Урсгал засвараа хийгээгүй, багшлах эрхийн зөвшөөрлөө аваагүй зэрэг шалтгаанаар энэ сарын 1-нд хичээлээ эхэлж чадахгүйд хүрсэн 18 сургууль, цэцэрлэг байгааг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар зарласан. Тэдний төлөөлөл болох 164 дүгээр цэцэрлэг, 47 дугаар сургуулийн засварын ажил ямар шатанд яваа, хүүхдүүд хэзээ хичээлдээ орох талаар бид сурвалжиллаа.
ЗАСВАРЫН АЖИЛ ХЭЗЭЭ ДУУСАХЫГ САНХҮҮЖИЛТ ГАРГАЖ БУЙ ГАЗРААС АСУУ
Биднийг очиход 164 дүгээр цэцэрлэгийн хашаанд хүүхдүүд тоглож байв. Харин цэцэрлэг дотор нам жим байлаа. Өрөөнүүдийн хаягаар хайж явсаар эрхлэгчийн өрөөнд оров. Тус цэцэрлэгийн эрхлэгч Б.Нэргүйгээс цэцэрлэгийн урсгал засвар хэзээ дуусч, хүүхдүүд цэцэрлэгтээ хэзээ ирж болохыг асуулаа. Тэрбээр “Манай цэцэрлэгийн урсгал засвар эхлээгүй байна. Санхүүжилт гээд 40 сая төгрөг ороод ирвэл өнөө маргаашгүй засварын ажлаа эхэлнэ. Тиймээс хэзээ урсгал засвар эхлэхийг санхүүжилт гаргаж байгаа газраас нь нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Захирагчийн ажлын албанаас асуу. Тэд илүү дэлгэрэнгүй зүйл хэлэх байх. Би үүнээс өөр зүйл хэлж чадахгүй” гэлээ.
ЗАСВАРЫГ ЭНЭ САРЫН 10-НД ДУУСГАНА
Харин 47 дугаар сургуулиар ортол будагны хурц үнэр, төмөр харшиж, мод хяхтнах чимээ угтав. Засварын ажил ид өрнөж байв. Угтагчаас урсгал засварын ажил хэзээ эхэлснийг лавлахад “Урсгал засвар наймдугаар сарын 20-ны үед эхэлсэн. Манай захирал дээр байгаа. Захирлаас тодорхой мэдээлэл авч болно” гэв. Ингээд 47 дугаар сургуулийн захирал Ч.Нармандахаас урсгал засварын ажил хэзээ дуусахыг тодрууллаа.
-Урсгал засварыг яагаад оройтож эхэлсэн юм бэ. Засварын ажил хэзээ дуусах вэ?
-Бид сургуульд ямар засвар хийх шаардлагатай байгаа талаарх хүсэлтээ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамд өгдөг юм. Яам тендерт ялсан гэсэн мэдэгдлийг манай сургуульд засвар хийж байгаа компанид наймдугаар сарын 10-нд өгсөн юм билээ. Ингээд засвар хийж буй компани бичиг баримтын зарим ажил, гэрээ байгуулах зэрэг асуудалтай явсаар манай сургуулийн урсгал засвар наймдугаар сарын 24-нд эхэлсэн. Засварыг энэ сарын 10-нд дуусгах төлөвлөгөөтэй байна. Одоогоор зургаа хоног ажиллаад байна.
-Есдүгээр сарын 10-нд хичээл орохоор өнгөрсөн тав хоногийн хичээлийг хэрхэн нөхөх вэ?
-Манай сургууль 1600 сурагчтай. Тав хоногийн хичээлийг боломжоороо нөхөх болно. Хичээл эхлэх өдрийг аль болох наашлуулахаар бид шахуу ажиллаж, засварын ажлыг 22.00 цаг хүртэл хийж байна
-Урсгал засварт хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?
-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын тушаалаар манай сургуульд дээвэр, сантехникийн засварт 102.3 сая төгрөг төсөвлөсөн байдаг. Сантехникийн ажлыг 76.5 сая төгрөг, дээврийг 25.8 сая төгрөгөөр завсарлана. Дээврийг 2-3 хоногт засварлахаар төлөвлөж байгаа.
Урсгал засвар хийж амжаагүй, засварын ажил дуусаагүй цэцэрлэг:
- Багануур дүүргийн 138-р цэцэрлэг
- Сүхбаатар дүүргийн 54 дүгээр цэцэрлэг
- Хан-Уул дүүргийн 121 цэцэрлэг
- Хан-Уул дүүргийн 44 дүгээр цэцэрлэг
- Баянгол дүүргийн 164 дүгээр цэцэрлэг
- Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэг
- Чингэлтэй дүүргийн 174 дүгээр цэцэрлэг
- Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэгүүд багтаж байна.
Урсгал засвар хийж амжаагүй, засварын ажил дуусаагүй сургууль:
- Баянгол дүүргийн 47 дугаар сургууль,
- Баянгол дүүргийн 47 сургууль
- Баянзүрх дүүргийн 126 дугаар сургууль
- Бянзүрх дүүргийн 53 дугаар сургууль
- Чингэлтэй дүүргийн 102, 19 сургуулиуд байна.
Жил бүрийн намар цэцэрлэг, сургууль хүрэлцээгүйгээс олон хүүхэд гэртээ үлддэг. Гэвч байгаа хэдэн сургууль, цэцэрлэгийн засвар, өргөтгөлийн ажлаа хавар сургууль, цэцэрлэг амрахтай зэрэгцэн эхлүүлж болдоггүй юм уу, Ц.Цогзолмаа сайд аа. Мэдээж тендерээ зарлаж, сонгон шалгаруулж, гүйцэтгэгчээ сонгосний дараа санхүүжилтээ олгох гээд төрийн ажил хууль, журмын дагуу явагдаж байгаа. Гэхдээ ядаж, сургууль цэцэрлэгийн асуудал дээр тендер нь оройтож зарлагдсан, санхүүжилт нь орж ирээгүй гэх шалтгаанаар цалгардуулж болно гэж үү. 18 сургууль, цэцэрлэгийн ард хичнээн хүүхэд, хэдэн аав ээжид асуудал үүсч байгаа бол. Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэдэг шиг байгаа хэдийнхээ засвар, шинэчлэлийг цагт нь эхлүүлж, цагт нь дуусгадаг баймаар. Үүнээс болж эцэг эхчүүд хүүхдээ харах хүн зохицуулах, хэдэн хүүхэд цоожтой хаалганы цаана эрсдэлд орж байгаа бол. Тендер оройтож зарласан яамны буруу юу эсвэл санхүүжилтийг оройтуулсан Хотын захиргаа, нийслэлийн боловсролын газрын буруу юу. Хонх нь дугархаар дамар нь таг гэгчээр арайхийж зарлагдсан тендерийнх нь хөрөнгө мөнгийг шийдээд өгсөн бол 18 сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд өнөөдөр догдлол дүүрэн хичээлдээ ирэх байлаа.
Засвар, шинэчлэл нь дуусаагүй эдгээр сургуулийн хичээл нь засварын ажил дуусч, сургалтын үйл ажиллагаа эхэлсэн тэр үеэс хичээл нь эхэлнэ гэдгийг нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл онцолсон юм. Өөрөөр хэлбэл, есдүгээр сарын 7-нд засварын ажил дуусч, 10-нд хичээл эхэлж, өнгөрсөн хоногийн хичээлийг амралтын өдрүүдэд нөхөж үзэхээр зохицуулах ажээ. Үүнтэй холбоотой тодорхой шийдвэрийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас удахгүй гаргах юм байна.
Холбоотой мэдээ