Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-д хадаатай цөөн гишүүдийн нэг. Монголын хуулийн салбарыг олон жил толгойлж байгаа ганц хүн гэхэд буруудахгүй биз. Тэрбээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, намын дарга гурваас бусад албан тушаалыг хашиж үзсэнээ өгүүлсэн байна.
Завсаргүй долоон удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, таван удаа хуулийн салбарыг толгойлж, нэг удаа УИХ-ын даргаар ажиллаж байсан намтар түүхтэй. Үүнийгээ ч хүн бүхэнд тохиолдоод байдаггүй хувь тавилан гэж бодож явдаг бололтой. Үнэхээр ч түүн шиг хуулийн сайдаар таван удаа томилогдсон түүх Монголын улстөрчдөд байхгүй биз ээ. Тиймээс энэ цагийн Монгол төрийн хуулийн байшин босгосон хүн гэж өөрийгөө дүгнэдгээ ч нуудаггүй.
УИХ-д 30-аад жил суусан тэрбээр би “гэртээ Долгормаа”, “ажил дээр Лүндээжанцан” гэдэг “хүзүүний зүүлттэй” хүн дээ гэж марзганадаг гэнэ.
Тэрбээр “Хүн л юм болохоор би алдаа, онооны дэнсэн дээр амьдарч явна. Оносон нь их байгаасай гэж дотроо залбирах үе зөндөө байдаг. Үүнийг түүх, цаг хугацаа, ард түмэн гурав шүүнэ. Цайныхаа дээжийг төрийнхөө сүлдэнд өргөдөг цорын ганц нүүдэлчин ард түмний төрд нэг ч хоногийн завсаргүй 40-өөд жил зүтгэх ховорхон тавилан бас минийх” гэж бардамнах дуртай гэх.
Юутай ч хөнжилдөө хууль засдаг, зурагтгүй, түрээсийн байранд амьдардаг гэж нэг нэрээ хэдэн хочтой болгосон Ц.Нямдорж сайд “Орондоо ч, онгоцонд ч хууль бичдэг гэж хэлчихээд баахан адлуулсны учир ердөө энэ. Би өөрийнхөө гараар орсон хуулиудын бичилтийг таньдаг болчихсон. Одоо энэ ажил ерөнхийдөө зүгширсэн. Хууль бичих ажил хүнээс сэтгэл, тэвчээр их шаарддаг. Нэг л үг буруу бичвэл улс орныг, хүнийг хорлочих гээд байдаг, хэллэг нь модон төвөгтэй ажил. Сэтгэл байхгүй бол илж өнгөрдөг ийм л ярвигтай эд” гэж залуучуудад сургамж айлджээ.
Б.БАТ
Холбоотой мэдээ