Сүү ХК нь 6 аймгийн газар нутаг, 30 орчим чиглэлийн нийт 2500 гаруй малчид бэлтгэн нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж, жилд 10 орчим тэрбум төгрөгийн, сүүлийн 5 жилийн хугацаанд 60 орчим тэрбум төгрөгийн сүүг худалдан авч, бэлтгэн нийлүүлэгчдийнхээ орлогын эх үүсвэрт хувь нэмрээ оруулжээ.
Мөн малчид бэлтгэн нийлүүлэгчдээ оюутны сургалтын төлбөр төлөх, фермерийн аж ахуйгаа өргөжүүлэх зэрэг зорилгоор банкнаас зээл авахад нь тодорхойлолт гаргаж өгөн, бэлтгэн нийлүүлэгчдийнхээ нийгмийн асуудлыг шийдэх, өвс, хивэг тэжээлийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх, сүүний зориулалтын бидон, нэмнээ зэргээр хангах, шаардлагатай сургалт зөвлөгөөн, явуулын худалдааг зохион байгуулах зэргээр фермерүүдээ дэмжих ажлууд тогтмол хийгдэж байна.
Намрын тариа хураалт, өвлийн бэлтгэл ажил ид өрнөж буй энэ цаг үед Монгол улсын ууган үйлдвэр Сүү ХК болон Петровис групп хамтран ажиллах гэрээг үзэглэж, бэлтгэн нийлүүлэгч 2,500 орчим фермерүүдэд дараа төлбөрт хөнгөлөлттэй үнээр, сүүний мөнгөөрөө эргэн төлөх нөхцөлтэйгөөр шатахуун худалдан авах боломжийг олгохоор боллоо. Гэрээ үзэглэх ажиллагаанд Сүү ХК-ийн Маркетинг, борлуулалт, сүү бэлтгэл хариуцсан захирал М.Болод болон Петростар ХХК-ийн Байгууллага хариуцсан ерөнхий менежер Э.Мөнхсүх, мөн бусад төлөөллүүд оролцон, хамтын ажиллагааг улам илүү өргөжүүлэх, бэлтгэн нийлүүлэгч фермерүүдээ дэмжих бусад боломжуудын талаар авч хэлэлцлээ.
Цаашид ч Сүү хувьцаат компани бэлтгэн нийлүүлэгчдээ чадавхижуулах, дэмжих чиглэлээр шат дараатай олон арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно.
Холбоотой мэдээ