"Гоо сайхны бүтээгдэхүүнийг бусад бараатай хольж тээвэрлэх зөрчил илэрсэн"

Хуучирсан мэдээ: 2018.09.05-нд нийтлэгдсэн

"Гоо сайхны бүтээгдэхүүнийг бусад бараатай хольж тээвэрлэх зөрчил илэрсэн"

Импортоор орж ирж байгаа гоо сайхны бүтээгдэхүүнд ямар шаардлага тавьдаг, хэдэн оны ямар стандартыг мөрддөг зэргийг  Мэргэжлийн хяналт ерөнхий газрын /МХЕГ/  улсын ахлах байцаагч  Т.Төмөрбаатараас тодрууллаа.

-МХЕГ-ын зүгээс импортоор орж ирж байгаа гоо сайхны бүтээгдэхүүнд сүүлд хэзээ шалгалт хийсэн бэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2018 оны тавдугаар сарын 31-ний өдрийн 63 дугаар тогтоол гарсан. Хуучин 233 дугаар тогтоолын  хүрээнд импортоор орж ирж байгаа гоо сайхны бүтээгдэхүүний хяналтыг гаалийн хяналтаар хянаж байсан. Сүүлийн жилүүдэд  гоо сайхны бүтээгдэхүүн  болон ахуйн химийн бүтээгдэхүүнтэй холбоотой янз бүрийн хордлого, харшил зэрэг гарах болсон. Үүн дээр  үндэслэн гоо сайхны бүтээгдэхүүнийг 63  дугаар тогтоолоор эргэн хяналтдаа авсан байгаа. Энэ хүрээнд дээрх тогтоолоор гоо сайхны 14 төрлийн ахуйн, химийн төрлийн  барааг хянаж  байгаа. Түүнийг үндэслэн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар хяналтын  хуудас батлагдсан. Хяналтын хуудсаар гоо сайхны бүтээгдэхүүний баримт бичиг, биет үзлэгийн хяналт, шаардлагатай тохиолдолд лабораторийн шинжилгээнд хамруулна гэсэн тушаал гарсан.

-14 нэр төрлийн бүтээгдэхүүнд шалгаж байгаа гэлээ. Ямар, ямар бүтээгдэхүүн бэ?

-Ерөөсөө хүний өдөр тутмын  хэрэглэдэг бүтээгдэхүүн болох гарын саван, шампунь, угаалгын нунтаг, ариун цэврийн цаас нүүрэнд түрхдэг гоо сайхан арьс арчилгааны бүхий л  төрлийн бараа орно. Гоо сайхны бараанд тавигдах холбогдох стандартууд байдаг. Үүний дагуу  Стандарт хэмжил зүйн газартай хамтран  гоо сайхны бүтээгдэхүүний стандартад үнэлгээ хийхээр ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ямар гоо сайхны бүтээгдэхүүний стандарт нь хуучирсан, шинэчлэх ямар шаардлагатай байгаа, цаашид Европын  холбооны стандартуудад яаж нийцүүлэх вэ зэрэгт ажлын хэсэг гарсан ажиллаж байгаа. Ялангуяа сүүлийн үед  гоо сайхны бүтээгдэхүүнээс шалтгаалаад харшил болон янз бүрийн эрүүл мэндийн сөрөг нөлөөлөл гараад байгаа. Энэ хүрээнд 2018 оны тавдугаар сар хүртэл судалгаа хийсэн. Судалгаагаар арьсны өвчин судлалын төв дээр эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн тодорхой хувь нь үсний будаг,шампунь зэрэг бүтээгдэхүүнээс харшилсан тохиолдол гарсан.

-Тэгвэл ихэвчлэн аль улсаас орж ирж байгаа гоо сайхны бүтээгдэхүүн дээр зөрчил илэрдэг вэ?

-Ихэнх тохиолдолд БНСУ-аас импортоор орж ирэх бараа болон БНХАУ-аас  хуурамч, бараа орж ирэх тохиолдол бий.

Тэр дундаа хамгийн ихээр ямар  зөрчлүүд  илэрдэг вэ?

-Өнгөрсөн оны судалгаанаас харахад голдуу тээвэрлэлтийн нөхцөлийн шаардлага хангахгүй байгаа зөрчил илэрсэн. Ялангуяа хүүхдийн чивхийг БНСУ-аас автомашинтай  хамт ачих, бусад бараатай хольж авчрах тохиолдол гарсан. Мөн  Замын-Үүдийн боомтоор зарим брэндийн дуурайсан бүтээгдэхүүн орж ирсэн. Үүнийг бид устгах арга хэмжээг авсан.

-Тэгвэл зөрчил гаргасан аж ахуй нэгж байгууллагуудад ямар хариуцлага тооцдог вэ?

Зөрчлийн тухай хуулиар хариуцлагын заалт нэлээн өндөр болсон. Тус хуулийн хүрээнд эрүүл ахуйн тухай хуулийн 8.2,8.3-т зааснаар тухайн бараа чанар аюулгүй байдлын шаардлага хангасан байх ёстой. Хоёрдугаарт, экспортлогч улсаас эрүүл ахуйн болон чанарын бусад гэрчилгээтэй байх ёстой. Гуравдугаарт, гоо сайхны бүтээгдэхүүнийг бусад бараатай хольж тээвэрлэхгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тээвэрлэх ёстой. Хэрэв эдгээрийг зөрчих юм бол зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу иргэн болон аж ахуйн нэгж байгууллагыг торгох торгуулийн заалт өндөр байгаа. Тэгэхээр аль аль тал нь гоо сайхны бараа импортлохдоо хариуцлагатай байх  ёстой.

Охид бүсгүйчүүд онлайнаар гоо сайхны бараа бүтээгдэхүүн их худалдан авдаг болсон байна. Үүн дээр танай байгууллагаас ямар хяналт тавьдаг вэ?

-Цахим худалдааны тухай хууль одоохондоо гараагүй. Гэхдээ бид хяналт тавьж байгаа. Иргэдийн гомдол, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирсэн гомдлын дагуу Эрүүл мэндийн яамтай хамтраад цахим сүлжээгээр зарагдаж байгаа бараанд хяналт тавьдаг. Цаашид эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүний тухай , худалдааны тухай гэсэн хууль гарна. Энэ хуулийн хүрээнд илүү зохицуулагдана.Бид  холбогдох арга хэмжээг авч байгаа боловч нууцаар зарагдах, худалдан борлуулах үйл ажиллагаа явагдаад л байна.

 -Охид бүсгүйчүүд гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авахдаа юуг анхаарах ёстой вэ?

-Ер нь гоо сайхны бүтээгдэхүүн хүнсний  бүтээгдэхүүний дараа ордог эрсдэлт бүтээгдэхүүний ангилалд хамаарагддаг. Хамгийн гол нь  бүтээгдэхүүний гарал үүсэл, хаяг шошгыг харах хэрэгтэй. Түүнээс гадна МХЕГ-аас олгож байгаа  бүтээгдэхүүний баталгаажилтын дүгнэлтийг шалгах нь зөв.

Э.БУРАМ 

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж