Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулж буй “Улаанбаатар Түншлэл-2018” намрын Олон улсын үзэсгэлэн, яармагт Тайванийн 10 орчим компани, ААН оролцож байгаа бөгөөд 9 дүгээр сарын 6-9-нд “ болох тус үзэсгэлэнд Тайванийн үндэсний шилдэг бараа бүтээгдэхүүнийг дэлгэн танилцуулна. Үүнд гэр ахуйн цахилгаан бараа, хүнс боловсруулах тоног төхөөрөмж, сургалт танин мэдэхүйн тоглоом, гоо сайхан, ариун цэврийн хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүн, жимсний шүүс, бичиг хэргийн хэрэгсэл зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг нэрлэж болно. Иймд сонирхож байгаа компани, ААН, хувь хүмүүсийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Тус төлөөлөгчийн газрын тэргүүн Хуан Куо Рун Тайваниас Монгол улсад чиглэсэн экспортын хувь хэмжээ тасралтгүй өсөн нэмэгдэж, 2018 оны эхний 1-6 сарын байдлаар 7,325,483 ам. доллар болсон нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 2.5 дахин өссөн үзүүлэлт юм. Нэг талаар энэ нь Монгол улсын эдийн засаг сэргэж буйг харуулж байгаа бөгөөд нөгөө талаар Тайванийн бараа бүтээгдэхүүн Монгол хэрэглэгчдийн талархлыг хүлээж буйн илрэл гэж дүгнэж болох юм. Үүнээс гадна Тайванийн ЭКСИМ банк Монгол улсад 30 сая ам.долларын импортыг дэмжих зээлийн санхүүжилт олгож байгаа нь Тайвань Монголын худалдаанд эерэг өөрчлөлтийг үзүүлж байна гэв.
Мөн Монголын компани, ААН Тайваниас бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж авч буй тохиолдолд Голомт банк, Хаан банк, Төрийн банк, ХХБанк, Хас банк, Хөгжлийн банк зэрэг арилжааны 6 банкаар дамжуулан дээр дурдсан зээлийг авч болох ба эргэн төлөлтийн хугацаа 5 жил байна.
Тайванийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүтэц Монгол улстай харилцан нөхвөрлөх шинжтэй, Тайвань дэлхийд өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр голлох тоглогч төдийгүй, уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зах зээлд ч жин дардаг. Энэ удаагийн үзэсгэлэнд оролцож буй компани ААН-үүдийн бараа бүтээгдэхүүн дотор цөөнгүй нь шилдэг бүтээгдэхүүний шагнал хүртэж байсан тул эдгээр бүтээгдэхүүнүүд Монгол анд нөхдийн сонирхолд нийцнэ гэж найдаж буйгаа Хуан төлөөлөгч хэллээ.
“Улаанбаатар Түншлэл-2018” намрын Олон улсын үзэсгэлэн, яармагт Монгол, Тайвань, БНСУ, Герман, Оросын Холбооны Улс зэрэг улс орны бизнес эрхлэгчид оролцох бөгөөд нийт 100 гаруй үзэсгэлэнгийн павилион ажиллах болно. Тайваниас Songbai Technology Co.,Ltd, LEPAO TOY SINDUSTRIAL Co.,Ltd, OLON INTERNATIONAL TRADING Co.,Ltd, DAYHORN INTERNATIONAL CORPORATION, ReHeng International Co.,Ltd, Mei Shan Tea Seed Oil Manufacturing Cooperation, CHIN YING FA MECHANICAL IND. Co.,Ltd, SUPPERLINE INTERNATIONAL ENT. Co.,Ltd, Beck Lee Co.,Ltd зэрэг компани, ААН оролцож байна.