Улирлын өмнө: Оттава Сенаторс

Хуучирсан мэдээ: 2018.09.05-нд нийтлэгдсэн

Улирлын өмнө: Оттава Сенаторс

Улирлын өмнө: Оттава Сенаторс

NHL дахь Канадын төлөөлөл, “агч мод”-ны орны нийслэл хот Оттава хотын Оттава Сенаторс 2012-2013 оны улирлаас хойш хамгийн муу улирлаа үдлээ. 2016 онд ирсэн Г.Буше эхний улиралдаа багаа удирдан дивизиондоо 2-аар, бүсдээ 6-аар плэй-оффт шалгарч бүсийн аваргын төлөө шалгарч байсан. Гэтэл өнгөрсөн улирал Г.Бушегийн баг маш том уналт хийж NHL-н 31 багаас амжилтаараа сүүлээсээ 2-рт бичигдэв. Өнгөрсөн улирлыг 82 тоглолтоос 28 хожил, 43 хожигдол, нэмэлт цагт 11 хожигдолтойгоор 67 оноотой өндөрлүүлсэн. 47 настай Канад эрхэм Г.Бушегийн карьер тийм ч амжилттай биш байгаа. Тэр NHL-н дасгалжуулагчийн карьераа 2010 онд Тампа Бэй Лайтнинг багийг удирдан эхлүүлсэн ч 3 дахь улирлынхаа дундаас багаа ажлаа хүлээлгэн өгч байсан. Ажлаа хүлээлгэж өгсөн Г.Буше Канадын Кевбекийн мэйжор лигт баг удирдаж байгаад 2016 оны зун дахин NHL-д хөл тавин Оттава Сенаторс багийн дасгалжуулагчаар томилогдсон. Сүүлийн 2-3 жил багийн бүрэлдэхүүн амжилтанд нөлөөлөхүйц өөрчлөгдөөгүй. Магадгүй Г.Буше арай л туршлага дутаад байгаа юм болов уу?

  • Багаас явсан тоглогчид: хамгаалагч Ф.Классон (Нью-Йорк Рейнжерс руу), довтлогч А.Барроуз (Ванкувер Кэнайкс руу)
  • Багт ирсэн тоглогчид: довтлогч П.Карей (Нью-Йорк Рейнжерсээс), М.Бёдкер (Сан-Хосе Шарксаас), довтлогч Б.Ткачук (драфтын 4-өөр)

Солилцооны зах зээл дээр маш идэвхгүй оролцсон. Хамгаалалтын байрлалд тоглодог Ф.Классон Нью-Йорк хотын Рейнжерс руу явсан бол А.Барроуз хоёр жил Оттавад тоглоод буцаад Ванкувер руу явсан. Ф.Классон багийг орхисон нь хамгаалалтанд нөлөөлөхүйц өөрчлөлт авчирахгүй. Харин даруухан амжилттай Дани довтлогч М.Бёдкерийг авчирсан нь зөв наймаа болсон. Энэ улиралд М.Бёдкер болон драфтын сонголт Б.Ткачук нар багтаа хэрхэн үр нөлөө үзүүлэх бол? Гэхдээ Оттава Сенаторс багт урд шугаманд Б.Райан ардаа багийн ахлагч Э.Карлссон нарын хэрхэн тоглохоос багийн амжилт нөлөөлнө. Ялангуяа багийн хамгийн өндөр цалинтай тоглогч Б.Райанаас хүлээх хүлээлт фэнүүдээс өндөр байх нь дамжиггүй. Оттава Сенатос багийн Б.Райан NHL-д Питтсбург Пингвинсийн К.Летанг, Лос-Анжелес Кингсийн Д.Даути, Чикаго Блэйкхаукс багийн Б.Сийбрүүк, Бостон Брюинс багийн П.Бергерон, Вашингтон Капиталс багийн Н.Бёкстром нараас ч өндөр цалин авч байгааг дурьдах хэрэгтэй.

Оттава Сенаторс илүү өндөр амжилт үзүүлэх гэвэл дахин хэд хэдэн статистик өндөртэй тоглогчдыг авчирах хэрэгтэй байна. Уг нь Оттава Сенаторс баг санхүүгийн хувьд NHL-н багууд дунд нэлээд боломжийн байгаа. Цалингийн сул зай 15.4 сая ам.доллар байгаа нь дахин шилдэг тоглогч авчирах боломжтойг харуулж байна. Гэхдээ плэй-оффт тоглох амбицтай тоглогчид багт өнөөгийн Оттавад ирэх нь юу л бол? Мөн чөлөөт агентын зах зээл дээр одоогоор шилдэг тоглогчид бараг л байхгүй, ихэнх шилгүүд нь гэрээ байгуулаад байгаа.

Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:

I ЛАЙН:

  • Б.Райан – М.Дючэ – М.Стоун
  • Т.Чабот – Э.Карлссон
  • II лайн:
  • Б.Ткачук – Ж.Пажо – Р.Дзингел
  • К.Воланин – К.Сиси
  • III лайн:
  • М.Бёндкер – Л.Браун – К.Уайт
  • М.Боровески – К.Уидеман

Канадын нийслэлийн багийн сүүлийн гурван жил, ялангуяа өнгөрсөн улирлын гоолын зөрүү -70 байсан. Хэдийгээр багийн лидер Э.Карлссон NHL-н шилдэг хамгаалагчдын нэг мөн боловч ганцаараа бүтэн улирлын турш багийнхаа хамгаалалтыг үүрнэ гэж байхгүй. Иймд урд шугамны тоглогчид илүү олон гоол оруулах шаардлагатай байгаа. Багийн ахлагч Э.Карлссон арын шугаманд ажлаа хийдгээрээ хийнэ, харин урд Б.Райан, М.Стоун, Ж.Пажо, М.Дючэ болон рүүки залуу Б.Ткачук нарын гоол хэрэгтэй. Өнөөгийн Оттава Сенаторс маш тодорхойгүй нөхцөл байдалтай байгаа. Гэнэт цоороод гараад ирж ч болно эсвэл дахин плэй-оффын гадна үлдэх ч магадлалтай. Нөгөө талаар Дорнод бүсийн Атлантик дивизион өрсөлдөөн ихтэй. Энд Бостон, Тампа, Торонто болон Монерал зэрэг плэй-оффын төлөөх амбицтай багууд бий. Мөн хуучны хүчирхэг Детройт болон Флорида, Баффало багуудыг мартаж болохгүй.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж