“Хүчирхэг Монгол” спорт, урлагийн өдөрлөгт амжилттай оролцлоо

Хуучирсан мэдээ: 2018.09.04-нд нийтлэгдсэн

“Хүчирхэг Монгол” спорт, урлагийн өдөрлөгт амжилттай оролцлоо

“Хүчирхэг Монгол” спорт, урлагийн өдөрлөгт амжилттай оролцлоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Идэвхтэй амьдралын хэв маяг-Эрүүл ирээдүй” уриатай “Хүчирхэг Монгол” спорт, урлагийн өдөрлөг өнгөрсөн амралтын өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан.

Тус өдөрлөгт Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Аврагч” биеийн тамир техник, спортын хорооны бие бүрэлдэхүүн болон Нийслэлийн хүрээний анги, байгууллагын алба хаагчид, мөн Үндэсний аврах бригадын хөгжмийн салаа, Үндэсний сурын харвааны “Эрч” клубын тамирчид амжилттай оролцсон юм.

Энэхүү өдөрлөг нь нийт иргэдийн биеийн тамир, эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, эрүүл амьдралын хэв маяг, зөв хооллолт, дасгал хөдөлгөөний ач тусыг ухуулан таниулах, нийгэмд эрүүл зөв хандлагыг түгээх зорилготой.

Тиймээс арга хэмжээнд хүрэлцэн ирсэн иргэдэд зөв хооллолт, шүдний эрүүл мэнд зэрэг сэдвүүдээр мэргэжлийн эмч зөвлөгөө зөвлөмж хүргэж, биеийн тамир, спортын хороод байгууллагын үйл ажиллагаагаа танилцуулахаас гадна, спортын 10 төрлөөр 600 иргэнийг хамруулан үзүүлэх тоглолтууд үзүүлсэн.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ "Монгол Улсын хөгжлийн үндэс бол эрүүл, спортлог монгол хүн юм. Азийн наадамд медаль хүртсэн тамирчидаа магтан алдаршуулж энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Өчигдөр эрдмийн баяр болж улсын маань намрын их ажлууд эхэлж байгаа. Тэгвэл өнөөдрийг ард түмэндээ үлгэр дуурайл болж явдаг спорт, урлагийн алдартнууддаа зориулсан спорт, урлагийн баярын өдөр болгон тэмдэглэж байна" хэмээн онцолсон юм гэж “Аврагч” биеийн тамир, техник спортын хорооноос мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж