Английн алдарт хамтлаг “The Beatles”-ийн шүтэн бишрэгчид дэлхий даяар сая саяулаа бий. Гэхдээ Коля Васин нь бол өөр. Тэр бүх амьдралынхаа туршид энэ хамтлагт хайртай байсан. “The Beatles”-ийн хамгийн том шүтэн бишрэгчдийн нэг тэрбээр Санкт Петербургт байхдаа таалал төгсчээ. 50 жилийн турш үнэнч шүтэн бишрэгч байсан бөгөөд тэрбээр нас барах хүртлээ “The Beatles”-ийн Fab Four музейд ажиллаж өнгөрүүлсэн юм.
Зөвлөлтийн үед хаалттай, хориотой байсан сэдвүүдийн нэг бол барууны хөгжим, соёл байлаа. Гэхдээ Оросууд Коля Васинг энэ үеэс л “The Beatles”-ийн фен гэдгийг нь мэдсээр ирсэн. Тэрбээр 1960 оноос хойш тус хамтлагийг сонсож шүтэн биширч ирсэн ба тухайн үеийн бүх пянз, зурагт хуудас, дурсгалт зүйлсийг цуглуулсаар иржээ. Түүнд Жон Леннон, Ёко Оно нарын гарын үсэгтэй ‘’Live Peace in Toronto 1969’’ нэртэй амьд тоглолтын цомог хүртэл бий.
“The Beatles” хамтлагийн дуунууд түүнийг амьдралын 50 жилийн туршид гэрэлтүүлж, зүг чиг болж байсан гэж тэр нэг удаа хэлж байжээ. Анх удаагаа аав болох мэдрэмж сайхан байсан хэдий ч өсвөр насандаа энэ хамтлагийг сонсож өссөн миний хувьд “The Beatles”-ийн надад өгсөн тэр хайр, баяр баясалтай харьцуулшгүй байсан гэж хүртэл хэлж байсан удаатай.
Оросын соёл судлаач Артемий Троицкий Төмөр хөшгийн ард “The Beatles”-ийн дуунууд зөвлөлтийн олон сая залуусыг тэр чигт нь байлдан дагуулж, үзэл суртлын маш том нөлөөг үзүүлж байсан гэжээ. Васин энэ тухай ном хүртэл бичиж байсан аж. ‘’Rock on the Russian Bones’’ ном гаргаж зөвлөлтийн залууст энэ хамтлаг ямар их нөлөө үзүүлж байсан тухай өгүүлэх аж. Мэдээж хаалттай нийгэмд цомог, пянз, зурагт хуудас олж авна гэдэг хэцүү ч залуусын дунд энэ нь хар зах шиг л эрэлттэй байсан тул нууцаар солилцдог байсан гэж бидний аав ээжүүд одоо ярьдаг шүү дээ. 1970 онд Васин Жон Леннонд төрсөн өдрийн мэнд хүргэсэн захиа явуулж байсан ба хамтлагийнхан түүний захиаг тэр олон шүтэн бишрэгчдийн захиа дотроос сонгож уншсан явдал нь тухайн үед хамгийн гайхалтай мөчүүдийн нэг байсан гэжээ. Жон Леннон тусгайлан түүнд өөрийн гарын үсэгтэй цомгоо хүртэл бэлэглэж байсан удаатай.
Төмөр хөшиг гэдэг нь ЗСБНХУ-ын бий болгож, тус улс болон бусад социалист орныг Өрнөдийн капиталист орнуудаас олон арван жилээр тусгаарласан мэдээлэл, улс төр, хилийн хаалт хориг тавьж байсныг хэлнэ.
Тэрбээр Санкт Петербург хотод Жон Леннонд зориулж ‘’Хайрын шүтээн’’ хөшөө байгуулах санал тавьж байсан хэдий ч хотын захиргаа зөвшөөрөөгүй ч сүүлд тохиромжтой газрыг нь олсон гэжээ. Олон ч шүтэн бишрэгчид энэ санааг дэмжсэн аж.
Эх сурвалж: BBC
Т.Мядаг
Холбоотой мэдээ