Жэби нь Японд сүүлийн 25 жил үзэгдээгүй хар салхинд тооцогдож байна

Хуучирсан мэдээ: 2018.09.05-нд нийтлэгдсэн

Жэби нь Японд сүүлийн 25 жил үзэгдээгүй хар салхинд тооцогдож байна

Жэби далайн хар салхи нь сүүлийн 25 жилд үзэгдээгүй хамгийн хүчтэй хар салхинд тооцогдож байна.

Жэби нь Японд сүүлийн 25 жил үзэгдээгүй хар салхинд тооцогдож байна

Жэби хар салхи өчигдөр /2018.09.04/  үдийн үед Японы өмнөд хэсгийн газар нутгийг дайран өнгөрлөө. Жэби далайн хар салхинаас болж хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан бол 76 хүн гэмтэж бэртсэн гэж албаны хүн мэдээлжээ.

Жэби хар салхи нь Японд сүүлийн 25 жилд буюу 1993 оноос хойш тохиогоогүй маш хүчтэй хар салхинд тооцогдож байгаа юм. Салхины хурд цагт 162 км хүрсэн аж.

Осака, Киото, Нара, Хёго, Кагава, Эгиме, Вакаяма мужуудад нүүлгэн шилжүүлэлт хийгдсэн ба хар салхинд бэлтгэлтэй байсан нь харагдаж байна.

Хар салхи үдийн 13.00 цагийн үед Токушима мужийг дайран өнгөрсөн бол 14.00 цагийн үед Кобе хотыг дайрсан. Харин үдээс хойш 16.00 цагийн үед Фукуй хотыг дайран өнгөрсөн байна. Салхи цагт 65 км/ц хүртэл урагшилсан гэжээ. Үүний дараа хар салхи тус улсын зүүн хойд хэсгийг чиглэн Шига мужийн Хигашиомийг дайран өнгөрсөн ба энэ үеэр нэг хүн барилгад даруулж нас барсан байна. Нөгөө хүн нь Осака мужийн Сакай дахь гэрийнхээ шатнаас унаж нас барсан гэжээ.

Японы Осака хотын Кансай олон улсын нисэх онгоцны буудлын барилга тэр чигтээ усанд автсан байна. Нисэх зурвасууд бүгд усанд автсан ба усны түвшин 50 см-т хүрсэн гэжээ. Кансай олон улсын нисэх онгоцны буудал түр хугацаагаар хаалгаа барьсан ба хэзээ онгойх нь тодорхойгүй байгаа гэж мэдэгджээ. Кансай онгоцны буудалд хорогдож байгаа хүмүүсийг цаг агаарын нөхцөл байдал сайжиртал нисэх буудалд байрлахыг зөвшөөрөөд байна.

Мөн Осака хотын Изумисано хотын гүүрэн дээр явж байсан түлшний машин салхинд зам дээр хажуу тал руугаа унажээ. Хар салхины улмаас Кинки, Шикоку зэрэг газруудын 330 мянган айл өрх гэрэл цахилгаангүй болсон тухай албаныхан мэдээлсэн байна. Хар салхины зүүн хойд хэсгийг чиглэн урагшлахдаа салхины хурд суларна гэж тус улсын цаг уурын хүрээлэнгээс мэдэгдээд байна.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ард иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахын тулд бүх л шаардлагатай арга хэмжээ авч, нүүлгэн шилжүүлэлт хийхийг Засгийн газартаа үүрэг болгосон билээ.

Нийт 700 гаруй нислэг цуцлагдсан ба орон нутгийн галт тэрэг, Токайдо Шинкансен, Санё Шинкансон зэрэг метроны шугамууд түр хугацаанд зорчигч тээвэрлэхээ зогсоосон байна. Өнгөрсөн наймдугаар сарын 23-нд Японы Шикокү арлыг дайран өнгөрсөн “Симарон” хар салхитай Жэби хар салхи тун төстэй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Японд зун, намрын улиралд хар салхи голчлон үзэгддэг ажээ.

Энэ оны байдлаар Японд цаг агаарын байдал тун хүндхэн болж өнгөрч байна. Учир нь долдугаар сард Японд агаарын хэм +40 хүртэл халж, дараа нь бороо орж үер буусан харин одоо хар салхи Японыг дайран өнгөрч нийт 220 хүн байгалийн онц үзэгдлээс болж амиа алдсан гэж бүртгэгдээд байна.

Лхагва гаригийн байдлаар Жэби далайн хар салхины хурд сулрах хандлагатай байгаа ба Японы далайн эргийн бүс нутаг болон Тохокуг чиглэх магадлалтай байгаа гэжээ.

Твиттерт өрнөсөн хар салхины талаарх иргэдийн постууд:

Кансай олон улсын нисэх онгоцны буудлын нисэх зурвас тэр чигтээ усанд автсан байгаа байдал.

Хар салхины улмаас Киото стэйшний барилгын дотор осол гарчээ.

Осакад нэгэн барилга нурж унаж буй бичлэг

Хар салхи нэг иргэний хиймэл үсийг нь хуу татаад авч явсан байх нь.

Токио хотын Очаномизуд мод хугарсан тохиолдол гарчээ.

 Эх сурвалж: Japantimes, NHK

Т.Мядаг 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж