“Coal Mongolia-2018” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт өнөөдөр /2018.09.04/Шангри-Ла зочид буудалд эхэллээ. Тус чуулганыг найм дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистикийг сайжруулах, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг. Энэ удаагийн “Coal Mongolia-2018” нь “Технологийн дэвшилд хамтдаа” уриан дор явагдаж байна.
ЭНЭ ЖИЛИЙН ЧУУЛГАНЫ ОНЦЛОГ БА ЗОРИЛТ:
Монголын нүүрс экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч, антрацит болон эрчим хүчний нүүрсийг баяжуулж экспортолж эхэлсэн нь энэ жилийн хувьд салбарын онцлог үйл явдлуудын нэг болж байна. Шинээр нүүрс баяжуулах үйлдвэрүүд баригдаж, зарим нь төслийн шатандаа хэрэгжиж эхэллээ. Салбар олборлолтоос баяжуулалт, боловсруулалт, тээвэрлэлтийн технологийн сорилттой тулгарч байна. Иймд энэ удаагийн чуулганаар технологийн дэвшлийг онцолж, үйлдвэрлэгч-бэлтгэн нийлүүлэгчдийн бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг бүтээлчээр, үр ашигтай өргөжүүлэх зорилт дэвшүүлж байгаагаараа онцлог юм.
Чуулганыг нээж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хэлсэн үгэндээ тэрбээр, “Монгол Улсын Засгийн газраас хариуцлагатай, ил тод геологи, уул уурхайн салбарыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Уул уурхайн салбар нь 2017 оны байдлаар манай орны экспортын нийт бүтээгдэхүүний 90 хувийг, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 74 гаруй хувийг, дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувийг, гадаадын хөрөнгө оруулалтын 72 хувийг эзэлж байгаа нь эдийн засгийн тогтвортой өсөлтийн салшгүй нэгэн хүчин зүйлд зүй ёсоор тооцогдож байна.
Өнөөдрийн энэхүү арга хэмжээ нь “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоол гарч, уг тогтоолын хэрэгжилтийг хангах Засгийн газрын ажлын хэсэг эрчимтэй ажиллаж байгаа үед зохион байгуулагдаж байна. Улс төрийн гол намууд, улс төрийн институциуд Тавантолгойн ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал нэгдлээ. Тавантолгойн сайн чанарын коксжих нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг компанийн хувьцааны 30 хүртэл хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах шийдвэр гарлаа. Хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлэх бэлтгэл ажил ид өрнөж байна.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР: Хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлэх бэлтгэл ид өрнөж байна
Оны эхний долоон сарын байдлаар 26,3 сая тн нүүрс олборлож, 20,5 сая тн нүүрс экспортолжээ. Нүүрсний экспорт ийнхүү сайн үзүүлэлттэй байхад бизнесийн түншүүдийн маань харилцаа, хамтын ажиллагаа ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй.
Тавантолгойн ордыг түшиглэсэн нүүрс-химийн үйлдвэр, нүүрс баяжуулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулж, цаашид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь бидний зорилтын нэгэн томоохон хэсэг. УИХ-ын 73 дугаар тогтоолын хүрээнд төмөр зам, авто зам барих, усны нөөцийн асуудлыг шийдвэрлэх ажлууд хийгдэх болно. Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам, авто замын төслүүд хэрэгжиж, цахилгаан станц барих ажил эхэлнэ. Мөн “Оюу Толгой” компани эрчим хүчнийхээ хэрэгцээг дотоодоос хангах үүднээс цахилгаан станц барих ажлыг эхлүүлэхээр хүчин чармайлт гаргаж ажиллахаа илэрхийлээд байна. Бид Ханги-Мандал боомтоор төмөр замын хоёр дахь гарцыг нээх ажлыг эхлүүлэхээр хятадын талтай яриа, хэлэлцээр өрнүүлж байна. Төмөр замын хоёр гарцтай болсноор манай хоёр улсын худалдааны эргэлт нэмэгдэж, илүү хямд өртгөөр уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлэх боломж бүрдэх юм. Ийнхүү дэд бүтэц бүрдүүлснээр манай улсын ашигт малтмалын ордуудын үнэ цэнэ өсч, эдийн засгийн бодит өсөлт ирэх болно.
БНХАУ-ын Бүс ба зам, Монгол-Хятад-Оросын Эдийн засгийн корридор байгуулах хөтөлбөр, саяхан Засгийн газраас баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” зэрэг хөгжлийн стратегийн хүрээнд бүс нутгийн дэд бүтэц, эдийн засгийн интеграцид нэгдэж, бүс нутгийн орнуудтай илүү нягт хамтран ажиллах боломж тун удахгүй бүрдэнэ” гэлээ.
“COAL MONGOLIA” ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ Л.НАРАНБААТАР: Ирэх оны дунд үеэс нүүрсний үнэ унах хандлагатай байна
“Coal Mongolia” чуулганыг анх 2011 онд зохион байгуулах үед зах зээл таатай, улс төрийн хувьд тогтвортой ийм цаг үе байсан. Тавантолгойн 30 хувьд IPO гаргах тухай яриа зөвхөн энэ жил яригдаж байгаа асуудал биш. 2010 оноос анх яригдсан асуудал. Харамсалтай нь улстөржилт, төмөр замын бүтээн байгуулалтын маргаануудаас үүдэж нүүрсний зах зээлийн таатай үеийг алдсан. Энэ жилийн хувьд нүүрсний зах зээлийн таатай үе тохиож байна. Нүүрсний үнэ харьцангүй тогтвортой ирэх жилийн дунд үе хүртэл үргэлжлэх хандлага ажиглагдаж байна. Энэ жилийн чуулганд БНХАУ-аас олон төлөөлөгчид оролцож байгаа нь авууштай. "Эрдэнэс Таван толгой" компанид IPO гаргахтай холбоотой бэлтгэл ажлууд маш сайн хийгдэж байгаа талаарх мэдээллийг чуулганы үеэр өгч байна. "Эрдэнэс Таван толгой" компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн хэлж байгаа мэдээллээр, коксжих нүүрсний нөөц 1,3 тэрбум тонноор нэмэгдсэн гэдэг мэдээллийг өгч байгаа нь хөрөнгө оруулагчдад хүрэх содон мэдээлэл болж байна. Мөн дэд бүтцийг асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газрын түвшинд шахуу ажиллаж байгаа гэдгийг салбарын сайд нь онцоллоо. Ирэх оны дунд үеэс хойш коксжих нүүрсний үнэ унах хандлагатай байгаа учраас IPO гаргах асуудал 2011 оных шиг бүтэлгүйтэх магадлал өндөр. Гадаад зах зээлийн таатай энэ үеийг ашиглаж цаг хугацаатай уралдан ажиллах шаардлагатай байна.
“ЭНЕРЖИ РЕСУРС” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ, ДОКТОР Л.БАТЦЭНГЭЛ: Нүүрс, зэсийн салбар улстөржилтөөс хол байх ёстой
-2008-2009 онд нүүрсний зах зээл эрчимжиж байсан бол 2011-2012 онд зах зээлд үнэ унасан. 2015-2016 оны сүүлчээр үнэ сэргэх хандлагатай болсон. Өнөөдрийн чуулганы оролцогчдыг харахад ч нүүрсний зах зээл эргэж байгаа нь харагдаж байгаа юм. Монгол Улс коксжих нүүрс голлон экспортолж байна. Коксжих нүүрсийг Хятад улс металлург, гангийн үйлдвэрүүддээ ашигладаг. БНХАУ дэлхийн гангийн хэрэглээний 50 хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Үүний дагаад коксжих нүүрсний хэрэглээ хамгийн өндөртэй зах зээл юм. Урд хөршийн нүүрсний хэрэглээ өсөхгүй байгаа коксын хэрэглээ тогтвортой байна.
Нүүрсний импортын хэмжээ ч хязгаартай байгааг та бүхэн харж байгаа байх аа. Сүүлийн хоёр жилийн нүүрсний үнэ өссөн хугацаанд Индонез, Австралиас ихэнх коксжих нүүрсээ импортолсон. Зах зээл дээр 2015 онд ёроолдоо хүртэл унасан коксжих үүрс 2016, 2017 онтой харьцуулахад 2018 оны эхний хагаст хоёр дахин нэмэгдлээ. Монголын эдийн засагт нүүрсний экспорт том байр эзэлнэ. 2017 онд нийт экспортын орлогын 40 хувийг нүүрснээс олсон. Нүүрс, зэсийн салбар Монголын эдийн засгийг чирч байна. Энэ бол улстөржилтөөс хол байх ёстой салбар юм. Манай "Энержи ресурс" компани хагас жилд 4 сая тонн нүүрс экспортолсон. Үйлдвэрлэлээ 15 хувь нэмэгдүүлэх боломжтой ч хил, гаалийн нэвтрүүлэх чадамж тааруугаас чадахгүй байгаа юм. Манай компани Монголын нүүрсний экспортын 20 хувийг эзэлж байна. Бид дэд бүтэц, хилээр нэвтрэх чадвараа сайжруулахгүйгээр нүүрсний зах зээлд гарсан хоёр дахь том боломжийг ашиглаж чадахгүйд хүрнэ. Боломжоо ашиглахын тулд гарцаа олон болгомоор байна.
ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Р.МЭРГЭН: Энэ жил тээвэр харьцангуй жигд байна
Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Мэргэн илтгэл тавив. Тэрбээр, Энэ жил тээвэр харьцангуй жигд байна. Гэсэн ч авто замаа шинэчлэх шаардлага бий. Манай улсад хүнд даацын нийт 14 мянган машин тээвэрт үйлчилж байгаагаас 10 мянга нь Таван толгой-Гашуун сухайтын чиглэлд тээвэр хийдэг. Нүүрсний экспортын хамгийн гол гарц нь Гашуун Сухайт гэдгийг эндээс харж болно. Төмөр замын тухайд Алс Дорнодын чиглэлд нүүрс экспортлохын тулд Тавантолгой- Зүүн баян чиглэлд концессоор төмөр зам барих шийдвэр гарсан ба одоо хэлэлцээ үргэлжилж байна. Энэ төмөр зам 460 км урт, 1.1 тэрбум ам.долларын өртөгтэй байна. Таван толгой-Зүүн баянгаас цааш нь Ханги мандал чиглэлд мөн төмөр зам тавих шаардлагатайг тэрбээр илтгэлдээ онцлов.
"ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ" ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ГАНХУЯГ : Эрдэнэс Таван толгойн компанийн нүүрсний нөөц 8 тэрбум тонн болсон
"Эрдэнэс Таван толгой" хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг компанийнхаа нөөцийн нэгдсэн тайланг шинэчлэн батлуулсан тухай таатай мэдээллийг илтгэлийнхээ эхэнд онцлов. “Тавантолгойн нүүрсний орд судлагдаж эхэлсэн цагаасаа хойш 30 гаруй жил өнгөрч байна. Энэ хугацаанд нүүрсний ордны хайгуулын ажлыг хэсэгчилсэн байдлаар дөрвөн удаа хийсэн байдаг. Энэхүү тайлангаар 5.1 тэрбум тонн нөөцийн үнэлгээ гарсан. Тэгвэл өнгөрөгч долоо хоногт Эрдэс баялгийн мэргэжлийн өргөтгөсөн хуралдаанаар бид 40 жил хүлээгдсэн нөөцийн нэгдсэн тайланг батлуулж чадсан. 5.1 тэрбум тонн байсан нөөцийг эхний байдлаар зургаан тэрбум 340 сая тонн болж өссөн. Үүнийг Жорк стандартад шилжүүлснээр 7.6-8 тэрбум тонн тэрбум тонн болж өсч байгаа юм. Өөрөөр хэлбэл бид энэ өдрөөс хойш Эрдэнэс Таван толгойн нөөцийг 7.3 тэрбум тонн биш найман тэрбум тонн гэж ярих болж байна. Энэ нь монгол төрийн хувьд ч тэр Монгол Улсын гурван сая иргэний хувьд ч мөн хөрөнгө оруулагчдын хувьд анхаарал татсан онцгой мэдээлэл. Энэ хэрээр компанийн үнэлэмж, үнэ цэнэ өснө” гэлээ. Тэрбээр үргэлжлүүлэн компанийнхаа талаарх танилцуулгыг мэдээлэв. Найман тусгай ашиглалтын зөвшөөрөл бүхий таван хэсгээс бүрддэг. Ордны давуу чанар нь маш сайн чанарын хатуу коксжсон нүүрсний баялгийн нөөцтэй. Мөн хамгийн том зах зээл буюу БНХАУ-тай хил залгаа хамгийн ойрхон орд.
2011-2016 онд 266 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн бол энэ онд 400 тэрбум төгрөг төлсөн. Манай компани олон улсын зах зээлд IPO гаргах бэлтгэл ажлаа хангаж байна.Түүнчлэн хувьцааны арилжаанд зохиулан 512 мянган иргэнийг компанийн баланст бүртгэж аваад байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлын шинэ стандарт нэвтрүүлсэн. Олон улсын стандарт нэвтрүүлэх бэлтгэл хийж байна. Төмөр замын ажлуудаа бид хамгийн эхэнд явуулна. Төмөр замаа баривал экспортын гарц нэмэгдэнэ. Нөөцийг бүрэн тогтоохын тулд дахин хайгуул хийх шаардлагатай. Ингэснээр дээр дурдсан найман тэрбум тонн нөөц өсөх боломжтой. Дундын дамжуулагчгүйгээр, эцсийн хэрэглэгчтэй шууд харилцах болсон. Энэ нь бас нэг давуу тал юм. Дэд бүтцийн хувьд урд хөршид ойрхон байрлал нь мөн давуу тал олгодог. Хөрөнгийн биржид хувьцаагаа санал болгох бэлтгэлийг базааж байна. Таван дэд ажлын хэсэг байгуулан цаг наргүй ажиллаж байна. 15 тэрбум ширхэг хувьцааны 55 хувь нь төрийн мэдэлд үлдэнэ. Техникийн, санхүүгийн, үнэлгээний, аудитын, дотоодын хөрөнгийн биржид хувьцаа гаргах гэх мэт ажлын хэсгүүд байгуулсан.
Чуулганы үдээс өмнөх хэсгийн хэлэлцүүлгийн үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Эрдэнэс Таван толгойн 30 хувьд IPO гаргах ажлын явцын талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр “УИХ-аас Эрдэнэс тавантолгой ХК-ийн 30 хувьд IPO гаргах чиглэлийг өгсөн. Үүний дагуу яам энэ зун амралтгүй ажиллаж бэлтгэл ажлыг хангаж байгаа. Ирэх арванхоёрдугаар сарын сүүлээр УИХ-д танилцуулна. IPO гаргах бэлтгэл ажлыг найман үе шаттайгаар буюу олон улсын стандартын дагуу хангаж байна. Ялангуяа боловсон хүчин, Засаглалын асуудалд анхаарч олон улсыг хууль болон санхүүгийн байгууллагуудын экспертүүд үнэлэлт дүгнэлт өгөх зэрэг шалгууруудыг хангахын тулд нэлээд зохион байгуулалттай ажиллах ёстой. Бид цаашид засаглалыг сайжруулж байж олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг татна. Бид олон улсын дүрэм журамд нийцүүлж ажиллах ёстой гэсэн зарчмын байр суурьтай байгаа. Цаашид компанийг төлөөллийн байдлаар оролцоог хангах үүднээс 70:30 хувийн квот гаргасан. Ингэхдээ салангид мэт ойлгож болохгүй.Засгийн газар 100 хувийн хувьцаа эзэмшигч нь байна. Хувьцааны бэлтгэлтэй холбоотой дотоодын хөрөнгийн бирж дээр ажлууд тодорхой үе шаттайгаар хийгдэж байна. Мөн иргэдийн 1072 хувьцааны асуудал олон жил яригдаж байгаа. Эдийн засгийн эргэлтэд оруулж үр өгөөжийг нь ард түмэндээ хүртээхээр ажиллаж байна. Тавантолгой ХК үр ашигтай ажиллаж байгаа. бид нүүрсний үнийн өсөлтийн цонх үеийг зөв ашиглаж уул уурхайгаас гарч буй бүтээгдэхүүнийг богино хугацаанд өндөр үр ашигтайгаар зарцуулахад мэдээж дэд бүтцийн асуудал чухлаар тавигдана. Тавантолгойд IPO гаргах бэлтгэл ажлын хүрээнд дотоод бүтэц зохион байгуулалтын үйл ажиллагааг мэргэжлийн хүмүүс үе шаттайгаар ажиллаж байгаа гэдгийг онцлон хэлье” гэв.
Үдээс хойш чуулганы хоёрдугаар хэсэг Монгол-Хятадын нүүрсний салбарын бизнес форумаар үргэлжилнэ.
Холбоотой мэдээ