“Болорсофт” боловсролын салбарт 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.09.04-нд нийтлэгдсэн

“Болорсофт” боловсролын салбарт 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

“Болорсофт” боловсролын салбарт 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

“Болорсофт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч. Мөнхнарантай ярилцлаа.


-Та бүхэнд “Болорсофт” ХХК байгуулагдсаны 10 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Танай компани 10 жилийн ойгоо өвөрмөц байдлаар тэмдэглэх гэж байгаа тухай сонслоо. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлнэ үү.

-Баярлалаа. Бид ойн баяраа “Болорсофт 10 жил – Боловсролыг дэмжих аян” зохион байгуулж тэмдэглэхээр шийдсэн юм. Тус аяны хүрээнд Монгол Улсын ерөнхий боловсролын сургалт эрхэлдэг улсын болоод хувийн бүх сургуулийн бүх багш нарт кирилл бичгийн алдаа шалгах “Болор дуран” программаа бүтэн жил хэрэглэх эрх бэлэглэнэ.

-“Болор дуран”-тай болсноор багш нар ямар давуу талтай болох вэ?

-“Болор дуран” бол Виндовсын Ворд, Эксел, Повер пойнт гэх мэт оффиссын хамгийн түгээмэл программууд дээр кирилл бичгээр бичихэд тухай бүрд нь зөв бичигдсэн эсэхийг шалгаж, буруу бол доогуур нь тэмдэглэн харуулахын зэрэгцээ байж болох зөв хувилбарыг санал болгодог программ. “Болор дуран”-тай байснаараа хүнд олон давуу тал ирдэг.

Нэгд, хүн зөв бичсэн эсэхээ шалгах, алдаагаа засах зэрэгт зарцуулах цаг хугацааг маш их хэмнэдэг.

Хоёрт, манай хэл шинжлэлийн болон программ хөгжүүллийн алба холбогдох өөрчлөлт шинэчлэлт гарсан даруйд хамтран хянан магадлаад, боловсруулалт хийж программаа шинэчлээд шууд хэрэглэгчдэдээ хүргэдэг. Тэгэхлээр, зөв бичих дүрмийн аливаа өөрчлөлт шинэчлэлийг автоматаар хүлээн авна, дүрмийн талаар эргэлзэх шаардлагагүй.

Гуравт, хэчнээн дүрмээ сайн мэддэг байлаа ч компьютер дээр бичиж байгаа учраас, товч андуурч дарах, илүү дутуу дарах гэх мэт санамсаргүй алдаа яалт ч үгүй гардаг. Ийм үед хүн нүдээрээ хэчнээн нягталж уншивч тархи автоматаар зөвөөр сэтгээд алдааг олж чадахгүй өнгөрөх нь түгээмэл. Харин танд “Болор дуран” байгаа цагт ийм санамсаргүй алдаанд санаа зовох хэрэггүй.

Дөрөвт, санамсартай, санамсаргүй аль нь ч байсан буруу бичсэн бол эргээд тухайн хүний, байгууллагын боловсролыг бусад хүмүүст тэр хэмжээгээрээ үнэлэгдэхэд хүрдэг.

-2018 оны 6 сард “Монгол хэлний журамласан толь” гарсан. Энэ толь бичигт орсон өөрчлөлт “Болор дуран”-д орсон болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Бид тус толь бичгийг гарсан даруйд ажиллаж, зохистой өөрчлөлтийг программдаа оруулсан. Энэ шинэчилсэн “Болор дуран” 2.1 хувилбарыг энэ 9 сарын 15-аас түгээх болно.

-“Болор дуран” хамгийн сүүлийн үеийн дүрмийг тусгасан зөв бичих найдвартай туслах байх нь. Зөв бичихэд бас нэг асуудал их гардаг. Бичвэр зарим компьютер дээр арзайгаад танигдахгүй болчихдог. Ийм бичвэр дээр “Болор дуран” ажиллах уу?

-Сая би “Болор дуран”-ийн зөвхөн зөв бичихтэй холбоотой давуу талыг дурдсан юм. “Болор дуран”-ийн давуу тал зөвхөн зөв бичихэд анхаарснаар зогсохгүй. Таны хэлж байгаа бичвэр нь танигдахгүй арзайчихлаа гэдэг асуудлыг ганц товч дармагц арилгаад алдааг нь шалгана. Бас нэг давуу тал бол үгийнхээ утгыг тайлбар толиос утгыг харж болно. Түүнчлэн, энэхүү бэлэг болгон барьж байгаа “Болор дуран”-ийн албаны хувилбар дээр “Болор толь” орчуулгын толь бичгийг давхар хэрэглэх боломжтой байдаг.

-Таны ярианаас “Болор дуран” бол компьютер хэрэглэдэг хүн бүрд байвал зохих яг антивирус шиг программ гэдэг нь ойлгомжтой байна. Өөрөөр хэлбэл, бүх хүнд хамгийн хэрэгтэй байж болох бэлэг байхад яагаад багш нарыг онцолсон нь сонирхолтой санагдаж байна.

-Энэ талаар бид нэлээд ярилцсан юм. Та ч, би ч бүгд багшаас эрдэм өвлөж өнөөдрийн боловсрол мэдлэгт хүрсэн. Багш нар бол эрдэм мэдлэгийн түүчээ болж, хүүхдийн ирээдүйн эх суурийг тавьж өгдөг нэр хүндтэй мэргэжилтэй хүмүүс. Ийм учраас, хамгийн дэвшилтэт бүтээгдэхүүнээ бидэнд, аав ээж, эмээ өвөөд минь мэдлэг түгээсэн, үр хүүхдүүдэд маань эрдэм түгээж байгаа үе үеийн багш нарт бэлэглэж, талархсан сэтгэлээ илэрхийлэхээр шийдсэн юм.

-“Болорсофт 10 жил – Боловсролыг дэмжих аян” ерөнхий боловсролын сургуулийн бүх багш нар хамрагдах боломжтой их өргөн хүрээтэй аян болох юм байна. Хэдэн сургуулийн хэчнээн багшид “Болор дуран” хүрэх вэ?

-Монгол Улсын хэмжээнд улсын болон хувийн 800 гаруй сургуульд 30 000 гаруй багш ажиллаж байгаа. Бүгд “Болор дуран” авах эрхтэй. Ингэснээрээ, манай компанийн зүгээс боловсролын салбарт 2 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулж байгаа хэрэг юм. Учир нь, энэ аяны зардал зөвхөн бүтээгдэхүүний үнээр хязгаарлагдахгүй. Программын хэвийн үйл ажиллагааг хариуцах үүрэгтэй ажилтнуудыг мөн бүтэн жилээр тусгайлан авч ажиллуулах шаардлагатай болж байгаа.

-Энэ бэлгийг багш нарт хэрхэн түгээх вэ?

-Бид зохих байгууллагаас багш нарын мэдээллийг авч байгаа. Ерөнхий боловсролын сургуулийн захирлууд аянд хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн албан бичигтээ багш нарынхаа мэдээллийг хавсарган 2018 оны 9 сарын 14-ний дотор бидэнд илгээнэ. Манай зүгээс өөрт байгаа багш нарын мэдээлэл болон захирлуудаас ирсэн мэдээллийг тулгаад тухайн сургууль бүртгэгдсэнийг нээлттэй зарлана. (http://spell.bolorsoft.com/edu) Багш өөрөө манай вэб хуудсаар орж бүртгэлээ баталгаажуулаад программаа онлайнаар татаж авна. Аянд хэрхэн хамрагдах тухай дэлгэрэнгүй зааварчилгааг https://facebook.com/bolorsoft хуудаснаас үзээрэй.

-Багш нар маань энэхүү сайхан боломжоо бүрэн дүүрэн ашиглаж аянд идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна. Арван жилийн ойгоо ийм сайхан сэтгэлийн өргөлөөр тэмдэглэж байгаа та бүхний цаашдын ажил үйлст амжилт хүсье.

-Баярлалаа. Та бүхэнд мөн ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж