Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулдаг уламжлалт "Хот ба сэтгүүлч" уулзалт өнөөдөр боллоо. Энэ удаагийн уулзалт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын бүрэн эрхийн 800 дахь хоногтой давхацсанаараа онцлог байв. Уулзалтын үеэр Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнгөрсөн 800 хоногийн туршид хийсэн ажлаа багцлан танилцуулж, сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм.
УЛААНБААТАР ХОТ ӨРГҮЙ БОЛЖЭЭ
Уулзалтын эхэнд тэрээр, “Хотын даргын ажлыг авснаас хойш 800 орчим хоног өнгөрлөө . Энэ хугацаанд хийсэн хамгийн онцлох ажил бол Улаанбаатар хот өргүй болсон явдал. 2016 оны долоодугаар сард Улаанбаатар хот 100 тэрбум орчим төгрөгийн өртэй байсан. Өнгөрсөн хоёр жилд энэ өрийг бүрэн төлж барагдууллаа. Ингэснээр Улаанбаатар хот гадна дотны санхүүгийн байгууллагуудтай харьцахад ямар ч асуудалгүй болсон”хэмээн онцолсон юм.
ХУВИЙН ХЭВШИЛД БОЛОМЖ ОЛГОЖ БАЙНА
Нийслэлийн Засаг дарга болон түүний баг “бизнесийн байгууллага хувийн хэвшлийн хийх ёстой ажлыг хот шүүрч авахгүй байх” зарчим баримталж буй ажээ. Энэ талаар Засаг дарга С.Батболд “Хот өөрийнхөө дэргэд баахан улсын үйлдвэрийн, орон нутгийн өмчит байгууллага байгуулж алдагдалтай ажилладаг байдлыг таслан зогсоохоор ажиллаж байгаа. Энэ ажил дээр Улаанбаатар хотын худалдааны танхим голлох үүрэгтэй ажиллаж, хувийн хэвшилд хотын зүгээс ирэх дарамтыг багасгахад анхаарч байна” хэмээсэн юм.
НИЙСЛЭЛ ХОТ БИЕ ДААСАН СТАТУСТАЙ БОЛНО
1994 оноос хойш өөрчлөлт ороогүй байсан “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн бариад байгаа билээ. “Улаанбаатар хотын хувьд түүхэн шийдвэр болох энэхүү хууль энэ намрын чуулганаар батлагдана гэж найдаж байгаа”-гаа гэдгийг нийслэлийн захирагч онцоллоо.
УИХ энэ хуулийг баталчихвал нийслэл Улаанбаатар хот тусгай статустай болох ажээ. Монгол улсын хүн амын тэн хагас нь оршин сууж буй нийслэл хот 40,000 хүнтэй аймагтай ижил статустай байгаа. Харин тусгай статустай болсноор нийслэл өөрөө төсвөө бүрдүүлж, татвараа тогтоодог болох гэх мэт олон томоохон өөрчлөлт хийгдэж аж. Энэ талаар Улаанбаатар хотын захирагч С.Батболд, “Одоо бол хотын дарга аль яаманд дээр очоод манай сургуулийг засаад, замыг шинэчлээд өгөөч гээд явж байгаа. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 1994 онд батлагдсанаасаа хойш огт шинэчлэгдээгүй. Тэр үед нийслэл хот 400,000 хүн амтай байсан бол одоо 1,370,000 хүн амтай. Өнөөдрийн нийслэлд тулгамдаж байгаа олон асуудлыг эрх зүйн байдлыг дээшлүүлэх замаар шийдвэрлэх боломжтой гэсэн гарцыг бид харсан. Нийслэлд нийт хүн амын 52 хувь аж төрж байна. Монгол Улсын эдийн засгийн 64 хувийг хотын эдийн засаг” гэж тайлбарлалаа.
“Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль” батлагдсанаар Засгийн газрын ачаалал 50 хувиар буурах тооцоо бий бөгөөд төвлөрлийг сааруулах, дэд төвүүдийг хөгжүүлэх, шинэ дэд төвд суурьшсан иргэдэд хөнгөлөлт үзүүлэх гэх мэт хотод тулгамдаад буй олон асуудлын шийдлийг уг хуулийн төсөл агуулж буй ажээ.
ГАЗРЫН РЕФОРМЫГ УЛАМ ЭРЧИМЖҮҮЛНЭ
Нийслэлийн Засаг дарга С.Батболд "Миний мөрийн хөтөлбөрийн чухал заалт бол газрын реформ. Өнөөдөр Улаанбаатар хотод, энэ дөрвөн уулын дунд хувьчлах газар байхгүй. Гэтэл зарим иргэн, ААН-ийн нэр дээр их хэмжээний, олон тооны газар байгаад байна. Нэг компани 10 гаруй газартай байх тохиолдол байна. Тиймээс хууль зөрчиж газар олгосон шийдвэрүүдийг цуцалж, газрыг нийслэл буцаан мэдэлдээ авч байна” гэж мэдэгдлээ.
Газрын албанаас хотын захирагчид ирүүлсэн хамгийн сүүлийн мэдээгээр хууль зөрчиж олгогдсон 58 байршлын 570 мянга орчим метр квадрат газрыг хурааж аваад буй ажээ. Энэ нь 50 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээ гэв.
ТҮҮХЭНД БАЙГААГҮЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД ХИЙГДЭЖ БАЙНА
Улаанбаатар хотын захирагчийн хийсэн мэдээллийн чухал хэсэг нь нийслэлд өрнөж буй бүтээн байгуулалтын тухай байв. Тэдгээр мэдээллийг товч тоймловол:
- Түгжрэлийг бууруулахын тулд томоохон гүүрүүд барьж байна. Яармагийн гүүр 11 дүгээр сарын 1-нд ашиглалтад орно, Баянзүрх болон Сонсголонгийн гүүр ирэх оны 11 дүгээр сард ашиглалтад орно. Зайсангийн гүүрийг гоёмсог байдлаар барихаар төлөвлөж байна. 2019 онд тодорхой шийдэлд хүрнэ.
- 2016 оноос эхэлж яригдсан Налайхын 20.9 км замыг 4 эгнээ болгох асуудал бараг шийдэгдсэн. Ирэх хоёр долоо хоногт Сангийн яам БНХАУ-ын холбогдох байгууллагатай тохиролцож, ирэх оны гуравдугаар сард замын барилгын ажлыг эхлүүлнэ.
- Улиастайн гүүрний уулзвараас Баянзүрхийн уулзвар хүртэл үүсч байгаа түгжрэлийг шийдэхээр дөрвөн эгнээ болгон өөрчлөхөөр болсон. Зүүн аймгууд болон хоёр дүүрэг рүү чиглэсэн хөдөлгөөн үргэлж түгжрэл үүсгэдэг энэ замыг 14 хоногийн дотор зам хаахгүйгээр шуурхай барих ажээ. Түүнчлэн Баянзүрх дүүргийн товчоог татан буулгаж, мөнгө хураадаггүй болж буй аж.
- Хөшгийн хөндийн олон улсын нисэх буудлын зам энэ оны 11 дүгээр сард нээлтээ хийж, ирэх оны дөрөвдүгээр сард бүрэн ашиглалтад орно.
ИРГЭДИЙН ОРОЛЦООНД СУУРИЛСАН АЖИЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ БАЙНА
Иргэдийн оролцоо, соёлд суурилсан цөөнгүй ажил амжилттай хэрэгжиж буйг С.Батболд дарга мөн дурьдлаа. Тухайлбал, түрээсийн унадаг дугуйны “UBike” төсөл. Дугуйг гэртээ аваачдаг, эвддэг байдал өөрчлөгдөж Улаанбаатарчууд дугуй түрээсийн соёлд суралцаж байгааг хотын захирагч олзуурхав. Хотын зүгээс дугуйн замыг нэмэгдүүлэх сайжруулах чиглэлээр ажиллаж буй ажээ. Мөн иргэдийн мэдээлэлд тулгуурласан “Зам чөлөөл” аяны хүрээнд 129 орц, гарцыг чөлөөлжээ.
“НЭГ ХОТ-НЭГ СТАНДАРТ” ЗОРИЛТ ДЭВШҮҮЛЭВ
Мэдээллийн төгсгөлд Нийслэлийн засаг дарга С.Батболд “Нэг хот-Нэг стандарт” гэсэн зорилт дэвшүүлж, үйл ажиллагааныхаа чиг шугам болгож буйгаа мэдэгдэв. Тэрээр, “Нийслэлд амьдарна гэдэг иргэд нь нийслэлийн стандартад нийцсэн үйлчилгээ авна гэсэн үг. Улаанбаатарыг удирдана гэдэг хотоо дэлхийн хотуудын стандартад хүргэнэ гэсэн үг. Хотын даргын хийх ажил ердөө л энэ” хэмээн цохон тэмдэглэв.
Бага тойргоос Багахангай, төв талбайгаас захын хороолол хүртэл нийслэл хотын 4700 ам дөрвөлжин километр дэвсгэр нутагт нэг л стандарт байх ёстой. Агаарын чанар, сургуулийн хүрэлцээ, гадна тохижилт, нийтийн тээвэр, барилга орон сууц гээд хотын амьдралын хэм хэмжээ болсон үзүүлэлт өдөр шөнө шиг өөр өөр байх ёсгүй гэсэн бодлого хотын удирдлагын багийн гол үзэл санаа гэдгийг хотын захирагч онцолсон юм.
“Манай нийслэлийн үлгэр загвар, зорилго зорилт бол Сингапур. Бид тэдний стандартад ойртон дөхөж, гүйцэж хүрэх ёстой. Энэхүү зорилтын үр дүнг товчхондоо “Нийслэлийн 1,4 сая иргэн бүрт нэг л стандарт” томъёолон ойлгосон ч болно. Нийслэлийн засаг даргаар ажиллаж ирсэн өнгөрсөн 800 хоногийн ажлаа ч би энэ зорилгод зангидаж ажилласан. Хэдхэн жишээ:
- Эмнэлгүүдийн гадна талбайн тохижилтын ажил. Нэгдсэн III эмнэлэг, Гэмтэл согогын үндэсний төвийн гаднах зам талбайг үйлчлүүлж байгаа иргэдэд ая тухтай байх стандартад хүргэж тохижуулсан.
- “Баянхошуу”, “Сэлбэ” шинэ дэд төв. Гэр хорооллын иргэдэд дэд бүтцийг нь хүргэж өгөх их ажлын эхлэл нь энэ юм. Эдийн засгийн боломж, орон сууц, хотын дэд бүтцийн үйлчилгээ, хангамж бүхий эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах таатай орчин нөхцөл бүрдүүлсэн, бие даан хөгжсөн, дэд төвийн сүлжээг гэр хороололд бий болгох нь энэ том төслийн зорилго. Гэр хороолол маань орон сууцны хороолол болох эхлэл энэ.
- Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв. Зургаан буудалд төрийн үйлчилгээний 4 дэх төвөө байгуулсан. Төрийн үйлчилгээ авах гэж төв рүү цаг үрэх хэрэггүй болсон.
Эдгээр цөөхөн жишээ бол “Нэг хот-нэг стандарт” гэдэг их ажлын эхлэл” хэмээснээр "Хот ба сэтгүүлч" дөрөв дэх удаагийн уулзалтын эхний хэсэг өндөрлөсөн юм. Уулзалтын хоёрдугаар хэсэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд сэтгүүлчдийн асуултанд дэлгэрэнгүй хариулсныг удахгүй хүргэнэ.
Холбоотой мэдээ