&#34Эрвээхий&#34 өгүүллэг

Хуучирсан мэдээ: 2014.12.28-нд нийтлэгдсэн

&#34Эрвээхий&#34 өгүүллэг

Амралтын өдрийн уран зохиолын цагаараа www.news.mn сайт та бүхэндээ зохиолч, шүүмж судлаач Пүрэвхүүгийн Батхуягийн “Эрвээхий” өгүүллэгийг хүргэж байна. Тус өгүүллэг түүний саяхан гаргасан “Хүүрнэл зүрх” номонд нь багтсан юм.


ЭРВЭЭХИЙ

Ойн нуга, алаг цэцэгс. Арван зургаан насны минь зүггүй харц. Даавуун цамцаараа том цоохор эрвээхийг барьж авах гээд чадсангүй. Зуны халуун нар, хамрын үзүүрт бөнжигнөх хөлс, хариугүй туранхай чээж минь амьсгаадан түнхэлзэх одоо ч сэтгэлд тодхон байна. 

-Хүүе, хүүе хар даа? Ямар гоё эрвээхий вэ? Чи чаддаг юм бол надад бариад өг. Мэдээж чадахгүй л дээ? Би ч цамцаа тайлаад л эрвээхийний араас ухасхийв. Цамцаараа хэд хэд ороолгосон боловч оносонгүй. Харин өнөөх чинь бүр өндөр аваад моддын оройгоор гоёмсог далавчаа дэвэн нисэв. Араас нь ямар их гунигтай харж хоцорсоноо одоо санадаг юм. 

– За, яаав. Бариагүй л биз дээ. Би мэдсэн юм, аа гэж тэр надаас тавлангуй асуугаад явж одлоо. Ойн цоорхойд би ганцаараа удаан суулаа. Таних танихгүй олон цэцгийн үнэрт ялимгүй тайвширсан санагдана. Маргааш ирж заавал чамайг барина даа хэмээн тэртээ дээр нисэх хүслэнт эрвээхийд хэлчихээд гэрийн зүг сажлав. Уулын уруу буухад хөндий дүүрэн мушгирсан жижиг гол, хэдэн үхэр чулуу, олон жилийн өмнө оросуудын орхиод явчихсан машины хуучин бүхээг харагдана. Тэр бүхээгт орж суугаад алс холын замд явж байна хэмээн бишгүй тоглосон билээ. Харин бэлд буух үед өөдөөс мүүний сав бартсан тэр гарч ирлээ. 

-Хүүе, чи манай сүүнд яваад ирээч. Би явах гэсэн чинь ядраад байна. Хав хархан харцаараа намайг сүлбэхэд өөрийн эрхгүй сүүний савын аваад дэлгүүр зүглсэн байв шүү. 

-Би маргааш тэр эрвээхийг заавад чамд барьж өгнө. Хараарай. Заавал барьж өгнө. Тэр гайхалтай инээмсэглэв. Одоо санахад арван зургаан настай охинд арай л ахадсан инээмсэглэл байсан юм. Энэ хорвоогийн эрчүүдийн ертөнцөөр туучаад гарсан эмэгтэйчүүл ч тийм хүйтэн, тийм хэрсүү инээмэглэнэ гэж үү. Үгүй л болов уу. 

Маргааш нь ойн цоорхойд өдөржин суулаа. Хүнд хар үүлс зузааран уулсын оройд гүн суусан бүрхэг өдөр. Тийм өдөр эрвээхийнүүд хаашаа ч юм бэ алга болж нуугддаг билээ. Удалгүй бороо ч асгаран орсон юм. Тэр цагийн бороо яагад тийм олон хоног зүсэрдэг байсан юм бол. Хамаг хувцас л битүү чийг даасан байдагсан. Хэд хоногийн бороо татарч үүлэн сиймхийгээр нар тусах тоолонд би ойн цоорхойд очиж сууна. Цэцэгсийн дэлбээ өөр дээрээ тогтсон борооны дуслуудаа нарны гэрэлд гялбуулж гайхуулна. Ер бусын сайхан харагдана. Тэр бүгдийг хараад орчлон хорвоог хэсэгтээ огоордог байлаа. Гэнэт өнөөх том цоохор эрвээхийг санаж ийш тийшээ хянуур харна. Даанч эрвээхий битгий хэл, эрээн зөгий ч үзэгдсэнгүй. Модод дундуур сүлжин одсон нарийн зөрөг заримдаа түүний минь хөмсөг шиг харагдана. Сайхан хар хөмсөгөө их л дүртэй зангидаж хөөрхөн нүдээрээ инээмсэглэх нь арван зургаан насанд минь хорвоо ертөнцийн гоо сайхны туйл мэт л харагддагсан. Тийм хэдэн гачлантай өдрүүд цувран одож, нар таатайгаар мишээсэн сайхан өглөө болж билээ. Аав ээжтэй хамт шахуу босож уул өөд гүйв. Ойн нугад түмэн зүйлийн эрвээхий цэцэг цэцэг дамжин буун сууна. Харцаараа том цоохорыг хайсаар. 

-Чи эрвээхийгээр яах гэж байгаа юм. 

-Номон завсар хавчуулах гэсэн юм. Гоё байдаг юм. Хожим тэр номоо дэлгээд уншихаар зуныг, магадгүй чамайг ч санаж болох юм. Чамайг санана гэдэг үгэнд нь би бүрэн догдолж орхив. Эрвээхий шиг далавчтайсан бол моддын оройгоор нисэх байлаа. 

-Бас өвөл номоо дэлгэж хараад зуныг санадаг юм. Би өвөл хичээлдээ явахаас өөр бараг гэрээсээ гардаггүй. Их л уйддаг юм. Цонхоор харахаар нэг л урамгүй. Хавар бол бас л нэг тиймхэн. Танайх хэдэн давхарт байдаг вэ? 

-Гурав. Харин танайх. 

-Есөн давхарт шүү дээ? Бүгдийг дээрээс өндрөөс харах сайхан л даа. Энэ Галт ах хэдэн настай бол ганган эрээн цамц өмссөн өсгөлүүн хөвгүүнийг заав. Би түүн шиг зургийн ангид сурмаар байдаг юм. Энэ цэцгүүдийг, эрвээхийг зурахгүй юу. 

-Би бас том болоод зураач болно. Энэ бүгдийг, чамайг бас зурна. 

-Галт ахаас намайг зураад өгөөч гэвэл зурж өгөх болов уу. Ойн цоорхойд цэцэгсийн дунд зуруулах юмсан. Гоё доо? Тэр үгэнд нь би ялимгүй гомдоно. Өөрийг нь зурах хүслээр дүүрэн хүн дэргэд нь суугаад байхад өөр хүнээр өөрийгөө зуруулахсан гэж мөрөөддөг нь таалагдаагүй юм. Сэтгэл гонсгор дээш харваас сувдан цагаан үүлс тэдний байшингийн ногоог дээвэр дээр тухлан суугаад хөөрхий намайг шоолон хөхрөлдөж байв. Үүлсийн нимгэн цагаан царайгаа харуулаад аальгүйдэх тэднийг амаа түмбийлгээд үлээж хөөхийг оролдоход тэр царайгаа хачин болгож:

-Яаж тэнэгтээд байгаа юм. Хацар амаа яагаад байгаа юм гэж загнаад явж одно. 
Нэг л өдөр том цоохор эрвээхий миний гарт баригдав. Хуучин муу даавуун амцаар цохиод унагаасан юм. Зуны туйл шувтарч намрын аяс орсон цаг байлаа. Гарт минь амьдаараа сарвалзах далавчит амьтныг барьсаар тэдний гадаа ирлээ. Хэн ч алга. Хаалга үүдээ битүү даржээ. Саяны хүйтэн борооноор зуслангаасаа суусан ажээ. Гэвч би эрвээхийг суллан тавьсангүй. Уншиж байсан том зузаан номныхоо завсарт хийгээд тасхийтэл нь хааж орхилоо. Дараа зун заавал чамд үзүүлнэ. Би чамд хэлсэн үгэндээ хүрч чиний мөрөөдөөд байсан эрвээхийг барьсан шүү гээд номоо дэлгэж харуулахад тэр баярласандаа намайг үнсэнэ гэж бодоход өвлийн жихүүнд хоёр хацар минь халуу оргиж улаа бутардаг байж билээ. Модон байшиндаа мартаж өвөлжүүлсэн бугуйн цаг, тэр хоёрыг санан санасаар байвч хамаг ажил төрлөө цэгцлээд манайхан зуны эхээр зуслан гарав. Ойн нуга, алаг цэцэгс. Олон удаа бараг өдөр бүр очсон боловч тэднийх зуслан гарсангүй. Би ганцаар ойн цоорхойд зураг л зурдаг байлаа. Олон цэцэгсийн дунд насандаа ахадсан харцаар үүлсийг ширтэж суугаа түүнийг зурдаг байв. 

Харин намар оройхон нэг өдөр моддын сиймхийгээр тэр гэнэт гараад ирэв. Баярласандаа би уулга алдсан билээ. Дэргэд суугаад зургуудыг минь харж байснаа:

-Байшингаас аав аяны тогоогоо авах гэж ирэхэд нь хамт явж байна. Чамайг санаад шууд л наашаа гүйчихлээ. Маргааш өглөө буцна. Би түүнийг өөртөө аяархан ойртуулав. Ув улаахан уруул. Тэр зуны үдшийг яахан мартах билээ. Нэгэн рок хамтлагийн “Миний эр хүн болсон шөнө” гэдэг дуу шиг хөгжмийн эгшгүүд ар араасаа шахцалдан дотроос минь оргилон сад тавьсан шөнө байсан даа.

Харин өнөөх эрвээхий хавчуулаастай номыг түүнд үзүүлж амжаагүй. Би дахин нэг ч удаа сөхөж харсангүй. Зөвхөн түүнд л харуулна гэж бодсон юм. Намар ч уйлаг алдсан усан бороон дунд өнгөрч өвөл хавар гэсээр дахиад л зуны эхэн болсон юм. Яаран яаран түүнтэйгээ уулзахаар очив. Намайг хараад инээмсэглэх гэснээ болилоо. Харц нь бүр хүнд. Насандаа баймгүй гунигаар дүүрчээ. Өнөө маргаашгүй төрөх дөхсөнийг нь би шууд хараад мэдэв. Бие тулгар тэрээр зуны халуунд байшингийнхаа сүүдэрт л сууж өнгөрөөв. Надтай хамт ойн цоорхойд ч очсонгүй. Нөхөр нь хааяа ирнэ. Их сургуулийн багш гэх тэр өндөр залуу надад багш гэхээсээ их алдартай илбэчинтэй адилхан харагддаг байлаа. 

-Чи намайг ямар хүүхэд гаргана гэж бодож байна.

-Хүүхэд шиг л хүүхэд гаргана биз. 

-Биш, ээ мангараа. Сод ухаантан төрүүлнэ. Тэр энэ үгэндээ их л итгээд инээмсэглэж суудаг байлаа. Түүнийхээр нөхөр нь сод ухаантан юм. Тоо физикийн толгой гэдэг та нарынх шиг биш.

-Та нар гэж…

-Зурдаг буддаг. Энэ үгэнд нь би гомдоод дахиж түүнтэй уулзаагүй юм. Удалгүй зуслан бууж, хичээл ном гэсэн хэвийн өдрүүд үргэлжилсэн билээ. Он цаг бүгдийг мартуулдаг хүчтэй. Түүний тухай хаа нэгт л санах төдий болтлоо зүрхэнд дагтаршсан байлаа. 

Тэртээх зун, ойн цоорхой, эрвээхий, нүд хөмсөг зурах гэж ядан суусан цагаас хойш арван жил өнгөрчээ. Би түүнийг анх хараад таньсангүй. Гартаа нэг том боодолтой зүйл барьжээ. Нүдний сайхнаас нь юу ч үлдсэнгүй. Амьдралд дэндүү нухлуулсан нь харахад л андашгүй. Гэвч тэр зовлон гунигаа мэдэгдүүлэхгүй гэж хичээнэ. Нөхөр нь тооны том эрдэмтэн болсон гэнэ. Гудманд би өнөөх тооны өндөр багштай олон удаа таарсан юм. Ихэвчлин гуйвж дайвж явдагсан. Хатуу идээнд гүн орсон байлаа. Хүү нь харин бийр будганаас салдаггүй гэнэ. Багын найз надад хүүгээ шавь болгохоор дагуулж иржээ. Хамт явааг хүүг нь хараад би дотроо хашгирав. Арван зургаан насны минь зүггүйхэн харц. 

Удтал хайж байж эрвээхий хавчуулаастай хуучин номоо оллоо. Хөөрхий эрвээхийний цогцос ямар хээ номын хуудсанд үлдээсэн бол гэх сонин бодол толгойд эргэлдэнэ. Эсвэл тоосонцор л байгаа байх. Номын хуудас дэлгэгдэхэд салхинд хийсэн алга болно хэмээн дүрслэн бодлоо. Түүний өөдөөс хараад би удаан суужээ. Тэртээх зуны сониучхан харц гаргаад үл мэдэг үрчлээс суусан нүдээрээ намайг ширтэнэ. 

-Чамд өнөөх том цоохор эрвээхийг барьсанаа хэллүү. Энэ номон завсар байгаа. Тэр инээмсэглэхийг хичээнэ. Гэвч олон жил огт инээлгүй явсаар нүүр нь тийм гөлгөр хөшүүн байдлаар хатаж шаваржсан мэт харагдана. Би номынхоо хуудсыг түүний өмнө дэлгэн харуулав. 

Гэнэт том цоохор эрвээхий номон дотроос дэрвэсхийтэл гарч ирээд гоёмсог далавчаа дэвэн агаарт дэрвэлзэн нислээ. Тэр бид хоёр зуны ойд, алаг цэцэгсийн дунд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж