Ё.Баатарбилэг Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ё.Баатарбилэг Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзав

БААТАРБИЛЭГ

Ё.Баатарбилэг Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүсэлтээр нь хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг  “Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа турк сургуулиудтай холбоотой Туркийн Засгийн газрын байр суурийн талаар Элчин сайдын яамнаас тодорхой мэдээллийг өгье гэсэн хүсэлтийг хүлээн авч, таньтай уулзаж байна” хэмээн тэмдэглээд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд турк сургуулиуд болон үйл ажиллагаатай нь холбоотой мэдээллийг холбогдох яамд, байгууллагаас татан авч, судалж үзэн, анхаарч ажиллаж байгаагаа илэрхийлэв.

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалын зүгээс Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд үйл ажиллагаа явуулдаг турк сургуулиудын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн

Ноён Элчин сайд мөн 2018 оны долдугаар сарын 27-ны өдөр Турк Улсын иргэн Вэйсел Аксайг саатуулахтай холбоотой өрнөсөн үйл явдалд Туркийн Элчин сайдын яамыг буруутгасан өнгө аястай мэдээлэл нийгэмд цацагдсанд  эмзэглэж байгаагаа илэрхийлээд Монгол Улсын хууль хяналтын байгууллага асуудлыг үнэн зөвөөр шалгаж тогтооно гэдэгт найдаж байна хэмээн тэмдэглэсэн.

Тэрбээр мөн тухайн өдөр Элчин сайдын өргөөний дипломат халдашгүй эрхэнд халдсан Монгол Улсын хууль хяналтын байгууллагын зарим үйл ажиллагаанд сэтгэл дундуур байна  гэдгээ илэрхийлэв.

Түүнчлэн, талууд 2019 онд тохиох хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн талаар санал солилцлоо.

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг 50 жилийн ойн хүрээнд боловсрол, соёл, эдийн засаг, эрүүл мэндийн салбарт хамтран хэрэгжүүлэх олон ажил байгааг тэмдэглээд, цаашид хоёр улсын найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

Уулзалтад БСШУС-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир нар байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс