Профессор О.Сэргэлэн: Элэг шилжүүлэн суулгах эмчилгээний хамгийн чухал асуудлын нэг нь цус, цусан бүтээгдэхүүн | News.MN

Профессор О.Сэргэлэн: Элэг шилжүүлэн суулгах эмчилгээний хамгийн чухал асуудлын нэг нь цус, цусан бүтээгдэхүүн

Профессор О.Сэргэлэн: Элэг шилжүүлэн суулгах эмчилгээний хамгийн чухал асуудлын нэг нь цус, цусан бүтээгдэхүүн

Профессор О.Сэргэлэн: Элэг шилжүүлэн суулгах эмчилгээний хамгийн чухал асуудлын нэг нь цус, цусан бүтээгдэхүүн

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгаагаар өндөр хөгжилтэй орны цусны донорын тоо хөгжиж буй болон хөгжил буурай орнуудаас хавьгүй илүү байдаг аж.

Цусаа бэлэглэх нь зүрхний ажиллагаанд эерэг нөлөөтэй, хорт хавдар тусах магадлал буурдаг учраас эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэдгийг цусаа өгөх боломжтой боловч өгч үзээгүй хүмүүс тэр бүр мэддэггүй.

Цусаа бэлэглэх боломжтой хүн гэдэг нь 17 нас хүрсэн, 45 кг-аас дээш жинтэй, эрүүл хүнийг хэлнэ.

Тиймээс бид цусны хэрэглээний тухай сурвалжлахаар ГССҮТ болон Элэг шилжүүлэн суулгах багийнхантай уулзаж ярилцсан юм. ГССҮТ нь цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээгээр улсын хэмжээнд гуравдугаарт ордог бөгөөд хоногийн 24 цагаар ажилладаг, гэмтэж бэртсэн хүмүүс очдог гэдгийг хэн хүнгүй мэдэх биз ээ.

ГССҮТ-ИЙН ЦУС СЭЛБЭЛТИЙН АЛБАНЫ ДАРГА П.ОЮУНГЭРЭЛ:

-Гэмтэл согог судлалын үндэсний төв өнгөрсөн онд 1119 литр буюу 5069 нэгж цус, цусан бүтээгдэхүүн хэрэглэсэн.

Гэмтэл, өвчний тохиолдлуудаас гадна эрхтэн шилжүүлэх эмчилгээний үед мөн их хэмжээний цус ашигладаг аж

2016 онд манай хэрэглээ өмнөх онтойгоо харьцуулахад буурсан дүнтэй гарч байсан боловч 2017 онд хэрэглээ өссөн тоо гарсан байна.

Цус цусан бүтээгдэхүүний дундаас улаан эсийн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэдэг. Цус цусан бүтээгдэхүүнийг төлөвлөгөөт хагалгаа болон яаралтай мэс засал, цус багадалттай өвчтнүүдэд цус сэлбэхэд ашиглаж байна.

2017 онд гэмтлийн болон эрчимт эмчилгээний тасагт хамгийн их цус, цусан бүтээгдэхүүн хэрэглэсэн гэсэн тооцоо бий.

Үүнээс гадна түлэгдэлтийн улмаас хүүхдүүдэд цус сэлбэх шаардлага гардаг. Өнгөрсөн онд гэртээ түлэгдэж ирсэн 0-5 насны хүүхдүүдийн 244-т нь цус цусан бүтээгдэхүүн хэрэглэх шаардлага гарсан байна” гэв.

Сэргийлж болох ахуйн ослын улмаас ганцхан жилийн дотор 0-5 настай 244 хүүхэд цус, цусан бүтээгдэхүүн хэрэглэсэн байна. Гэтэл Украйнд хийсэн судалгаагаар дөрвөн жилийн хугацаанд 212 хүүхэд ийм шалтгааны улмаас цус сэлбүүлж байжээ.

НЭГ ХҮНД ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХАД ОЙРОЛЦООГООР 80 ОРЧИМ НЭГЖ ЦУС ЦУСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭДЭГ

Эрхтэн шилжүүлэх эмчилгээний үед мөн их хэмжээний цус ашигладаг аж. Монгол Улсын хувьд 2011 оны есдүгээр сард хамгийн анх элэг шилжүүлэн суулгах мэс ажилбар хийж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 52 /Сурв: 2018 оны зургаадугаар сарын 7-ны байдлаар/ хүнд элэг шилжүүлэн суулгажээ.

Нэг хүнд элэг шилжүүлэн суулгахад ойролцоогоор 80 орчим нэгж цусан бүтээгдэхүүн ашигладаг аж. Элэг шилжүүлэн суулгах анхны мэс ажилбарыг гүйцэтгэж байсан профессор О.Сэргэлэн:

-Элэгний эмгэгээр Монгол Улс дэлхийд дээгүүрт ордог. Ялангуяа элэгний В, С, D вирусийн халдвар, элэгний хавдар, нас баралтын тоогоор дэлхийд эхний гурван орны нэгт жагсдаг харамсалтай тоо бий.

Тэгэхээр цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ ингэж өсөж байгаа нөхцөлд цусны доноруудын хэрэгцээ мөн хэмжээгээр өснө

Зөвхөн нас баралтын тоогоор дэлхийн дунджаас найм дахин өндөр байдаг. Тэгэхээр элэг шилжүүлэн суулгах эмчилгээ Монгол Улсад нэн шаардлагатай. Бид өнөөдрийн байдлаар элэгний өвчлөл эцсийн шатандаа орсон тохиолдолд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж байна.

2011 онд анх элэг шилжүүлэн суулгаж байснаас хойш өнөөдрийг хүртэл 52 /Сурв: 2018 оны зургаадугаар сарын 7-ны байдлаар/ хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийсэн. Өнгөрсөн оны сүүлээр бид дөрвөн хүнд, энэ он гарснаас хойш мөн цөөнгүй хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийсэн байна.

Элэг шилжүүлэн суулгах эмчилгээний хувьд хамгийн чухал, мөн хамгийн том асуудлын нэг нь цус, цусан бүтээгдэхүүн байдаг.

Жишээлбэл, нэг хүнд эмчилгээ хийхэд бид эрсдэлээ тооцож, шаардлагатай үед ашиглахад бэлэн 20-30 нэгж цагаан эсгүйжүүлсэн улаан эс, мөн 20-30 нэгж цусан бүтээгдэхүүн бэлтгэж байж мэс засал хийдэг.

Тэгэхээр цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ ингэж өсөж байгаа нөхцөлд цусны доноруудын хэрэгцээ мөн хэмжээгээр өснө. Тэр хүмүүсийн тусламжтай л бид ийм хагалгаа хийх нөхцөл бүрдэж байгаа юм.

Хамгийн өндөр цусны хэрэгцээ гарсан өвчтөнд нийт 84 литр цус, цусан бүтээгдэхүүн юүлж байсан” гэсэн юм.

ТҮҮНИЙ ХЭЛСЭН ХАМГИЙН ӨНДӨР ЦУСНЫ ХЭРЭГЦЭЭ ГАРСАН ӨВЧТӨН БОЛОХ НИЙГМИЙН УХААНЫ БАГШ Ч.САРАНЧИМЭГ:

Элэгний В вирусээс болж өвчин хүндэрч цирроз болсон. Ингээд элгээ солиулахаас өөр аргагүй болж 2016 оны нэгдүгээр сард элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн юм. Хагалгаа амжилттай болж, өнөөдөр би ажлаа хийгээд, хэвийн амьдраад явж байна.

Тэр буянт хүмүүсийн нэг болох боломж нь танд ч бас бий гэдгийг санаарай

Элэг солиулахаасаа өмнө цусны донорын талаар хангалттай мэддэггүй байсан. Харин хагалгаанд орсныхоо дараа л цусны донор гэдэг зөвхөн цусаа бэлэглэдэг эрүүл хүмүүсээс гадна олон хүний эрдэнэт амийг авардаг ачтай хүмүүс гэдгийг сайн ойлгож авсан” гэв.

Энд дурдсан цус сэлбэсэн тухай олон тоо баримт нь тэр хэмжээгээр хүмүүс эрүүл болж, амь нас нь аврагдсан гэсэн үг юм. Зөвхөн ГССҮТ-ийн тухайд авч үзэхэд 2017 онд 1119 литр цус сэлбэжээ. Харин энэ хэмжээний цусыг өөр хэн ч биш харин бидний дунд яваа цусны донор хэмээх буянтай хүмүүс өгсөн юм. Тэр буянт хүмүүсийн нэг болох боломж нь танд ч бас бий гэдгийг санаарай.

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-09-05 202.179.26.48

chadvartai, medlegtei emch narta bayrladag chuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж