“Ц.Цогзолмаа салбарынхнаасаа уучлал гуйх хэрэгтэй”

Хуучирсан мэдээ: 2018.09.05-нд нийтлэгдсэн

“Ц.Цогзолмаа салбарынхнаасаа уучлал гуйх хэрэгтэй”

“Ц.Цогзолмаа салбарынхнаасаа уучлал гуйх хэрэгтэй”

Нийгэмд шүүмжлэл дагуулаад байгаа багш нарын ажил хаялтын талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адьяатай ярилцлаа.


-МҮЭХ-ноос багш нар есдүгээр сарын 3-наас эхлэн орон даяар ажил хаяж байгааг зарласан.  Одоогоор танай уриалгад хэдэн сургууль, цэцэрлэгийн хэчнээн багш нэгдээд байна вэ?

-Нийслэлийн 100 гаруй сургууль, 80 гаруй цэцэрлэг ажил хаялтад нэгдэхээр мэдүүлгээ өгсөн. Есдүгээр сарын 5, 6-наас ажил хаялтад нэгдэх мэдүүлгээ ирүүлсэн орон нутгийн 36 сургууль байна. Мөн энэ сарын 7, 8, 9-нд ажил хаялтад нэгдэх олон сургууль бий. Ажил хаялт нэг өдөр эхлэх боломжгүй. Хуулийн дагуу хуралдах, зөвшилцөх, ажил олгогчид мэдэгдэх зэрэгт тодорхой хугацаа шаардлагатай. МҮЭХ-ны хувьд УИХ, Засгийн  газарт хандаж ажил хаяхад хүрсэн хөдөлмөрийн маргааныг шуурхай зөвшилцөлд хүргэх, тохиролцоонд хүргэх талаар өчигдөр /2018.09.03/ байр сууриа илэрхийлсэн. Одоогоор Засгийн газрын зүгээс ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байна. Харин Засгийн газрын хийж байгаа ажил нь сургууль, цэцэрлэгийг ажил хаялтад оролцуулахгүй байх үүргийг бүх шатны Засаг дарга, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч нарт өгч байгаа мэдээлэл байна. Үүгээр зогсохгүй ажил хаялтад багшаа хамруулсан сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчтэй хариуцлага тооцно гэсэн сумын Засаг дарга ч байна. Бид тодорхой зөвшилцөлд хүрэхийг хүсч байгаа. Тиймээс МҮЭХ Засгийн газрын байр суурийг хүлээж байна.

-Яг ямар зөвшилцөлд хүрсэн тохиолдолд багш нарын ажил хаялт зогсох вэ. Цалинг 50 хувь нэмсэн тохиолдолд уу?

-Монголын боловсрол, соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо нь үүссэн нөхцөл байдлыг өөрийн үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай ярилцаад Засгийн газартай хэлэлцээнд орсон нөхцөлд цалинг 50 хүртэлх хувиар нэмүүлэх хувилбарт тохиролцоонд хүрэх талаар санал боловсруулж байгаа. Хэлэлцээгээр олон төрлийн хувилбаруудаас зөвшилцөж болно. Тиймээс МҮЭХ-ны зүгээс багшийн цалинг яг тэдэн хувь нэмбэл ажил хаялтыг зогсоох ёстой гэж хэлэх боломжгүй. Засгийн газар болон ҮЭХ хэлэлцээний ширээний ард суугаад асуудлыг шийдвэрлэх, боломжит хувилбараар шийдэлд хүрэх, зөвшилцөх боломжтой гэж үзэж байна. Ерөнхийдөө Багш нарын үйлдвэрчний эвлэлийн шаардлага тодорхой. Тэр нь багшийн цалинг 50 хүртэлх хувиар нэмэх. Багш нарт олгосон нэг удаагийн тэтгэмж нь зөвхөн тухайн оны инфляцийг нөхсөн үйлдэл болсон.  Инфляцийг нөхөхөөс гадна цалинг нэмэх шийдвэр гаргаагүй.

ЦАЛИНГ 8-12 ХҮРТЭЛХ ХУВИАР НЭМСНИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ БОЛОМЖГҮЙ

-Засгийн газар өөрийн боломжид тулгуурлан есдүгээр сараас эхлэн багш нарын цалинг 8-12 хүртэлх хувиар нэмсэн шүү дээ?

-Боловсролын салбарын цалинг 8-12 хүртэлх хувиар нэмсэн энэ шийдвэрийг Багш нарын үйлдвэрчний эвлэл хүлээн зөвшөөрөх боломжгүй.

-Яагаад. Цалинг 50 хүртэлх хувиар нэмээгүй болохоор уу?

-Анх хэлэлцээний үед багш нарын цалинг 50 хүртлэх хувиар нэмүүлэх санал дэвшүүлж байсан юм. Энэ нь ч учиртай. Харин Засгийн газар энэ оны инфляцийн төвшингөөр цалинг найман хувиар нэмж байна. Гэтэл хамгийн сүүлд цалин нэмэгдсэн 2015 оноос хойших дөрвөн жилийн инфляцийг тусгаагүй байна. Дөрвөн жилийн инфляцийн төвшин 40 гаруй хувьд хүрээд байна. Цалинг 50 хүртэлх хувиар нэмэх асуудал нь тэнгэрээс авсан тоо биш. Инфляцийн төвшинтэй харгалзан цалинг нэмье, цалин нэмэх бодит алхмыг ярилцъя, тохиролцъё гэсэн хэлэлцээ маань үр дүнд хүрээгүйгээс ажил хаяхад хүрээд байгаа юм. Цалингийн нэмэгдэл дээр бусад салбарынхан ч сэтгэл дундуур байгаа. Засгийн газар боловсролын салбарын ажил хаялт, шаардлагад ямар байдлааг хандахаас харгалзан бусад салбарт ажил хаях уу гэсэн асуулт асуултын тэмдгийн урд явна. МҮЭХ-ны туршлага нь эв санааны нэгдлийн ажил хаялт. Тиймээс Засгийн газар уг асуудлыг зөвшилцөх замаар тохирох, шийдэх тал дээр хариуцлагатай хандах шаардлагатай.

ХНХЯ ЗӨВШИЛЦӨӨГҮЙ ШИЙДВЭРИЙГ ЗАСГИЙН ГАЗРААР БАТЛУУЛСАН

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд анх гурван талын хэлэлцээ хийх үед багш нарын цалинг инфляцийн төвшинтэй уялдуулж нэмүүлэх асуудлаар ОУВС-тай зөвшилцөх үүрэг авсан болохоос 50 хүртэлх хувиар нэмэх талаар тохиролцоогүй. Багш нар зөвшилцсөнөөс давсан шаардлага тавьж байна гэж байсан. Зөвшилцсөнөөсөө давсан зүйл шаардаад байгаа юм уу?

-ҮЭ-ийн байгууллага хэлэлцээрээс давсан шаардлага тавиагүй. 2017, 1018 онд МҮЭХ, Засгийн газар, ажил олгогч эздийн холбооноос байгуулсан гурван талт хэлэлцээр бий. Инфляцийн төвшинтэй уялдуулан цалин нэмэх асуудлыг гурван талт хэлэлцээрээр хийнэ гэсэн байдаг. Хэлэлцээрт 50 хувиас эхлээд олон зүйл багтаж болно. Гэхдээ хэлэлцээрт Засгийн газар багш нарын цалинг найман хувиар нэмүүлэх саналтай байсан. Өнгөрсөн оны хэлэлцээрээр цалин нэмээгүй тохиолдолд авах арга хэмжээний зардал болгон 56.2 тэрбум төгрөгийг нэмэлт урамшууллын замаар олгох санал тавихад МҮЭХ үүнийг зөвшөөрөөгүй. Хэлэлцээ хийгээгүй гэсэн үг. Ингээд хэлэлцээ завсарласан. Үүнээс хоёр хоногийн дараа Засгийн газар хуралдах үед ХНХЯ зөвшилцөөгүй шийдвэрээ оруулж, батлуулсан байдаг. Тиймээс энэ нь гурван талын хэлэлцээрээр тогтоосон шийдвэр биш.

БАГШ НАРТАЙ САНАЛЫН ТАЛААР ЯРИЛЦАХ ГЭЖ БАЙТАЛ САЙД ШУУРХАЙ АЖИЛЛАЖ ТАЙЛБАР ХИЙСЭН

-Хичээлийн шинэ жилийн өмнөх өдөр, тодруулбал, наймдугаар сарын 31-нд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд болон яамны төлөөлөлтэй багш нар уулзсан. Уулзалтын дараа багш нарыг ажил хаяхгүй гэж мэдэгдсэн. Гэтэл багш нар ажил хаяад эхэллээ. Хэн нь худал яриад байна вэ. Эсвэл ҮЭ хэлсэндээ хүрч чадахгүй байна уу?

-Ц.Цогзолмаа сайдтай Монголын боловсрол, соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл уулзаад тодорхой саналуудыг ярилцсан ч тохиролцоонд хүрээгүй юм билээ. Ингээд бусад багш нартайгаа ярилцаад дахин уг саналын талаар хэлэлцэхээр болсон. Энэ хооронд Ц.Цогзолмаа сайд шуурхай ажиллаж, багш нар ажил хаяхгүй гэсэн утгатай тайлбар хийсэн байсан.

-Дээрх уулзалтын үеэр цалинг үе шаттайгаар нэмж болно гэж байсан. Үүн дээр яагаад зөвшилцөж болоогүй юм бэ. Ажил хаяхаас өөр боломж байхгүй гэж үү?

-Багш нар өөрийн цалин хөлсийг нэмүүлэх шаардлагыг хангахаар ажил хаях эрхтэй. Зөвшилцлийн үед талууд хариуцлагатай хандах хэрэгтэй. Сайд Ц.Цогзолмаа болчимгүй үйлдэл хийж байгаа. Тухайлбал, ажил хаяж байгаа багш нарын оронд ажилгүй байгаа багш нарыг ажиллуулж болох тухай ярьж байна.

ЭНЭ ЖҮЖИГЛЭЛИЙГ САЛБАРЫН САЙД ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ

-Ажилгүй байгаа багш нар ажлаа хаяж байгаа багш нарын оронд ажиллая хэмээн өчигдөр /2018.09.04/ мэдээлэл хийсэн. Энэ үйлдэл сайдаас үүдэлтэй гэж та хэлэх гээд байна уу?

-Тийм. Энэ жүжиглэлийг салбарын сайд зогсоох хэрэгтэй. Хөдөлмөрчдийн хууль ёсны тэмцлийг элдэв янзаар саармагжуулах, мохоох, нийгмийг талцуулж болохгүй. Ц.Цогзолмаа сайд боловсролын салбарынхантай ажил хэрэгчээр ярилцах хэрэгтэй. Зарим үйлдэлдээ уучлал гуйх хэрэгтэй.

-Багш нарын ажил хаялтын цаана улстөржилт ч юм уу ямар нэгэн зүйл байгаа гэж харах хүмүүс байна. Үнэхээр тийм үү?

-Хууль хэлэлцэх, батлах, төсвийн хөрөнгө батлах зэрэг улсын аливаа үйл ажиллагааг улс төр дагаж байдаг. Улс төр нь тэмцлийн нөгөө тал. Хөдөлмөрчдийн амьжиргааг дэмжсэн, тодорхой, зөв шийдвэр гаргавал сайн улс төр болно. Харин хөдөлмөрчдийн эрх ашгийг хохироосон муу шийдвэр гаргаж эсвэл огт шийдвэр гаргахгүй байвал эрх баригчид маш муу улс төрийн үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг. Тиймээс улстөржилтөөр хэн нэгнийг айлгах, сүрдүүлэх ёсгүй. МҮЭХ нь улс төрийн аль нэгэн намаас хараат бус бие даасан холбоо. Багш нарын ажил хаялтын цаана ямар нэгэн улстөржилт байгаа гэж бодох шаардлагагүй. Бид эрх барьж буй намтай ч сөрөг хүчинтэй ч ярилцдаг. Бидний ард хөдөлмөрчин ард л бий. Багш нарын ажил хаялт нь хөдөлмөрчин ардын амьжиргааг дээшлүүлэх тэмцлийн нэг хэлбэр. Монголын хөдөлмөрчид амралтаа аваад БНСУ явж ажил хийж байна.

-Багш нарын ажил хаялтын ард хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Хариуцлагыг хэн хүлээх вэ?

-Ажил хаялт нь нийгэмд сөрөг үр дүн авчирдаг тэмцлийн хэлбэр. Хүүхдийн эрх ашгийг ҮЭ-ийн байгууллага бодолцоод өнгөрсөн тавдугаар сараас эхлэн хүлээцтэй хандаж, хэлэлцээ хийхийг шаардаж, сануулах ажил хаялт зарласан. Ингээд есдүгээр сараас өмнө цалин хөлсний асуудал дээр тохиролцоонд хүрэхгүй бол ажил хаяна гэдгээ албан ёсоор зургадугаар сард мэдэгдсэн. Энэ хугацаанд МҮЭХ Засгийн газартай хэлэлцээнд орох хэд хэдэн оролдлого хийсэн. Харамсалтай нь тохиролцоонд хүрч чадсангүй. Хэлэлцээ, тохиролцоонд хүрэх тухай оролдлого үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын дунд зуны гурван сарын туршид үргэлжилсэн. Харин Засгийн газар шийдвэрт хүрэхийн оронд хэлэлцээг тодорхой шалтгаангүйгээр хойшлуулснаар өнөөдрийн байдалд хүрлээ. Тиймээс хүүхдийн эрх ашгийг хохироож буй энэ асуудлын хариуцлагыг Засгийн газар хүлээс ёстой. Дөрвөн жил цалингаа нэмүүлээгүй багш нар сүүлийн хоёр жил энэ асуудлын талаар хэлэлцэхээр, шийдвэрлэхээр явлаа. Тиймээс энэ хариуцлагыг багш нар хүлээхгүй. Бид ийм байдал үүсгэхгүйн тул Засгийн газартай хэлэлцээ хийхээр бүх боломжийг есдүгээр сарын 2-ны 15.00 цаг хүртэл эрэлхийлсэн. Сангийн сайд бидэнтэй уулзахаас татгалзсан.

-Нийт багш нарын хэдэн хувь нь төрийн сургууль, цэцэрлэгт ажиллаж байна вэ?

-Яамнаас ирүүлсэн мэдээллээр улсын хэмжээнд 814 ерөнхий боловсролын сургууль, 1435 цэцэрлэг бий. Үүнд 30 мянган багш ажиллаж байна. Тэдний 27 мянга нь төрийн өмчийн байгууллагад ажилладаг. Мөн 5000 багш дутагдалтай байдаг. Мэргэжлийн багшийн хангалт 95 хувьтай байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж