"Хоккейн спортыг шинэ шатанд гаргана"

Хуучирсан мэдээ: 2018.09.04-нд нийтлэгдсэн

"Хоккейн спортыг шинэ шатанд гаргана"

Монгол Улсын хоккейн спорт 50 гаруй жилийн түүхтэй. Сүүлийн жилүүдэд бидний гаргасан олон улсын амжилтаас дурдвал Дэлхийн хоккейн холбооноос Азийн хэмжээнд гурван шатлалтай зэрэглэл тогтоох бүсийн тэмцээнүүд болдог аж. Тэгвэл  Монгол Улс хоёрдугаар  зоонд сүүлийн найман жил амжилттай тоглож байна. Үүнээс дөрвөн удаа хүрэл, нэг удаа мөнгөн медаль, авч байсан бол энэ жил хоёрдугаар бүсэд аварга болж зэрэглэлээ ахиулсан байна. Монгол Улсын хойно   Азийн  16 улс орнууд бичигджээ. Энэ бол бидний хувьд багагүй амжилт юм.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын гишүүн, Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхлангийн урилгаар Дэлхийн хоккейн амьд домог, ОХУ-ын хоккейн холбооны Ерөнхийлөгч, ДУМ-ын гишүүн Владислав Третьяк  Монгол Улсад  өнөөдөр /2018.09.04/ айлчиллаа.

2019 ОНД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН  УЛСЫН ШИГШЭЭ  БАГ АНХНЫХАА  ТЭМЦЭЭНД ОРОЛЦОНО

ЭНЭ ҮЕЭР МОНГОЛЫН ХОККЕЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ, УИХ-ын гишүүн Б.ЖАВХЛАН:

-ОХУ  дэлхийн хоккейн спортын хөгжлийн билэг тэмдэг болсон орнуудын нэг. Энэ ч утгаараа хоккейн спортыг дэлхийн улс орнуудад  түгээн дэлгэрүүлэх хөгжүүлэх үйлсэд голлох үүрэг гүйцэтгэн оролцдог. Ноён  Владислав Третьякний айлчлалын үеэр монголын хоккейн холбоотой цаашид хамтран ажиллах тэр дундаа Монгол Улсад хоккейн хөгжлийг шинэ шатанд гаргах хөгжүүлэх материаллаг болон техникийн  туслалцаа  үзүүлэх хамтарсан бэлтгэл сургуулилт, тамирчдын солилцоо, манай шигшээ багийн тамирчдыг ОХУ-д бэлтгэх зэрэг олон ажлууд дээр хамтарч ажиллахаар гэрээ хэлэлцээр хийж үзэглэх гэж  байна. Бид өнгөрсөн хугацаанд багагүй амжилт гаргасан. Багагүй амжилт гэдгийг тодруулж хэлэх юм бол манай улсад одоогоор битүү  дээвэртэй ордон байхгүй зөвхөн задгай мөсөн талбайд өвлийн улиралд хоёр сарын хугацаанд бэлтгэл сургуулилт хийсээр ирсэн.  Ийм хязгаарлагдмал нөхцөлд дээрх амжилтыг гаргаж байгаа нь  Монгол Улсад хоккейн спорт цаашид хөгжин дэвжих, илүү том амжилт гаргах нөөц боломж бүрэн бий гэдгийг дэлхийн хоккейн холбоонд таниулж чадсан юм. Манай хоккейн түүх даруухан болов ч амжилтуудаар  баялаг. Хоккейн спорт дэлхий дахинд эрэгтэй, эмэгтэй гэсэн төрлүүд жигд  хөгжиж ирсэн. Тэгвэл Монгол Улсын хувьд 2019 онд эмэгтэй улсын шигшээ  бага анхныхаа  тэмцээнд явахаар багаа бүрдүүлэн бэлтгэл сургуулилтаа хийж байгааг дуулгахад  таатай байна гэв.

Санамж бичгийн товч агуулгаас  дурдвал “Энэхүү санамж бичгээр ОХУ, Монгол хоёр улсын урт хугацааны тогтвортой хамтын  харилцааг хөгжүүлэх үйл ажиллагааны бүхий л салбарт харилцан ойлголцол туршлага солилцох. Тодруулбал хоккейн спортыг Монгол Улсад хөгжүүлэхэд хамтран ажиллахаа үүгээр илэрхийлж байна” хэмээн бичжээ.

ТАМИРЧИД ЖИЛИЙН ДӨРВӨН УЛИРАЛД БАЙНГЫН БЭЛТГЭЛТЭЙ БАЙХ ШААРДЛАГАТАЙ

ОХУ-ЫН ХОККЕЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ, ДУМ-ЫН ГИШҮҮН ВЛАДИСЛАВ ТРЕТЬЯК:

-Юуны түрүүнд Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга, Монголын хоккейн холбоо намайг Монголд  ирэхийг урьсанд талархаж байна. Бидний  хувьд Монгол Улсыг маш их хүндэтгэж ирсэн. ОХУ-д хоккей бол үндэсний спорт. Бид Европын дэлхийн мөн олимпын хоккейн аварга улс. Өнөөдөр ОХУ-д 560 мөсөн талбай бий. Ойрын таван жилд нэмж 400 мөсөн талбай байгуулахаар ажиллаж байна. Монголын хоккей өнөөдрийн төвшинг ахиулж, тамирчдын ур чадварыг байнга дээшлүүлэхийн тулд жилийн дөрвөн улиралд байнгын бэлтгэлтэй байх шаардлагатай. Тэгэхээр хаалттай мөсөн  талбайтай болох шаардлагатай байна. Өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзалт хийнэ. Энэ үеэр бид  Монголын хоккейн хөгжил  тэр дундаа хаалттай мөсөн талбайтай болох тухай  ярилцах байх гэж бодож байна хэмээв.

Тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

-Багийн спортын хөгжилд  юуг түлхүү анхаарах ёстой вэ?

-Хамгийн түрүүнд хаалттай мөсөн талбайг олноор байгуулах нь чухал. Материаллаг баазгүйгээр спортыг хөгжүүлэх маш хүнд. Үүнээс гадна энэ спортын сайн сайхан давуу талыг олон түмэнд ярьж ойлгуулах,  соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд  анхаарал тавих шаардлагатай. Дотоодын  тэмцээн уралдаанаас гадна, олон улсын  тэмцээн уралдаанд оролцож байж,  тамирчдын чансаа сайжирна гэж бодож байна. Энэ тал дээр бид туслахад бэлэн.

-Материаллаг баазаас  гадна Монголд хоккейн спортыг хөгжүүлэхэд олон улсын хоккейн холбоо, ОХУ хоккейн холбооны зүгээс ямар  бодитой дэмжлэг үзүүлж чадах вэ?

-Мэдээж би ОХУ-ын хоккейн холбооны ерөнхийлөгчийн хувьд монголын дасгалжуулагч  болон тоглогчдыг  улсдаа урьж авчиран өөрсдийн сургалтад хамруулахаас гадна, дасгалжуулагчдаа Монгол Улс руу илгээн төрөл бүрийн сургалтуудыг зохион байгуулна гэж амлаж байна.

ЧЕХ УЛС ДӨРВӨН УЛИРЛЫН  БИТҮҮ ДЭЭВЭРТЭЙ ОРДОН БАРЬЖ ӨГНӨ 

Монголын хоккейн спортыг хөгжүүлэхэдэ цаашид  материаллаг баазаа олон улсын стандарт шаардлагад нийцэхүйц  ядаж битүү дээвэртэй ордонд орж бэлтгэлээ хийх шаардлагатай байгаа. Хоккейн спорт бол ордны спорт болоод хагас зуун жил  дамжиж ирсэн спорт. Баяртай мэдээ гэвэл Чех улсын хөгжлийн агентлагаас манай улсад барьж байгуулах  дөрвөн улирлын битүү дээвэртэй ордны  техник эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/  Чех улсын талаас хөрөнгө санхүүг гаргаж өгөхөөр шийдвэрлэжээ. ТЭЗҮ аравдугаар сард багтаад бэлэн болох аж. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас  битүү дээвэртэй хоккейн ордон байгуулахаар төсөвт тусгуулахаар саналаа хүргүүлсэн бөгөөд нийслэлээс ордон барих газрыг шийдэж өгөхөөр тохиролцжээ.

Монгол Улсын хувьд олимпийн төрлийн спортын төрөлд илүү  өндөр амжилт гаргадаг. Тэр ч утгаараа улсаас эдгээр төрлийн спортуудад  илүүтэй дэмжлэг үзүүлдэг.  Харамсалтай нь өдийг хүртэл хоккейн спортод үзүүлэх дэмжлэг  дутмаг байгаа юм. Монгол Улсад албан ёсны улсын шигшээ баг байдаггүй учраас зөвхөн  холбооныхоо дэргэд  шигшээ багаа бүрдүүлэн хөрөнгө санхүүг  холбооноос болон, хоккей сонирхдог хөгжөөн  дэмжигчид хувийн хэвшлийнхний дэмжлэгээр  олон жил явж ирсэн гэдгийг энэ үеэр онцолж байлаа.

Э.БУРАМ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж