“Хятад орныг танин мэдэх нь” сэдэвт Хятад, Өвөр Монголын соёл аялал жуулчлалын өдрүүд Улаанбаатар хотод өнөөдөр /2018.09.05/ эхэллээ. Энэ удаагийн арга хэмжээг хоёр улсын Элчин сайдын яамд, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм.
Энэхүү соёлын өдрүүд есдүгээр сарын 08 хүртэл үргэлжлэх бөгөөд өдөрлөгийн хүрээнд Хятадын киноны өдөрлөг, аялал жуулчлалын салбарыг танилцуулах арга хэмжээ, ядуурлыг бууруулсан туршлага солилцох үзэсгэлэн, Хятадын уламжлалт гар урлал болон биет бус соёлын өвийн үзэсгэлэн, Өвөр Монгол, Сычуаний соёлын инновацийн үзэсгэлэн, ардын уламжлалт анагаах ухаан, эм бэлдмэлийн яармаг зэрэг олон талт арга хэмжээ, үйл ажиллагаа зохиогдох юм. Мөн Өвөр Монголын эмч нар Монгол улсын иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг 16 томоохон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тус өдөрлөгийн нээлт өнөөдөр /2018.09.05/ Монголын уран зургийн галерейд боллоо.
Нээлтийн үеэр Хятадын коммунист намын ӨМӨЗО-ны байнгын хорооны гишүүн, Суртал ухуулгын хэлтсийн дарга Бай Юиган, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Монголын талаас БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр болон албаны бусад хүмүүс оролцов.
Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин “БНХАУ-ын удирдлагууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байгаагийн нэг илрэл нь энэхүү соёлын өдөрлөг юм. Хил залгаа Монгол Улстай улам илүү хамтран, ирээдүйгээ цогцлоох боломж бий” гэдгийг тэрбээр онцлов.
Хятадын коммунист намын ӨМӨЗО-ны байнгын хорооны гишүүн, Суртал ухуулгын хэлтсийн дарга Бай Юиган нээлтийн ёслолыг нээж хэлсэн үгэндээ “Ирэх онд Монгол, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болно. Энэхүү ойг угтан Монгол улсын иргэдэд ӨМӨЗО-ны ахуй амьдрал, соёлын онцлогийг таниулах арга хэмжээ зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ нь Хятадын “Нэг бүс Нэг зам”, Монголын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд томоохон түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн хоёр орны иргэдийн найрамдалт харилцаа, соёл, хүмүүнлэгийн солилцоо улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна” гэсэн юм.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Монгол, БНХАУ хоёр олон зуун жилийн найрамдалт харилцааны түүхтэй мөнхийн хөрш орон юм. Энэхүү уламжлалт харилцааг XXI зуунд шинэ агуулга, хэлбэрээ баяжуулж байгаа бөгөөд үүний тод жишээ нь өнөөдөр эхэлж буй ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалын өдрүүд юм. Өнөөдрийн арга хэмжээ нь Монгол, БНХАУ-ын Монгол, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудас нээлээ. Ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд ӨМӨЗО-ны Хөх хотод “Улаанбаатарын соёлын өдрүүд”-ийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа” гэв.
Нээлтийн үеэр ӨМӨЗО-ны байгалийн сайхныг харуулсан гэрэл зургийн болон соёлын биет бус өв, технологийн дэвшил, инноваци шингээсэн бүтээгдэхүүний үзэсгэлэнг нээлээ. Уг үзэсгэлэн энэ сарын 08-ныг дуустал үргэлжлэх юм.
Түүнчлэн Монголын уран зургийн галерейд ӨМӨЗО-ны уламжлалт болон бариа заслын тэргүүлэх зэргийн таван эмч иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгч байна.
Соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд Хятад улсаас 300 гаруй төлөөлөгч ирсэн аж. Хоёр улсын харилцааг улам ойртуулах энэхүү арга хэмжээ үр өгөөжөө өгч, хоёр улсын хамтын ажиллагаа тэр дундаа иргэд хоорондын найрамдалт харилцаа улам бүр хөгжинө гэдэгт итгэж байгаа гэдгийг БНХАУ-ын төлөөлөгчид онцолж байлаа.
Хятад Улс нь тасралтгүй 10 гаруй жилийн турш манай улсын хамгийн том худалдааны түнш болон хөрөнгө оруулалтын хамгийн чухал эх үүсвэр орон байсаар ирсэн. Тэд сайн хөрш, сайн түншийн хувьд Монгол улсыг “Нэг бүс нэг зам” стратегийг атгаж, Хятадын хурдацтай хөгжлийн хурдны галт тэргэнд суун, хамтдаа баяжиж, хамтдаа хөгжиж, хамтдаа цэцэглэхийг үеийн үед уриалсаар ирснийг гэрчлэх түүхэн үйл явдлын нэг нь "Хятад орныг танин мэдэх" соёл, аялал жуулчлалын өдөрлөг юм.
Холбоотой мэдээ