“Алтан арслан”-г Ерөнхий сайд хүртжээ

Хуучирсан мэдээ: 2014.12.29-нд нийтлэгдсэн

“Алтан арслан”-г Ерөнхий сайд хүртжээ

Ховд нутгийнхан өнгөрсөн долоо хоногт шинэ жилээ тэмдэглэж, салбар, салбарын манлайлагчидаа, мөн “Алтан арслан-2014”-ын эзнийг тодруулжээ. Ховдчуудын бахархал болсон “Алтан арслан-2014”-ыг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гардсан байна. Түүнийг энэ оны шилдэг төр, нийгмийн зүтгэлтэн гэх номинациар ийн өргөмжилсөн бол “Таван богд” группын ерөнхийлөгч Ц.Баатарсайхан “Оны шилдэг бизнесмэн”, Монгол Улсын харцага Б.Пүрэвсайхан “Оны онцлох алдартан”-аар, УПЕГ-ын Тамгын газрын дарга Б.Үнэнбат “Оны шилдэг менежер”-ээр, Буянт сумын нутгийн зөвлөлийнхөн “Оны шилдэг салбар нутгийн зөвлөл”  өргөмжлөлийг тус бүр хүртжээ.

Ховд аймгаас улстөр, урлаг соёлын олон зүтгэлтэн төрсөн байдаг. Энэ жилийн “Алтан арслан-2014” наадамд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, С.Бямбацогт, Д.Батцогт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга, Я.Төмөрбаатар, Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж нарын олон зочид оролцжээ.

Онцлоход, “Алтан арслан” наадмыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн даргаар томилогдсоноос хойш дөрөв дэх удаагаа зохион байгуулж буй нь энэ аж. Анхных нь 2007 онд зохион байгуулагдаж байсан бөгөөд хоёр жилд нэг удаа болдог байна.

Өмнөх жилүүдэд “Алтан арслан”-г Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин н.Гомбо-Очир, Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаяр нар гардаж байжээ.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж