Байгуулагдаад 25 жил болсон "Новая газета" зах зээлд тэсч үлдэхийн тулд уншигчдаасаа хандив хүсч байгаагаа мэдэгдлээ. Тус сонины санхүүгийн байдал ихээхэн хүндрээд байгаа нь ийм шийдвэр гаргахад хүргэжээ. “Бид арилжааны байгууллага биш. Тиймээс өөрийн үйл ажиллагааг явуулахын тулд иргэдээс хандив гуйх эрхтэй. 25 жилийн турш энэ эрхээ эдэлж байгаагүй. Одоо үүнийг ашиглах цаг нь иржээ. Өнөөдрөөс эхлэн цахим хуудсандаа тусгай булан гаргах бөгөөд хүссэн хүн хэд ч хамаагүй мөнгөн дүнтэй хандив өгч болно. Та бүхний хандивыг мэдээ, нийтлэл бэлтгэхэд дутагдаж байгаа зүйлд зарцуулна. Тухайлбал, сэтгүүлчдийн цалин, томилолт, редакцийн байрны түрээст зарцуулна. Өнөөдрөөс "Новая газета" сонины мэдээ, нийтлэл бүгд таны хандиваар бүтээгдэх болно” хэмээн мэдэгдэлдээ дурджээ.
25 жилийн хугацаанд "Новая газета" сонин нэг биш удаа санхүүгийн хүндрэлд орж байсан ч цахим мэдээллээ төлбөртэй болгох нь зарим уншигчдын хувьд “сүйрэл” болох магадлалтай учраас тийм замыг сонгодоггүй байснаа бас тайлбарласан байна. "Новая газета" нь нийгэм, улс төрийн мэдээлэл зонхилдог сонин бөгөөд эрэн сурвалжлах бүтээлээрээ алдартай. Сонин долоо хоногт гурван удаа, Даваа, Лхагва, Баасан гаригт хэвлэгддэг. Сонины хэвлэгдэх хувь нь 172 мянга юм. Өнөөдрийн байдлаар хэвлэмэл сонины борлуулалт, зар сурталчилгаа, ивээн тэтгэгчийн хандив гэсэн гурван эх үүсвэрээс санхүүжиж ирсэн боловч сүүлийн жилүүдэд зар сурталчилгааны орлого бараг үгүй болжээ.
ЭХ СУРВАЛЖ:НОВОСТИ
Холбоотой мэдээ