“Эрдэнэс-Тавантолгой” компанийн нүүрсний нөөц найман тэрбум тоннд хүрсэн тухай таатай мэдээлэл байна. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай ярилцлаа.
-“Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын хаврын чуулганы төгсгөлд баталсан. Үүний дагуу ямар ажил хийгдэж байна вэ?
-УИХ-аас Тавантолгойн ордын үйл ажиллагааг эрчимжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргасан. Өнгөрсөн хугацаанд төрийн ажиллагаатай холбоотой гацах мөн хөрөнгө оруулагчдын хувьд үл итгэлцэл бий болсон зэрэг байдал олон нийтэд ажиглагдаж байсан болов уу. Тэгвэл төр нэг талдаа гарч шийдвэр гаргасан нь хөрөнгө оруулагчид болон “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьд таатай нөхцөл бүрдсэн гэж тодотгож болно. УИХ-аас тогтоол батлагдсантай холбоотойгоор IPO хийх бэлтгэл ажлыг хангаад ажиллаж байна.
-Танай компани нөөцийн нэгдсэн тайлангаа шинэчлэн батлуулсан тухай таатай мэдээллийг “Coal Mongolia-2018” чуулганы үеэр та илтгэлдээ онцолж байсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Тавантолгойн нүүрсний орд судлагдаж эхэлсэн цагаасаа хойш 30 гаруй жил өнгөрч байна. Энэ хугацаанд нүүрсний ордны хайгуулын ажлыг хэсэгчилсэн байдлаар дөрвөн удаа хийсэн байдаг. Энэхүү тайлангаар 5.1 тэрбум тонн нөөцийн үнэлгээ гарсан байдаг. Тэгвэл өнгөрөгч долоо хоногт Эрдэс баялгийн мэргэжлийн өргөтгөсөн хуралдаанаар бид 40 жил хүлээгдсэн нөөцийн нэгдсэн тайланг батлууллаа. 5.1 тэрбум тонн байсан нөөцийг эхний байдлаар 6 тэрбум 340 сая тонн болж өссөн. Нөөц тогтоох хоёр аргачлал байдаг. Нэг нь ОХУ-ын хуучин ашиглаж байсан блокийн аргачлал. Нөгөө нь одоо олон улсад ашиглагдаж байгаа Жорк стандарт. Блокийн аргачлалаар 5.1 нэг тэрбум тонноор тогтоогдож байсан нөөцийг бид нэмэгдсэн тайлангаар 6 тэрбум 340 сая тонн болгож өсгөсөн. Энэ нь олон улсад хүлээн зөвшөөрөгддөг Жорк стандартаар тооцвол 7.6-8 тэрбум тонн түүнээс дээш нөөцтэй болох нь тогтоогдож байгаа юм. Ингэснээр компанийн нөөцийн үнэлгээ, ордын үнэлгээ, үнэ цэнэ энэ хэрээр өсч хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна. “Эрдэнэс Таван толгой” компанийн нүүрсний нөөц найман тэрбум тонн хүрч шинэчлэгдсэн нь монгол төрийн хувьд ч тэр Монгол Улсын 3 сая иргэний хувьд ч мөн хөрөнгө оруулагчдын анхаарал татсан онцгой мэдээлэл.
-Нөөцийн үнэлгээг дахин хийх үү?
-“Эрдэнэс-Тавантолгой” компани 2014, 2017, 2018 онуудад нэмэлт хайгуул хийж байгаа. Үүний хүрээнд 2017 онд 63 мянган тууш метр талбайд, 2018 онд 68 мянган тууш метр талбайд хайгуулын ажил хийж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК –ийн найман тусгай ашиглалтын зөвшөөрөл бүхий таван хэсэгт сая орчим тууш метр талбайд хайгуулын ажил хийгдэж байж орд маань бүрэн судлагдах юм. Бид одоогоор 260 мянган тууш метр талбайд хайгуулын ажил хийгээд байна. Цаашид жил бүр 100-150 мянган тууш метр талбайд хайгуулын ажлыг богино хугацаанд хийнэ. Бид ойрын дөрвөн жилийн хугацаанд энэхүү ажлыг хийж дуусгахаар төлөвлөж байгаа.
-Цаашид нөөц нэмэгдэнэ гэж ойлгож болох уу?
-Тэгэлгүй яахав. Нөөц нэмэгдэхээс гадна нүүрсний чанарын үзүүлэлт улам тодорхой болно. Ингэснээр ямар төрлийн нөөцийг ямар хэлбэрээр баяжмал болгож гаргах уу гэдэг энэ бүх нарийвчилсан бодлогын асуудлууд яригдана.
-Нүүрсний салбар улс төрийн гацаанаас гарч, дэлхийн зах зээлд нүүрсний үнэ тогтвортой байгаа зэрэг таатай үе тохиож байна. Олон улсын хөрөнгө оруулагчид яагаад “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийг сонирхох ёстой вэ. Давуу байдал нь юу вэ?
-Нэгт, нөөцийн асуудал. "Эрдэнэс Тавантолгой" бол дэлхий дээр байгаа хосгүй орд. Ордын нөөц 8 тэрбум тонн буюу түүнээс дээш хэмжээгээр тогтоогдсон тохиолдолд дэлхий дээр нэг номерт бичигдэх өндөр чанарын нүүрсний орд болох юм. Одоо манай орд гуравдугаарт бичигдэж байгаа. Хоёрдугаар, компани боловсон хүчний нөөцтэй. 2010-2011 онуудад бид үйл ажиллагаа эхлүүлж байх үед боловсон хүчний нөөц маш хангалтгүй байсан. Ялангуяа техник технологи, хүнд машин механизмаар ажилладаг уурхайчдын хүчин чадал, операторуудын ур чадвар хангалтгүй байсан үе. Тэгвэл өнөөдөр дэлхийн аль ч улс орнуудад очоод ажиллах чадварлаг боловсон хүчний нөөцтэй болсон. Мөн IPO гаргах мэргэжлийн багтай боллоо. Дэлхийн аль ч хөрөнгийн бирж, банк, хөрөнгө оруулагч нартай харилцах хэмжээний мэргэжлийн боловсон хүчний багтай болж чадсан. Цаашилбал, улс төрийн таатай нөхцөл байдал бий болсон. Эдгээр гурван нөхцөл байдал компанийн үнэлгээг нэмэгдүүлэх эхний алхам болно. Мөн үйлдвэрлэлийн хувьд бид нүүрс баяжуулах үйлдвэр барих ТЭЗҮ-ийг 85 хувьтайгаар боловсруулаад дууслаа. Усан хангамжийн асуудлаар ТЭЗҮ-ээ гаргаад явж байна. Баруун болон Цанхын ТЭЗҮ боловсруулж дуусаад Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулахад бэлэн болчихсон. Мөн дээр дурдсан нөөцөө Жорк стандартад шилжүүлэх ажлыг гүйцэтгүүлэхээр олон улсын тендер зарласан. Тендерийн сонгон шалгаруулалт есдүгээр сарын 21-нд явагдана. Ингээд ирэх арваннэгдүгээр сар гэхэд нөөцөө Жорк стандартаа шилжүүлчихнэ. Энэ бүхэн компанийг сонирхох хангалттай шалтгаан болно. Мөн санхүүгийн хувьд бүрэн бэхжсэн. Компани зөвхөн өөрийнхөө дотоод санхүүгийн асуудалд анхаарах гэхээсээ илүү бүрэн чадамжтай болж цаашид бусад төсөл хөтөлбөрүүд болох төмөр зам, автозам, баяжуулах үйлдвэрээ санхүүжүүлэх бүрэн боломжтой болсон гэж ойлгож болно.
-Дээрх төсөл хөтөлбөрүүд хэзээнээс ажил хэрэг болж урагшлах вэ?
-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын 279 сая ам.долларын хөрөнгө оруулалт өнөөдрийн байдлаар хийгдчихсэн байна. Засгийн газраас тогтоол гаргаж, “Тавантолгой” төмөр зам компанийг байгуулсан. Үүний хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" ХК болон "Монголын төмөр зам" ХК хоёр хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар мөн орж ажиллана. Ажлын хэсэг эхний ээлжид 279 сая ам.долларын хөрөнгийн зарцуулалтын тайлан, одоогоор барьсан барилга байгууламж, суурь бүтэц нь ямар түвшинд байна вэ гэдгийг шалгах ажил явагдаж байгаа. Дараа нь хоёрдахь шатны хөрөнгө оруулалтаар хэдий хэмжээний хөрөнгө санхүү шаардлагатай вэ гэдгийг тодорхойлно. Ингээд “Эрдэнэс Тавантолгой” ХК өөрөө өөрийнхөө санхүүжилтийг хийх юм. Ингэхдээ “Тавантолгой” хувьцаат компанийн 34 хувийг эзэмшье гэдэг саналаа бид хүргүүлсэн.
-“Эрдэнэс-Тавантолгой” компанид IPO гаргахдаа аль улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалахаар ярилцаж байгаа вэ?
-УИХ, Засгийн газраас хувьцаагаа гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалах үүрэг өгсөн. Одоогийн байдлаар Лондонгийн хөрөнгийн бирж, Торонтогийн хөрөнгийн бирж, Хонконгийн хөрөнгийн бирж гэсэн гурван хөрөнгийн биржийг судалж байгаа. Эдгээрээс хамгийн боломжтой нь Хонконгийн хөрөнгийн бирж. Энэ хөрөнгийн бирж нь бусад бүх хөрөнгийн биржид хүлээн зөвшөөрөгдөх шаардлага тавьдаг. Энэхүү амаргүй ажлын ард гарахаар ажлын хэсэг цаг наргүй ажиллаж байгаа. Ажлын хэсэг чадварлаг залуусаас бүрдсэн. Анх 21 хүнтэй нэгж байгуулсан. Одоогоор 15 хүнтэй ажиллаж байна.
-Хэдий хэр хугацаанд хувьцааг гаргана гэж тооцож байна вэ?
-Бидэнд хоёр үе шат өгсөн. 360 хоногт багтаан IPO гаргах үүрэг өгсөн. Эхний үе шат болох 180 хоногийн хугацаа нь үргэлжилж байна. Эхний шатны 180 хоногт хийх ажил нь дотроо найман үе шаттай. Одоо үүний тав дахь шатны ажил нь хийгдэж байна.
-Та өмнө нь “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ногдол ашгийг 2019 онд тараана. Үүнд итгэлтэй байж болно гэж мэдэгдэж байсан. Олон улсын зах зээлд IPO гаргах эсэхээс үл хамаарч ногдол ашиг тараах юм уу?
-Тийм ээ. Ногдол ашиг тараах ажил бол олон улсын зах зээлд хувьцаагаа арилжаалах хүртэл хүлээгдэхгүйгээр хийгдэх ажил. 2019 онд компанийнхаа нийт хувьцааны 14.6 хувийг эзэмшигч 2.5 сая иргэнд ногдол ашиг хүртээх зорилт хэвээрээ. Компанийн цэвэр ашгийн хэмжээ бодитойгоор нэмэгдсэн учраас үүн дээр маргалдах зүйл байхгүй. Бид зөвхөн 2018 оны хагас жилийн байдлаар 373 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Хүлээгдэж байгаа жилийн эцсийн төлөвлөгөөгөөр 337.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах байсан бол хагас жилд 110 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Энэ хэрээр компанийн цэвэр ашиг оны эцэст нэмэгдэнэ.
Холбоотой мэдээ