Засгийн газар "Дисковер Монголиа"-д юу амлах вэ?

Хуучирсан мэдээ: 2018.09.05-нд нийтлэгдсэн

Засгийн газар "Дисковер Монголиа"-д юу амлах вэ?

Засгийн газар "Дисковер Монголиа"-д юу амлах вэ?

Ердөө долоохон жилийн өмнө Монголд 4.7 тэрбум ам.доллар орж ирж, эдийн засгийн өсөлт нь 17 хувьтай гарч дэлхийг гайхшируулж байв. Харамсалтай нь, энэхүү супер циклийн үе удаан үргэлжлээгүй бөгөөд хөрөнгө оруулалт татарсан нь нэгд, засаглалын хямрал, хоёрт хууль эрх зүйн тогтворгүй байдал гэсэн “онош”-ийг мэргэжилтнүүд тавьсан билээ.

Далайд гарцгүй, хоёр их гүрний дунд орших  Монголын хувьд эдийн засаг нь жижиг учраас хямрах, сэргэх нь амархан.  Хэдийгээр төр засгийн зүгээс эдийн засгийн солонгын тухай ярих болсон ч Монголын эдийн засгийн голлох салбар бол  уул уурхайн салбар хэвээр байгаа. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх нь уул уурхайн салбарт  ногддог, тиймээс энэ салбарын хөгжил, ноу-хау зэргийг гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр төсөөлөхийн аргагүй.

Хөрөнгө оруулалтыг татахгүйгээр хөгждөг улс орон гэж дэлхийд байхгүй. Харин хөрөнгө оруулагчдыг хөөж тууснаараа эдийн засаг нь амжилтад хүрсэн түүх гэж үгүй юм.

Дэлхийд гадаадын хөрөнгө оруулалтыг татаж буй бүс нутгуудыг гурав ангилж үздэг талаар MIBG компанийн гүйцэтгэх захирал, эдийн засагч А.Билгүүн онцолж байна.  Тодруулбал, хөгжсөн зах зээл, шинээр гарч ирж буй зах зээл, хөгжиж байгаа зах зээл.

Монголын хувьд шинээр гарч ирж буй зах зээлд багтдаг. Хөрөнгө оруулагчдын хувьд шинэ зах зээлийг сонжиж, сонирхохоор ирдэг нэг чуулга уулзалт бол Дисковер Монголиа.  Маргааш эхлэх энэхүү чуулга уулзалтад Засгийн газар юу ярих вэ. Хөрөнгө оруулагчдад Монголын эрх баригчид юу амлаж чадах бол.

Ардчилсан нам азгүй, Ардын нам азтай гэх нь бий. Үнэндээ ч  Ардчилсан намын засаглалын он жилүүдэд буюу  2012 оноос уруудаж эхэлсэн зэс, нүүрсний ханш МАН-ыг засгийн эрхэнд гарсны дараа сэргэж эхэлсэн нь  аль нэгнийх нь муу, сайны асуудал биш.

Дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ өсөх, уруудах мөчлөгийг урьдчилан харж, зөв дүгнэлт хийж, цаг үетэйгээ тохируулж бодлогоо тодорхойлох, тоглоомын дүрмээ зохицуулах нь харин эрх баригчдын сайн, муутай холбоотой билээ.

Хэдийгээр хоёр жилийн өмнөөс зэс, нүүрсний үнэ харьцангуй өсч, төсөвт оруулах  татвар нэмэгдэж эхэлсэн нь хямралтай байгаа эдийн засгийг тогтворжуулахад нөлөөлсөн. Мэдээж, ОУВС-гаас тавьж байгаа санхүүгийн хариуцлага ч уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлж буй юм.

Гэвч, энэ азтай үзэгдэл хэр удаан үргэлжлэх вэ.  Ардын засгийн газрын амны хишиг хэр удаан тогтвортой байх вэ. Яг энэ асуултад уул уурхайн мэргэжилтнүүд, шинжээчид юу гэж хариулж байгааг эрх баригчид сонсох ёстой. Иймээс л эрх баригчдын очих газар Дисковер Монголиа.

Дэлхийн зах зээлд унаж байсан нефтийн ханш сэргэсэн, ОХУ татварын бодлогодоо өөрчлөлт оруулж эхэлсэн нефтийн бүтээгдэхүүний үнэ ханшийг өсгөж буй.  Дээр нь Туркийн дотоод улс төрийн асуудлаас болоод хөрөнгө оруулагчдийн илтгэл хөгжиж байгаа болон шинэ зах зээлд итгэл алдрах болжээ.

Энэ нь Монголын эдийн засаг, гадаад зах зээлд сөргөөр нөлөөлж магадгүйг MIBG компанийн гүйцэтгэх захирал, эдийн засагч А.Билгүүн анхааруулжээ.

Монголын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлдэг зэсийн ханш гэхэд сүүлийн хоёр долоо хоногийн турш үргэлжлэн унасан муу мэдээ  ч гадаад зах зээлээс дуулдаж буй. Нэг тонн зэс 5700 орчим ам.доллар руу уруудаад  байгаа бөгөөд энэхүү уналт нь бүс нутагт өрнөж болзошгүй худалдааны дайн, БНХАУ-ын эдийн засгийн тэлэлт нь өөрийнхөө хурдыг хадгалж чадахгүй байж магадгүй гэсэн хүлээлттэй холбоотой бололтой.

Харамсалтай нь бид Оюутолгойг хөөх тухай мөн Тавантолгойн нүүрсээ харамлах тухай л ярьж, дотоодын улс төрөөсөө хол нүүдэл хийж чадахгүй байгаа. Хэрэв зэсийн ханш үргэлжлэн унах юм бол энэ Монголын хувьд муу мэдээ байх болно.

Тэгэхээр энэ үед бид яаж тоглох вэ, дэлхийн зах зээлийн чиг хандлагатай уялдуулж төсвөө яаж боловсруулах  шаардлагатайг,  шинээр яаж хөрөнгө оруулалтаа татах вэ гэдгээ тооцоолж, тоглоомын дүрмээ тодорхой болгох ёстой юм. Түүнээс хөрөнгө оруулагчдыг уриад байгаа ч юм шиг хөөгөөд байгаа ч юм шиг тодорхойгүй байдал эдийн засагт хямрал дагуулж магадгүй байна.

Тиймээс  Засгийн газар хөрөнгө оруулагчдад тогтвортой байдал, тоглоомын дүрмээ танилцуулахаас  Монгол руу урсах ам.долларын амсар нээгдэх, хаагдах нь шийдэгдэх юм.

Ж.ЭРХЭС

Хөтөлбөрийг ЭНД-ээс үзнэ үү.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж