Улирлын өмнө: Баффало Сейбрэс

Хуучирсан мэдээ: 2018.09.04-нд нийтлэгдсэн

Улирлын өмнө: Баффало Сейбрэс

Нэгдсэн Улсын зүүн хойд Нью-Йорк мужийн Баффало хотын Баффало Сейбрэс баг плэй-оффт  шалгарч чадалгүй долоон улирлыг үдлээ. Өнгөрсөн улиралд 25 хожил, 45 хожигдсон бол нэмэлт цагт 12 хожигдсон нь сүүлийн гурван улиралд үзүүлсэн хамгийн муу үзүүлэлт бөгөөд 62 оноо авч ҮХЛ-н 31 багаас сүүл мушгисан. Баффало Сейбрес менежер Д.Режейр болон дасгалжуулагч Л.Рафф нарын удирдлага дор плэй-оффт шалгарч, 1999 онд стэнлийн цомын шигшээд шалгарч байсан нь өдгөө түүх болон үлдсэн. 2017 оноос багийн удирдлага томоохон өөрчлөлт хийж багийн менежерээр Питтсбург Пингвинс багт ажиллаж байсан Ж.Боттериллийг авчирсан бол Ф.Хауслиг дасгалжуулагчаар томилсон. Эдгээр эрхмүүдийн эхний улирал тийм ч дардан байсангүй. Харин энэ жил чухам ямар дэвшил гарах бол?

  • Явсан тоглогчид: төвийн тоглогч Р.О’Рейлли (Сент-Луис Блюс руу), төвийн тоглогч , Ж.Нолан, Ж.Йосефсон, С.Гриффт, хаалгач Ч.Жонсон, хамгаалагч В.Антипин (бүгд чөлөөт агент)
  • Ирсэн тоглогчид: хамгаалагч М.Хавчик, жигүүрийн довтлогч К.Шери (хоюулаа Питтсбург Пингвинсээс), төвийн довтлогч В.Соботка, П.Берглунд, Т.Томпсон (бүгд Сент-Луис Блюсээс), жигүүрийн довтлогч Ж.Скиннер (Каролина Харриканейзээс), хаалгач К.Хюттон (Сент-Луис Блюсээс чөлөөт агент)

Өнгөрсөн улиралд гарааны лайнд тоглож байсан Р.О’Рейлли Сент-Луис Блюс руу явснаас өөр томоохон өөрчлөлт болсонгүй. Харин эсрэгээрээ хэд хэдэн туршлагатай, тэр дундаа стэнлийн цомыг хүртэж байсан К.Шери зэрэг тоглогчдыг авчирсан. Америк залуу Р.О’Рейллиг багийн ирээдүй гэж үзээгүй тул Сент-Луис Блюс руу солилцоонд оруулсан бөгөөд энэ солилцоо Баффало Сейбрес багт ашигтай. Швед залуу П.Берглундын туршлага багийн залууст хэрэгтэй. Өнөөгийн Баффало Сейбрес багийн ирээдүй бол 2014, 2015 оны драфтын хоёр дахь сонголтууд болох С.Райнхарт, Ж.Эйкел нар байна. Туршлагатай П.Берглундын дэргэд Ж.Эйкел, С.Райнхарт нар илүү сайжрах нь дамжиггүй. Гэхдээ Э.Эйкелийн хувьд аль хэдий нь багийн лидер болоод байгаа. Өнгөрсөн оны аравдугаар сард залуу тоглогчтой найман жилийн 80 сая ам.долларын гэрээ байгуулснаар Р.О’Рейллиг багаа орхисноос хойш хамгийн өндөр цалинтай тоглогч болсон.

Энэ улирал Р.О’Рейллиг явуулснаар Баффало Сейбрес багт нийтдээ 26.6 сая ам.долларын цалингийн сул орон зай үлдсэн. Иймд чөлөөт агентаас эсвэл солилцоогоор өндөр зэрэглэлийн тоглогчид авах боломжтой. Гэхдээ үзүүлэлт муу багт өндөр зэрэглэлтэй тоглогч ирэх нь юу л бол. Ямартаа багийн 1/3 нь шинэчлэгдээд байгаа бөгөөд алдагдалгүй, харин ч одоогийн байдлаар ашигтай ажиллаад байна. Дээр нь нэмээд энэ оны драфтын тэргүүн сонголтоор Швед хамгаалагч Р.Далиныг өөрийн болгосон. Драфтын тэргүүн сонголт Р.Далиныг драфтаар өөрийн болгосон Баффало Сейбрес долдугаар сарын 1-нд хоёр жилийн хоёр сая ам.долларын гэрээ байгуулсан.

Рүүки хамгаалагч Р.Далин шууд гараанд гарахгүй, магадгүй түүнтэй байгуулсан гэрээнээс харвал гэрээний хугацааг харж ирээдүйгээ шийдэх байх. Харин өнгөрсөн оны драфтын сонголт К.Миттелстадт хэмээх 19 настай хүү энэ жилээс багтайгаа бүрэн нэгдэж байгаа. Энэ залуу тоглогч бас л ирээдүйтэй, өнгөрсөн улиралд мужийн багт тоглосон үзүүлэлт нь тун боломжийн байсан. Ямартаа ч энэ жил багтайгаа бүрэн нэгдэж ҮХЛ-н хатуу ширүүнийг амсах болно. Одоо багийн улирал эхлэхээс өмнө хийх байс нэг чухал ажил бол С.Рейнхарттай гэрээгээ шинэчлэх ажил байна.

Багийн ирээдүй болсон С.Рэйнхарт болон Ж.Эйкел нар

 

 

ТААМАГЛАЖ БУЙ ГАРААНЫ БҮРЭЛДЭХҮҮН:

I лайн:

Ж.Скиннер – Ж.Эйкел – С.Рейнхарт

М.Сканделла – Р.Ристолайнен

II лайн:

К.Шери – К.Миттелстадт – К.Окпосо

Р.Далин – З.Богосян

III лайн:

В.Соботка – П.Берглунд – Ж.Поминвилле

Н.Бейлеу – Ж.МкКабе

Яг өнөөгийн Баффало Сейбрес багийг плэй-оффт шууд багтана гэж хэлж чадахгүй. Баффало Сейбрес багийн багтдаг дивизионд Бостон Брюинс, Монерал Канадиенс, Тампа Бэй Лайтнинг болон Торонто Мейпл Лифс зэрэг плэй-оффын төлөө өрсөлдөх багууд мөн хуучны хүчирхэг Детройт Ред Уингс болон Флорида Пантерс, Оттава Сенаторс багууд багтдаг. Гэхдээ л ойрын 1-2 жилийг бодвол харьцангуй боломжийн бүрэлдэхүүнтэй улирлыг эхлүүлнэ.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж