Хүмүүс “Олимпийн аварга болоорой” гэж ерөөж байна

Хуучирсан мэдээ: 2014.12.27-нд нийтлэгдсэн

Хүмүүс “Олимпийн аварга болоорой” гэж ерөөж байна

2014 оны чөлөөт бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ баг болон “Алдар” спорт хорооны тамирчин, Дэлхийн насанд хүрэгчдийн болон залуучуудын аварга, ОУХМ Сүхээгийн Цэрэнчимэдийг “Өөр мэдээ” онцолж байна. Узбекистаны нийслэл Ташкентад болсон чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд алтан медаль хүртсэн түүний амжилтыг төр засгаас үнэлж Монгол Улсын гавьяат тамирчин цол олгосон юм.

19-хөн настай гавьяат тамирчны ярилцлагыг хүргэе.

-Гавьяат тамирчин хэмээх эрхэм алдрыг хүртлээ. Шагнал авсан хүмүүс дотроос хамгийн залуу нь байсан?

-Баярлалаа. Үнэхээр сайхан өдөр байна. Өөрийнхөө дасгалжуулагч багштайгаа хамт Монгол Улсынхаа төрийн дээд шагнал гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин гэсэн цол авсандаа баяртай байна. Чөлөөт бөхийн спортоор хичээллээд найман жил болж байна.

Үндэсний шигшээ багийн Б.Батбаяр багш маань биднийг бэлтгэл сургуулилтаас гадна хувь хүн болгон төлөвшүүлэхэд маш их анхаардаг. Б.Батбаяр багшдаа баярлалаа. Мөн намайг Японд сургуульд сургаж байсан Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Асашёрюү аваргадаа талархаж явдаг.

Энэ хугацаанд надад бүх талаар тусалж дэмжиж байсан Монголын Чөлөөт бөхийн холбоо, Үндэсний шигшээ багийн удирдлагууд, МТS групп, “Алтай констрашн”-ы Бат-Эрдэнэ захирал болон бусад бүх хүмүүст баярлалаа. Та бүхний итгэл сэтгэл зүтгэлийн хүчээр энэ амжилтад хүрлээ. Цаашид улам хичээж илүү амжилт гаргах болно.

-Багштайгаа хамт шагнуулж зогсоход юу бодогдож байв?

-Багшийгаа гавьяат болж байгаад маш их баярлаж байна. Миний багшийн хийсэн хөдөлмөрийг нь үнэлсэнд баяртай байгаа. Багш маань өсвөр, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван ангилалд ганцаарчилж бэлтгэл хийлгэдэг. Багшийнхаа буянаар энэ спортоор шантралгүй хичээллэж, зүтгэж байна. Цаашид улам илүү амжилт гаргана. Чөлөөт бөхөөр хичээллэдэг, сонирхдог, дэмждэг Монголынхоо ард түмэнд шинэ оны мэнд хүргэе.

-Шагналтай зэрэгцээд хариуцлага ирж байгаа байх. Хүмүүс юу гэж захиж байна?

-“Олимпийн аварга болоорой” гэсэн сайхан ерөөлийг хэлж байна. Энэ ерөөлийн цаана маш том хариуцлага, итгэл хүлээлгэж байгаа юм. Хүний итгэлийг даана гэдэг маш том зүйл. Итгэлийг чинь алдахгүй хичээж явах болно гэдгээ хэлье.

-МЧБХ-ны ерөнхийлөгч Асашёорюү аварга чамайг Японд сургуульд сургасан. Тэнд ямар бэлтгэл хийж байсан бэ?

-Өнгөрсөн оны УАШТ-д Т.Мөнхтуяа эгчийг ялахад аварга надад энэ саналыг тавьсан юм. Д.Дагвадорж аварга алсыг бодож намайг тэр сургуульд явуулсан юм билээ. Тэнд очоод бэлтгэл сургуулилтаа өөрийнхөө хэмжээнд сайн хийсэн. Ховорхон тохиох боломж олдсон болохоор хичээхээс өөр сонголт байхгүй. Өглөө 5:30 цагт босч 06:00 цагт гүйлтдээ гарч ирээд хоолондоо орно. Дараа нь 08:45-аас 16:10 цаг хүртэл хичээлдээ сууна. 16:35 цагаас чөлөөт бөхийнхөө үндсэн бэлтгэлд орно. Энэ бүхэн яг цагтаа. Бусад хүүхэд зөвхөн бэлтгэлээ л хийнэ. Миний хувьд бэлтгэлийн зэрэгцээ хичээлд сууна гэдэг амаргүй байлаа. Надтай хамт АНУ, Орос, Фижигийн сурагчид байсан. Тэдэнтэй найзалдаг байлаа. Тэгээд ч япон багш нар хүүхдүүдэд юм сургах чин сэтгэлтэй ажилладаг юм билээ. Тэр багш нарынхаа ачаар би япон хэлний анхан шатны мэдлэгтэй болсон. Сургуулийнхаа ойролцоо барилддаг охидтой байр хөлсөлсөн. Тэр байрны болон сургуулийн төлбөрийг Японы чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч гаргаж байсан. Гэвч ар гэрийн шалтгаанаар зургаан сар болоод ирсэн.

-Насанд хүрэгчдийн ДАШТ-ий дүрэмд өөрчлөлт орсноос болж өнгөрсөн жилийн тэмцээнд орж чадаагүй. Тэр үед оролцуулж өгөөч гэж гуйж байсан гэж сонссон?

-Би Окиямагийн их сургуульд сурч байхдаа япон найзтайгаа хоёулхнаа бэлтгэл хийдэг байсан. Сургууль амарчихаар хүүхдүүд гэр рүүгээ явчихдаг. Суурь бэлтгэлтэйн зэрэгцээ өөрийгөө сайн дайчилж байсан болохоор миний бэлтгэл сайн хангагдсан байсан. Залуучуудын ДАШТ миний хувьд нэг их ач холбогдолтой биш. Хамгийн гол нь насанд хүрэгчдийн дэлхийн аварга болох зорилго байсан. Тиймээс Д.Дагвадорж аваргад “Миний бэлтгэл хангагдчихсан. Би ДАШТ-нд оролцмоор байна” гэхэд “ОУБТНХ-ны дүрэмд өөрчлөлт орж 19 ба түүнээс дээш насны тамирчдыг оруулна гэж заасан. Тиймээс ахын дүү энэ жилдээ өнжих болох нь” гэж хэлсэн. Би ажлынх нь өрөөнөөс нулимсаа арчаад л гарсан. Өрсөлдөгчдөө сайн судалсан болохоор тэднийг ялах итгэл надад маш их байсан.

-Итгэл мөрөөдлөө биелүүлж Дэлхийн аварга болчихоод хамгийн түрүүнд хэнийг бодсон бэ?

-“Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнэ ах манай багийг ахалж явсан. Намайг аваргын болзол хангаад дэвжээнээс бууж ирэхэд Х.Бат-Эрдэнэ ах утсаараа ээжтэй яриулсан. Дараа нь багш руугаа “Та мундаг шүү. Тандаа хайртай” гэж мессеж бичсэн. Миний хувьд олон улсын чанартай тэмцээнд оролцоод хүртсэн гурав дахь алтан медаль. Манай “Алдар” спорт хорооныхон ер нь тамирчидтай багаас нь сайн ажилладаг. Хамт бэлтгэл хийдэг ах эгч нараасаа суралцаж, алдаагаа зассаны үндсэнд энэ амжилтад хүрсэн.

Би багшийнхаа удирдлагад 2007 оноос хойш хичээллэж байна. Шигшээ багт орохоос өмнө тэмцээнд оролцох гэхэд хөрөнгө мөнгө их хэрэг болдог байлаа. Гэхдээ гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, ОУХМ Ц.Хосбаяр багш нарынхаа болон гэр бүл, бөхөд элэгтэй бусад хүний буянаар тэмцээн бараг алгасаагүй. Миний төрсөн ахыг С.Майдар гэдэг. 2005 онд “Аварга” дээд сургуулийн багш, дасгалжуулагчийн ангийг төгссөн. Бөхийн спортод дуртай болохоор намайг дээрх хоёр багшид хөтөлж аваачаад даатгачихсан юм. Аав маань аймгийн заан цолтой байлаа. Ахын маань санаа аавын бөхийн удмыг надаар залгуулах байсан юм.

Дасгалжуулагч багш Ц.Хосбаяр болон гэр бїлийнхнийхээ хамт. 2014.12.14

-Олимп болон ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдад сар бүр мөнгөн урамшуулал олгох болсон. Урамшууллаа авсан уу?

-Олимпийн жинд амжилт үзүүлсэн тамирчдад олгодог юм билээ. Харин миний барилддаг 60 кг олимпийн бус жин болохоор би урамшуулал авахгүй.

-Тамирчин бүхний мөрөөдөл Олимпийн аварга болох. Харин чи энэ жиндээ барилдаад байвал олимпийн наадамд оролцож чадахгүй нь. Тиймээс жин өгсөх эсвэл уруудаж хүч үзэх бодол байгаа юу?

-Олимпийн төрөлд багтдаг 58 эсвэл 63 кг-ын жинд барилдах хэрэгтэй болно. Энэ жингийн тамирчид байр сууриа олчихсон. Тиймээс аль нэгэнд нь орох хүндрэлтэй. Гэхдээ энэ талаар багш нартайгаа ярилцаж байгаад шийднэ байх.

-Он гараад хамгийн эхэнд ямар тэмцээнд барилдах вэ. Ирэх жил олимпийн эрх авах хариуцлагатай жил болно биз?

-Тиймээ. Бид олимпийн эрх авах ёстой. Бүх насны улсын аварга, Солонгост дөрвөн жилд нэг удаа болдог цэргийн олимп болно. Дэлхийн цомоос эхлээд олон тэмцээн хүлээж байгаа. Бид сар гаруйн өмнөөс “Олимп” сургуульд байрлаж бэлтгэлдээ гарсан. Харин ням гаригт гэр бүлийнхэнтэйгээ амардаг.

-Төр засагтаа үнэлүүлсэн гол амжилт чинь Дэлхийн аварга байсан болов уу. Ялалт байгуулсан өрсөлдөгчид, тоглолтуудынхаа тухай яриач?

-Би энэ жил залуучуудын ДАШТ-ээс бусад тэмцээнд оролцсон. Жингийнхээ бүх сайн тамирчинтай хүч үзсэн. Өнгөрсөн наймдугаар сард Польшт хамтарсан бэлтгэл хийж, олон улсын тэмцээнд оролцож түрүүлсэн. Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Болгарын Тайве Юсейнийг ялсандаа сэтгэл өег байгаа. Энэ тамирчны барилдааны бичлэгийг анх хараад “Эрэгтэй хүн шиг ямар гоё барилдаантай юм бэ” гэж, гайхаж, түүнээс суралцмаар санагдаж байлаа. Мэдрэмж, хурд гойд юм билээ. Түүнчлэн Японы тамирчид энэ спортоор багаасаа хичээллэдэг, ур чадварын хувьд ч өндөр байдаг болохоор чанга өрсөлдөгч гэж боддог. Оросын тамирчид ч “хатуу самар”. Тэд бяртай, мэхэнд амархан унадаггүй. Харин Монголын тамирчдаас гавьяат тамирчин Т.Мөнхтуяа эгчийг гол өрсөлдөгчөө гэж боддог. Насанд хүрэгчдийн ДАШТ бол миний хувьд өөрийгөө хэн бэ гэдгээ харуулах боломж байсан. Өнгөрсөн бүх цаг үеийн бэлтгэл, сэтгэл зүй ДАШТ-д л зориулагдаж байсан. Бэлтгэлээ сайн хангасан байсан болоод ч тэр үү дэлхийн дэвжээнд гарахдаа биеэ бариагүй.

Х.МОНГОЛХАТАН

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж