Допингоос хүчтэй “хор”

Хуучирсан мэдээ: 2018.09.04-нд нийтлэгдсэн

ДОПИНГ

Допингоос хүчтэй “хор”

Допингоос хүчтэй “хор”

Монголын чөлөөт бөхийн үндэсний дасгалжуулагч Б.Баттулга хил даваад явчихлаа. Түүнийг дараагийн ажил нь хүлээж байв. Тэрбээр үндэсний шигшээ багийн эрэгтэй тамирчдаа аваад Якут, тэндээсээ Сочид хамтарсан бэлтгэл хийхээр одож. Сэтгэл хөндүүрлэх гуниг тээж яваа ч үүрч яваа үүрэг хариуцлага нь түүнээс том учраас тэр явлаа.

Азийн зуны наадамд оролцож, алтан медаль хүртээд байгаа гавьяат тамирчин П.Орхоноос сэргээш илэрсэн гэх мэдээлэл өнгөрсөн баасан гаригт тархаж тэмцээнд явсан, үлдсэн тамирчид, дасгалжуулагчид нулимс дуслуулсан. Тэр оройноос л “Яагаад” гэсэн асуулт хариу нэхэж, сэтгэл эмзэг байсан, яагаад ч юм бэ үлдэж хоцорсон ах, дүү гавьяат дасгалжуулагчийн гомдол харамсал хардлага төрүүлж, амнаас гарсан үг бүр дуулиан тарьж байв.

Шигшээгийнхэн дуугүй байхыг хүсч байв. Гэвч үнэн хэрэгтээ сэтгэлдээ хашхирч чарлаж байсан юм. Их спорт тэдэнд тэсвэр тэвчээрийг харамгүй хайрласан болохоор, бас холбогдох дүрэм журмуудад баригдаж албан ёсны мэдээллийг хүлээж байв. 2018 оны наймдугаар сарын 31-ний шөнө. VADA /Сайн дурын шинжилгээний холбоо/-ноос муу мэдээ ирэв. “А” болон “В” сорьцын шинжилгээний хариу ирж, Steroid, anabolic гэдэг допингийн хамгийн хүнд төрлийн хорт бодис илэрсэн байдаг. Бүх цаг үед тамирчин хүний биед орохыг хориглосон Steroid нь найрлагадаа олон хорт бодис агуулсан байдгийн нэг нь одоогоор зарлаад байгаа Stanozolol аж. Одоогоор албан ёсны мэдээлэл өгөхгүй байгаа нь буруу. Ялангуяа үйл явдлын “гол баатар” П.Орхон хэрэв “Надад баримт бий” гэж хэлсэн нь үнэн бол асуудлын зангилааг нэн даруй тайлах хэрэгтэй байна.

Тамирчин хүний хувьд үндсэн дасгалжуулагч нь чухал. Ах дүү гавьяат Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр нар яагаад Жакарта руу яваагүй юм бол. Тэдэнд явах боломжийг Үндэсний шигшээ баг, МЧБХ олгосон гэцгээж байна. Жакарта яваагүй, шигшээгийнхний хэлснээр “П.Орхон тэгэх хүүхэд биш. Өмнө нь багш нартайгаа явахад зүгээр байсан” гэх хар тээсэн хариу хэлж буй ч үүнийгээ албан ёсоор хэлээгүй. Одоо П.Орхоны үндсэн багш нар болон Жакартагийн тэмцээнд яваагүй тамирчид болон явсан багийнхан, ахлах дасгалжуулагч, МЧБХ-ныхны алинтай ч ярьсан “Нөгөө тал ярьсны дараа ярина” гэж байна. Энэ сэдэв бол тэмцлийн бай биш ээ. Тэдний хариу цохилт хийх хэвлэлийн бага хурал ч тамирчдын хийх ёстой мэх биш. Холбооны доторх тэмцлээ хардлага тээсэн энэ сэдвээс өөр газарт хийх хэрэгтэй. Дэвжээн дээр хэн нь цэвэр нэр хүндтэйгээр олон медаль авах вэ ч гэдэг юм уу , тэгж өрсөлдөх учиртай. Харин төрийн нэрийн өмнөөс ажлаа хийж яваа багийнхныг ийм аргаар буюу хардаж яллах аргагүй. Явсан тамирчдын хувьд соёлт хүн төрөлхтний ёсоор олон улсын дүрэмд зааснаар дүнгээ тавиулахаас өөр аргагүй. Мэдээж өөрсдийнхөө төлөө биш Монголын нэр хүндийн төлөө тэд чадах бүхнээ хийж, мэтгэлцэхдээ мэтгэлцэж, их л хөөцөлдсөн юм билээ. Тэглээ гээд МЧБХ-ны удирдлагаас, эсвэл Үндэсний шигшээ багийг удирдахаас татгалзах, ухарч харих эрх тэдэнд байхгүй. Гал атгасан ч хормойгоо шатаагаад ч атугай урагшлах ёстой. Тиймээс сэтгэлдээ бэтэг тээсэн хэвээрээ Якут руу одлоо.

Дуугүй байх тусам хэрхэн “хагарч” байгааг харж байна. Хагарал бол ялагдал. Хардлага сэрдлэг бол хор! Допингоос хүчтэй хор! Учир битүүлэг, хагарч бутрахуйц мэдээлэл өгөх биш ард түмэндээ үнэнээ хэлэх цаг боллоо, П.Орхон! Таны хэлэх үг бүр үнэ цэнэтэй. Олимпийн эрхийн үнэтэй. Алтан медаль үнэтэйгээс гадна Монголын Чөлөөт бөхийн холбооны, Үндэсний шигшээ багийн эв нэгдлийн үнэтэй юм шүү!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж