“Монголын нууц товчоог дэлхийд түгээе” сангийн үүсгэн байгуулагч, зураач Р.Батцэнгэл “Монголын нууц товчоо түгээмэл эх” номын дэлгэцийн хувилбарыг өнөөдөр /Motion illustration буюу хөдөлгөөнт цуврал/ олон нийтэд танилцууллаа.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уригдан оролцож, юун түрүүнд төрт ёсны түүх төдийгүй Монголын бичиг соёлын, уран зохиолын дурсгал бичиг, тулгуур судлагдахууныг дэлгэцийн бүтээл болгон туурвихад оролцсон хүн бүрт талархал илэрхийлж, амжилт хүсэв.
Зураач Р.Батцэнгэлийн санаачилсан “Монголын нууц товчоо түгээмэл эх” төсөл нь англи, солонгос, хятад, унгар, япон, орос, монгол бичиг, кирилл монгол хэлээр Монголын төдийгүй олон улсын уншигчдын хүртээл болсон бол дэлгэцийн бүтээл нь 25 ангитай, угсаатан зүй, археологи, түүх судлалын маш нарийн судалгаанд үндэслэн бүтээгдсэн байна.
Төслийг санаачлагч Р.Батцэнгэл нээлтийн үеэр “…Өнөөдөр “Монголын нууц товчоо түгээмэл эх” төслийн 10 жилийн ой тохиож байна. Та бүхэнд баярлалаа. Энэ бүтээл нь ном мэт гүнзгий, кино мэт сонирхолтой байх болтугай. Мэддэг бүхнээ харамгүй хэлж өгдөг түүхч, зөвлөгч багш нартаа баярлалаа. Манай төслийн ач холбогдлыг хамгийн түрүүнд ойлгож, дэмжиж ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танд гүн талархал илэрхийлье” гэсэн юм.
Мөн нээлтийн ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
“Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Өнөөдөр бид зураач Р.Батцэнгэлийн 10 гаруй жилийн хөдөлмөрөөр бүтээсэн, шат ахиулсан дэлгэцийн бүтээлийг нээх ёслолд оролцож байна. Өнөөдөр бүтээлүүд нь долоон орны хэлээр орчуулагдан олон нийтэд хүрсэн. Харин өнөөдөр хүүхдүүдэд үзүүлэхэд сонирхолтой, ном шиг дэлгэрэнгүйгээр олны хүртээл болж байна. Энэ бүтээлээс өсвөр насныхан, монголчууд бид өв соёлоо харж мэдэж, уншиж ойлгоно. Төслийг санаачлагч Р.Батцэнгэл болон түүний хамт олонд баяр хүргэе.
“Монголын нууц товчоо түгээмэл эх”-ийг харахад зураач зургийн ном хийгээд байгаа юм шиг боловч ард нь асар их судалгаа байдаг. Монголын нууц товчоо бол зураггүй, түүхэн ном. Үүнийг зураг хэлбэрт шилжүүлэхийн тулд тухайн үеийн хувцас хэрэглэл, морины эмээл, цулбуур, нум сумны зэв, хувцасны товчны хэлбэр, хувцас ямар оёдолтой байсан зэрэг маш олон судалгаа хийж байж дүрс, зураг бүтээнэ. Энэ нь өөрөө хүнд хүчир судалгааны ажил, авьяас билгийн нийлбэр юм. Цааш, цаашдаа Монголын түүх болсон Монголын нууц товчоо маань олон хүн мэддэг, олон орны эрдэмтэд судалдаг, монголчууд бүгдээрээ судалдаг, амьдрал ахуйдаа хэрэглэдэг болоосой гэж хүсч байна. Энд ирсэн хүмүүс болон доктор, профессор, эрдэмтдэдээ баярлалаа гэж хэлье” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Нээлтийн ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын нууц товчоо түгээмэл эх” төсөлтэй танилцаж, дэлгэцийн хувилбарыг үзэж сонирхов.
Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:
Эх сурвалж: www.president.mn