Сингапурт өглөөний 08:30 минутанд газардах ёстой байсан “Indonesia AirAsia” компанийн онгоц холбоо тасарч, сураггүй болоод хэдэн цаг өнгөрлөө. Энэ хооронд зорчигчдын ар гэрийнхэн Сингапурын Чанги нисэх онгоцны буудалд цуглан, сураггүй болсон онгоцны талаарх мэдээллийг сэтгэл түгшин хүлээж байна. Индонезийн Сурабая хотоос Сингапур хүрэх “QZ8501” нислэг орон нутгийн цагаар өнөө өглөө 05:35 минутанд хөөрснийхөө дараа 07:24 цагт холбоо тасарсан юм.
Индонезийн Тээврийн сайд Хади Мустофагийн мэдээлснээр онгоц холбоо тасрахаас өмнө цаг агаарын шалтгаанаар өндрөө нэмэх хүсэлт тавьсан гэнэ. Онгоц Сингапураас 370 гаруй км-ийн зайтай, 9753 метрийн өндөрт нисч явахдаа холбоо тасарчээ. Түүнчлэн онгоцны шатахуун одоог хүртэл агаарт байхад хүрэлцэхгүй гэдгийг Индонезийн албаныхан мэдээлсэн байна.
“Airbus A320-200” онгоцонд 162 хүн зорчиж яваагийн 156 нь Индонезийн иргэн бөгөөд Солонгосын гурав, Сингапур, Малайз, Францын нэг иргэн байгаа аж. “QZ8501” нислэгт нислэгийн багийн долоон гишүүн, 138 хүн, 16 хүүхэд, нэг нярай зорчиж явааг Австралийн албаныхан мэдээлжээ. “Indonesia AirAsia” компанийн 49 хувийг Куала Лумпурт төвтэй “AirAsia” групп, үлдсэнийг нь Индонезийн Засгийн газар эзэмшдэг аж. “AirAsia” компанийн мэдээлснээр онгоцны ахмад 6100 цаг, харин туслах нисгэгч 2275 цагийн нислэгийг аюулгүй үйлдэж байсан туршлагатай нисгэгчид байжээ.
Дашрамд сонирхуулахад, Малайзын агаарын тээврийн МН370 нислэг өнгөрсөн гуравдугаар сарын 8-ны өдөр Куала Лумпураас хөөрснийхөө дараа холбоо тасарч одоо болтол ор сураггүй байгаа билээ. Сураггүй болсон Боинг 777 онгоцны 239 хүнийг Малайзын Засгийн газар амь үрэгдсэнд тооцсон юм. Малайзын онгоцыг Энэтхэгийн далайд осолдсон хэмээн үзэж, өнгөрсөн хугацаанд 20 гаруй орны хамтарсан баг өмнөд эрэл хайгуул хийсэн боловч олоогүй байна.
Түүнчлэн Малайзын МН17 нислэг өнгөрсөн долдугаар сарын 17-нд Украины салан тусгаарлах үймээн дэгдсэн зүүн хязгаарт нисч явахдаа пуужинд оногдон сүйрсэн билээ. Үүний улмаас онгоцонд зорчиж явсан 283 зорчигч, нислэгийн багийн 15 хүн бүгд амь үрэгдсэн юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж:Reuters