргүй хот болсон

Хотын дарга С.Батболд өнөөдөр /2018.09.05/ сэтгүүлчидтэй уулзалт зохион байгууллаа. Тэрбээр хотын дарга болсноос хойш “Хот ба сэтгүүлч” уулзалт зохион байгуулж, цаг үеийн мэдээлэл болон сэтгүүлчдийн асуултад хариулт өгдөг. Өнөөдөр энэхүү уулзалт болж, Хотын дарга С.Батболд ээлжит зангиагүй уулзалтаа зохион байгуулав. Уулзалтын эхэнд хотод өрнөж буй бүтээн байгуулалтын ажил болон өвөлжилтийн бэлтгэл ажил, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар танилцууллаа.

 100 ТЭРБУМЫН ӨРТЭЙ БАЙСНЫГ ТЭГЛЭЛЭЭ

Хотын дарга С.Батболд 2016 онд томилогдсоноос хойш 800 дахь хоногтойгоо золгож буй. Түүнийг ажил авахад 2016 онд нийслэл 100 орчим тэрбум төгрөгийн өртэй байсан бол өнөөдөр өргүй хот болжээ. Нийслэл хотын зүгээс Улаанбаатар хотын Худалдааны танхимтай салшгүй холбоотой ажиллаж ирсэн. Ингэснээр төр, хувийн хэвшил, аж ахуйн нэгжийн түншлэлийг бодитой хэрэгжүүлж ирснийг тодотгосон. Мөн хот өргүй байж дараагийн зээл, хөрөнгө оруулалтыг татах боломж бүрдэнэ гэдгийг Хотын дарга хэлж байлаа. Түүнээс гадна Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар батлуулахаар ажиллаж буй. Энэ хуулийг анх 1994 онд шинэчилсэн бөгөөд  Улаанбаатарын суурин хүн амын тоо 589 мянга байсан бол өдгөө 1,4 сая болж, 30 мянган хүн амтай хороо ч ажиллаж байна. Автомашин 20337 бүртгэлтэй байсан бол өнөөдрийн байдлаар 400 гаруй мянга болсон гэх зэргээр нийслэл хотод эрх зүйн шинэ зохицуулалт зайлшгүй шаардлагатай болоод байгаа юм. Тиймээс энэ хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцүүлж, батлуулахаар ажиллаж байгаа юм байна.

57 ГА ТАЛБАЙГ ЧӨЛӨӨЛЖ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ ОЛГОЖЭЭ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болсноос хойш С.Батболд сургууль, цэцэрлэг, орон сууц, гэр хорооллын дунд газар олгоогүй. Тэрбээр өнөөдрийг хүртэл нэг  ч газрын зөвшөөрөл олгоогүй гэнэ. Харин зөрчилтэй 16,8 га газрыг хураан авч, зөвшөөрлийг хүчингүй болгон сургууль цэцэрлэг, оршин суугчдад нь  буцаан олгожээ. Иргэд болон сургууль , цэцэрлэг, эмнэлгүүдэд эргүүлэн олгосон газрын хэмжээ 57 га талбай аж. Мөн СӨХ-үүдэд нийтдээ  40,8 га газрыг олгож, тоглоомын талбай, тохижилт хийх боломжийг олголоо.

ГЭР ХОРООЛОЛД ГУРВАН ДЭД ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРНО

Улаанбаатарын хамгийн их хүн оршин суудаг гэр хорооллын тоо, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 200-300 айлын дунд дэд төв байгуулах ажлыг эхлүүлсэн. Энэ жил гурван дэд төв ашиглалтад оруулахаар ажиллаж байна.  Тодруулбал,  Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг, ажлын зураг төсөл хийгдэж дууссан байна. Түүнээс гадна гурван байршил болох Хан-Уул дүүргийн есдүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороо, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд зураг төслийн ажил дуусах шатандаа явж байгаа талаар Хотын дарга танилцуулсан. Нийслэл хотын гэр хорооллын чиглэлд авах арга хэмжээг төвийн, дундын, захын гэсэн гурван бүсэд хувааж хөгжүүлэхээр тусгажээ.  Дундын бүсийн гэр хороолол нь нийт гэр хорооллын 28,8 хувь буюу 2794 га талбайг хамардаг бөгөөд хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв” төслийг газар дахин зохион байгуулах төсөлтэй уялдуулан хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.

ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ДӨРВӨН ТОМ ГҮҮР АШИГЛАЛТАД ОРУУЛНА

Нийслэлийн авто  замын сүлжээг  хөгжүүлэх дунд, урт хугацааны  мастер төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж, авто замын сүлжээний гол болон туслах  гудамж замууд, тэдгээрийг холбосон авто замуудыг шинээр барих ажлыг эхлүүлсэн. 2018 онд  нийслэлийн төсвөөр  13.1 километр зам шинээр барьж, 2.2 километр замыг өргөтгөн шинэчилж байна. Дэд  бүтцийн салбарт хийгдэж байгаа хамгийн гол бүтээн байгуулалт нь  БНХАУ-ын  хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хийгдэж байгаа  дөрвөн том гүүрийн  төсөл юм. Тухайлбал, Яармагийн гүүрийн ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах бол Налайх болон замын цагдаагийн урд байрлах гүүрүүдийг 2019 оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Ийнхүү нийслэлд өрнөж буй, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулсны дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Хичээлийн шинэ эхэлсэнтэй холбогдуулан замын түгжрэл эрс нэмэгдсэн. Түгжрэлийг сааруулах чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ?

-Түгжрэлийг бууруулах чиглэлээр өмнө нь иргэдээс тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал авахад санал асуулгад оролцсон иргэдийн 60 гаруй хувь нь татгалзсан. Гэхдээ сүүлийн үед түгжрэлийг сааруулахад арга хэмжээ авах, тэгш, сондгойгоор нь хөдөлгөөнд оролцуулаач гэсэн санал иргэдээс ирэх болсон. Гэхдээ бид түгжрэлийг сааруулахад тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаас гадна өөр ямар боломж байна вэ гэдгийг судалж байна. Шууд тэгш, сондгойгоор зорчих шийдвэр гаргахад бас хүндрэлтэй байгаа. Тиймээс ойрын хугацаанд  тодорхой шийдэлд хүрэх байх.

-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хот ямар арга хэмжээ авч байна вэ. Ялангуяа утааны улирал эхлэхээс өмнө яг ямар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ?

-Агаарын бохирдлыг асуудал дээр энэ Засгийн газар, Ерөнхий сайд маш сайн ажиллаж байгаа. Энэ жил агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хоёр шийдэлд хүрсэн. Тухайлбал,  түүхий нүүрсийг хориглох шийдвэр гарсан. Нийслэлийн иргэдийн нүүрсний хэрэглээ 600-800 мянган тоннын шахмал түлшний хэрэгцээ байгаа. Эхний ээлжинд 200 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж байгаа. Нийслэл нүүрс борлуулах асуудлыг нь хариуцаж байгаа. Ингэхдээ үнийг нь түүхий нүүрсний өртөгтэй адилтгах хэмжээнд борлуулахаар төлөвлөж байна. Мөн аравдугаар сарын 1-н гэхэд 100 квт-аас дээш хүчин чадалтай 500 зууханд шүүлтүүр тавина. Түүнээс гадна 40 мянган өрхөд халаагуур олгох зэрэг байдлаар шийднэ. Хамгийн эцсийн вариант бол орон сууцны асуудал. Үүнийг Засгийн газраас, хотоос судалж байгаа.

-Хотын захиргаа шинэ яармаг руу нүүнэ гэлээ. Хэзээ нүүх вэ?

-Нийслэл хотын захиргааг Яармаг тийш шилжүүлэх ажил эхэлж, барилгын суурийг тавьсан. 2019 онд Хотын захиргаа Яармаг руу нүүж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа 33 агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд шилжин байрлах боломж бүрдэнэ. Ингэснээр 330 төрлийн ажил, үйлчилгээ нийслэлээс авахаар хотын төвд бөөгнөрөл үүсгэдэг байсан байдал арилна.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Майдар дагуул хот, шинэ нисэх буудлыг түшиглэсэн Аэросити зэрэг дагуул хотуудыг хөгжүүлэн хотын төвлөрлийг арилгахаар төлөвлөж байна.

Ш.ЧИМЭГ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж