“Зориг сан” нь 2018 оны есдүгээр сарын 2-ны өдрийн 11.00 цагт “Ардчилал зуны зуслан” хөтөлбөрийн төгсөлтийн арга хэмжээг зохион байгуулсан ба уг арга хэмжээний үеэр Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын Дэд төлөөлөгч хатагтай Жой Янь уригдан оролцож, үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ “Амжилттай ардчилал нь бүх ард түмэн нэгдмэл, зөвшилцөлд хүрсэн байх, сайн тогтолцоотой байх зэргийг шаарддаг төдийгүй эдгээрийг хэрэгжүүлж чадсанаар ардчилал өөрийн механизмаар хөгжихийн зэрэгцээ уг хөтөлбөрт оролцогч нарыг Монголын ардчиллын хөгжилд хувь нэмрээ оруулахад нь дэмжлэг үзүүлэх боломжтой юм” хэмээв.
Тус төлөөлөгчийн газрын Дэд төлөөлөгч хатагтай Жой Янь хэлсэн үгийнхээ эхэнд “Монголын ардчилалд Монголын бүх ард түмэн болон дэлхийн бусад улс орны зүгээс өндөр ач холбогдол өгөн, дэмжсээр билээ. Иймээс ч Тайванийн Ардчиллын сангийн зүгээс “Ардчиллын зуны зуслан”-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг ямагт дэмждэг” гэж онцлон тэмдэглэв. Хатагтай Жой Янь-ны үзэж буйгаар Монгол орон ардчилсан улс орны замналаар хөгжиж буй явдал нь зүй ёсны явдал агаад ардчилал, ардчиллын үзэл санаа нь Монголчуудын генд эрт дээр цаг үеэс л эхлэн тээгдэн, хадгалагдаж ирсэн зүйл ба Монголын соёлын салшгүй нэгээхэн хэсэг юм. Монголчуудын нүүдлийн соёлын хамгийн том онцлог бол эвлэрэн нэгдэх, харилцан бие биетэйгээ нэгдмэл байх явдал бөгөөд эе эвтэй, нэгдмэл байж чадсанаар ард иргэдэд хамгийн таатай аж төрөх, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж чаддаг. Хүрээлэн байгаа байгаль орчинтойгоо зохицон аж төрөн, бүлгийн бусад гишүүдтэй эв нэгдэлтэй зохицон аж амьдарч чадсанаар л нийгмийн бүлгүүд харилцан ойлголцол, зөвшилцлийн дунд зэрэгцэн орших боломжтой. Өөрөөр хэлбэл хүрээлэн байгаа байгаль орчин, бусдын оршихуйг хүндэтгэх явдал нь ардчиллын цөм үнэт зүйл билээ.
“Зориг сан”-ийн Гүйцэтгэх Захирал Б.Оюундарь хэлсэн үгэндээ энэ онд бид 4 дэх жилдээ “Ардчилал зуны зуслан” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа төдийгүй уг хөтөлбөрт хамрагдахаар нийт 160 гаруй оюутан залуус өргөдөл гаргаснаас нийт 22 оролцогчийг сонгон шалгаруулж уг хөтөлбөрт хамруулав. Энэ онд энэхүү хөтөлбөр нь “Хувь хүний хөгжил, ардчиллын боловсрол” сэдвийн хүрээнд зохиогдож, ардчиллын үнэ цэнэ, үзэл санаа, хувь хүний хөгжлийг хэрхэн дээшлүүлэх тухай сэдвийн хүрээнд сургалт явагдсан. “Зориг сан”-г 1998 онд Монголын ардчилсан хөгжлийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны дурсгалд зориулан, үүсгэн байгуулсан ба “Зориг сан” нь олон жилийн турш “Тайванийн Ардчиллын төлөө сан” болон “Азийн Ардчиллын сан” зэрэг олон улсын байгууллагуудтай ойр нягт харилцаа хамтын ажиллагаа тогтоож чадсан. Жил бүр залуу удирдагч, манлайлагч нарт зориулсан 10 гаруй сургалт, хөтөлбөрийг зохион байгуулдаг ба одоогийн байдлаар нийт 3000 гаруй Монгол залуусыг эдгээр хөтөлбөрүүдэд хамруулаад байна” хэмээв.
А.ТУЛГА