Баян-Өлгий аймагт АН-аас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой мэдээлэл өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн гарах болсон. Тодруулбал, тэрээр Б.Бахытгүл гэх эмэгтэй рүү өөрийн хувийн чатаараа садар самуун зургаа явуулж, дарамталсан аж. Харин уг мэдээллийг анх "News channel" телевизийн сэтгүүлч Д.Майцэцэг олон нийтэд хүргэсэн. Харин УИХ-ын гишүүн Д.Мурат сэтгүүлч Д.Майцэцэгийг нэр төрд халдсан хэргээр шүүхэд өгсөн юм.
Тэгвэл өнөөдөр /2018.09.04/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн Д.Мурат, сэтгүүлч Д.Майцэцэг нарт холбогдох шүүх хурал болж байна. Шүүх хурлын тов 14.00 цагт товлогдсон бөгөөд хуралд Г.Бахытгүл онлайнаар оролцох аж. Энэ асуудлаар сэтгүүлч Д.Майцэцэг хэвлэлийнхэнд өөрийн байр суурийг илэрхийллээ.
МИНИЙ ХУВЬД ХУУЛЬ ЗӨРЧСӨН НЭГ Ч ҮЙЛДЭЛ БАЙХГҮЙ
–Шүүх хурлын процессыг та хэрхэн харж байна вэ?
-Хоёр сарын өмнө Эрүүгийн хуулийн 13.10.1, 13.11.1 гэсэн зүйл ангиар намайг буруутгасан. Энэ зүйл анги нь мэдээллийг хууль бусаар олж авсан, хувь хүний нууцад халдсан гэсэн зүйл анги байгаа. Ингээд эл хэрэг явсаар байгаад 13.10.1-д заасан зүйл анги хүчингүйд тооцогдсон. Өөрөөр хэлбэл мэдээллийг хууль бусаар олж аваагүй гэдэг нь баталгаатай үлдсэн. Би мэдээллийг хууль ёсоор олж аваад үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу олон нийтэд УИХ-ын гишүүн Мурат нь ёс зүйгүй үйлдлийг дэлгэх нь зөв гэсэн үүднээс эмэгтэй хүнийг өмөөрч, хамгаалаад дээрх мэдээллийг тараасан. Гэтэл хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл гэж үзээд эргүүлээд намайг яллагдагчаар татлаа. УИХ-ын гишүүн Д.Муратын гомдлоор би энд дуудагдсан. Миний хувьд хууль зөрчсөн нэг ч үйлдэл байхгүй. Тийм учраас хууль хяналтын байгууллага эл хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөсэй гэж хүсч байна.
-Д.Мураттай холбоотой мэдээллийг цацахаас өмнө өөр хэвлэлийнхэн мэдээлсэн байсан уу?
–Анх энэ мэдээллийг сэтгүүлч нарт тараасан эрэгтэй шүүх хуралд гэрчээр татагдсан. Шүүх хурал хэрхэн үргэлжлэхийг таашгүй. Би өмнө Д.Мурат, Г.Бахытгүл нартай нэг ч удаа уулзаж байгаагүй. Шүүх хурал хэрхэн шийдвэрлэхээс хамаараад би энэ бүхнийг олон нийтэд эрэн сурвалжлах нэвтрүүлэг хэлбэрээр хүргэнэ гэсэн бодолтой байна. Намайг мэдээлэхээс өмнө Д.Муратын мэдээлэл олон нийтэд ил болчихсон байсан. Тухайлбал, УИХ-ын ёс зүйн дэд хороо болон УИХ-ын намын бүлэг, улс төрийн намын хэвлэл мэдээллийн албаны дарга нарт хүрчихсэн мэдээлэл байсан.
НЭМЭЛТ:
Э.АРИУН
Холбоотой мэдээ