МҮОНРТ-ийн дотоод асуудал хэрээс хэтэрч хэвлэлээр тарах болсон. Тэгвэл УИХ-ын дарга өнгөрсөн Пүрэв гарагт МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдэд тус телевизийн үйл ажиллагаа жил ирэх бүр доголдож буй тул сайжруулах үүргийг хатуухан сануулсан нь Үндэсний ТВ-ийн удирдлагуудын эгдүүцлийг төрүүлээд буй.
Харин өчигдрийн чуулганы нээлтийн үеэр Спикер Энхболд Үндэсний телевизийнхний шаардлагын хариуг хэлэхдээ, Үндэсний ТВ-ийн Наранбаатар тэргүүтэй удирдлагаас бол уучлал гуйхгүй харин энгийн ажилтнууд миний хэлснийг буруугаар ойлгосон бол та бүхнээс уучлал гуйя гэж хэмээн хэлсэн нь олныг алмайруулав. Энэ нь төрийн өндөр индэр дээрээс анх удаа энгийн ажилтнуудаас уучлалт гуйсан хэрэг болсон юм. Магадгүй Япон, Солонгос гээд улс төрийн өндөр соёлтой орнуудын улс төрчид томоохон бизнесменүүд иргэдээсээ уучлал хүсдэг практик манай улс төрчдөд байдаг гэдгийг батлан харуулах шиг боллоо. УИХ-ын гишүүд Спикерийнхээ энэ үйлдэлд тун сэтгэл хангалуун байсан төдийгүй уучлал гуйх нь ухаантай хүний үйлдэл гэхдээ “үнэхээр үнэн хэлсэн” үгийнхээ төлөө уучлал гуйх хэрэг байсан уу гэлцэж байв. Спикер үгийг нь буруу ташаа ойлгосон бол уучлал хүсье хэмээн тодотгосон нь бас учиртай.
М.БОЛОР